Бэлтгэлтэй байхыг сануулав

      АНУ-ын Төрийн нарийн бич гийн дарга Жон Керри өнгөрөгч мягмар гаригт Брюссельд эхэлсэн НАТО /Умард Атлантын гэрээний байгууллага/-ын уулзалт дээр НАТО-г Сирийн химийн зэвсэгт бэлтгэлтэй байхыг сануулав. Сирийн Засгийн газар химийн зэвсэгтэй болох нь тогтоогдсон. Барууны орнууд Сирийн эрх баригчдыг ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэхгүй байхыг хатуу анхааруулж, хэрэглэсэн тохиолдолд цэргийн хүч оруулна гэж мэдэгдсэн. Гэсэн ч олон улсад хуулиар хориглосон химийн зэвсэг Сирид хоёр ч удаа ашиглагдсан ул мөр олдсон. Хэдий тийм ч энэ зэвсгийг Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний аль нь хэрэглэсэн нь одоо болтол тодорхойгүй байна. Жон Керри Сирид химийн зэвсэг дахин ашиглагдаж болзошгүйг сануулж, НАТО-г бэлэн байхыг сануулсан. Магадгүй үүгээрээ Сирид тогтоох барууны хориг арга хэмжээ чангарч, энэ хэрээр тус улс хариугаа авна гэх заналхийлэл нэмэгдсэнтэй холбогдуулан дээрх анхааруулгыг өгсөн.

   Мэргэжилтнүүд “Башар аль-Ассад тэргүүтэй Сирийн эрх баригчдын сүүлчийн арга нь химийн зэвсэг. Эцсийн мөчид л энэ аргаа хэрэглэх байх” гэж дүгнэсэн. Тэгэхээр Сири эцсийн мөчид барууны эсрэг химийн зэвсэг ашиглаж болзошгүй гэсэн айдас байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Ж.Керри дээрх анхааруулгаар Сирийг барууны эсрэг химийн зэвсэг ашиглуулахгүй байхыг НАТО-гоос хүсчээ. Ж.Керри мөн “Бид илүү болгоомжтой, нэгдмэл байх ёстой. НАТО-д Сирийн заналхийллээс гишүүн орнуудаа хамгаалах үүрэг оногдож, бэлтгэлтэй байх шаардлага тулгарч байна. Үүгээр зогсохгүй болзошгүй аюулаас сэргийлэх төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байна” гэж НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын өмнө хэлсэн үгэндээ дурдав. Үүнээс өмнө Израилийн цэргийн тагнуулын ахлах шинжээч, бригадын генерал Итай Брун “Сирийн Засгийн газар босогчдын эсрэг химийн зэвсэг ашигласан. Тэдэнд хими, биологи гэх мэт үй олноор хөнөөх зэвсгийн нөөц багагүй бий” гэж мэдэгдэн арга хэмжээ авахыг уриалсан. НАТО Сирийн нутгаас Туркийн хэд хэдэн тосгонд их буугаар буудсаны дараа өөрийн гишүүн орон болох Туркт “Эх оронч” хэмээх пуужингийн хамгаалалтын систем байрлуулсан. Харин Сиритэй ойролцоо НАТО- гийн бусад гишүүн орны хувьд хилийн дагуух нутгууддаа пуужингийн хамгаалалтын систем суурилуулах шаардлага гарч байна.

      Барак Обама “АНУ Сирийн эсрэг цаашид ч хориг арга хэмжээ авсаар байх болно. Тиймээс Сириэс химийн зэвсгийн халдлага үйлдэж магадгүй тул бид Сирийг улаан шугамд оруулах хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан. Сирийн асуудлаарх НАТО- гийн энэхүү чухал уулзалтад ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров оролцжээ. Ж.Керри түүнтэй уулзаж, Сирийн асуудлаар хэлэлцэхээс өмнө ОХУ- ын Ерөнхийлөгч Владимир Путины Бостоны марафоны халдлагатай холбогдуулан АНУ-д эмгэнэл илэрхийлсэнд талархаж буйгаа илэрхийлжээ. Энэ халдлагыг Чечень гаралтай ах дүү хоёр үйлдсэн юм. Брюссель дэх НАТО- гийн уулзалт дээр Сириэс гадна Афганистан, Хойд Солонгосын асуудлыг хөндөж, цөмийн зэвсэг, цацраг идэвхт материал, түүнтэй холбоотой технологийн хууль бус наймаа болон цөмийн терроризмоос урьдчилан сэргийлэх талаар хэлэлцжээ. Үндсэндээ энэ уулзалт аюултай орноор нэрлэсэн Сири, Иран, Хойд Солонгост дээрх төрлийн зэвсэг, технологи шууд болон шууд бусаар худалдахгүй байхад нэгдмэл байр суурьтай болоход чиглэгдсэн байна.

Э.ТӨГС


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)