Дэндүү дасал болсон тамхинаасаа хэрхэн “хагацах” вэ?

tamhi

Өөрийгөө ялан дийлж тамхинаас гарах шийдвэр гаргасан танд юуны өмнө баяр хүргэе. Бид таны энэ хичээл зүтгэлийг урамшуулан дэмжиж АНУ-ын Хавдар судлалын үндэсний институтээс гаргасан тамхинаас гарах дараах зөвлөмжийг хүргэж байна.

- Нэг ширхэг янжуурыг дуустал нь биш, талд нь хүртэл татаж байхыг хичээх
- Өдөр бүр эхний тамхиа асаах хугацааг нэг цагаар хойшлуулах
- Өдрийн тэгш юм уу эсвэл зөвхөн сондгой цагуудад л татаж байхаар төлөвлөж үзэх
- Өдөрт хэдийг татахаа урьдчилан тогтоогоод, түүнээс илүү гаргаж татсан тамхи болгоны тоогоор тодорхой мөнгийг тусламжийн байгуулагад өгч байхаар тооцоолох. Тамхи татмаар санагдаж эхлэнгүүт таталгүй, хэдэн минут хойшлуулж байгаад энэ хооронд өөр зүйл хийх, хүнтэй ярилцах зэргээр мартахыг хичээх
- Дэлгүүрээс тамхи авахдаа нэг хайрцагаас илүүг авахгүй байх. Хайрцаг тамхиа дуусахаас өмнө тамхи авахыг тэвчих
- Үнэхээр шаардлагатай үедээ л татах
- Тамхиа биедээ авч явахдаа хэвшсэн нэг халаасандаа биш, тэр бүр гарт тааралдаад байхааргүй өөр халаасандаа хийх
- Тамхи татахын оронд аяга жимсний шүүс уух зэргээр өөр зүйлээр орлуулахыг бодох
- Хоол ундааныхаа дэглэмийг өөрчилж тамхи татахыг багасгахад тус нэмэртэй хүнсийг сонгож хэрэглэж байх. Жишээ нь сүү уусны дараа тамхи татах хүсэл буурдаг байна.

Тамхинаас гарах эхний өдрөө юу хийх вэ?

- Тамхи татахаа болихоор шийдсэн анхны өдрөөс дараах арга хэмжээг аваарай.
- Тамхи, чүдэнз, асаагуур, үнсний сав зэргийг далд хийх
- Шүдний эмчид очиж шүдээ цэвэрлүүлэн, тамхинаас тогтсон толбо, өнгөрийг арилгуулж үргэлж ийм байвал сайхан болохыг анзаарах
- Өөртөө юм уу өөр хүнд авах зүйлсийн жагсаалт хийгээд, эдгээр нь хэдэн хайрцаг тамхины үнэртэй тэнцэхийг тооцоолох
- Өдрийг аль болохоор завгүй өнгөрүүлэх. Жишээ нь, кино театрт очиж кино үзэх, дасгал, хөдөлгөөн хийх, эрүүл агаарт алхах, дугуйгаар явах гэх мэт.

Харин тамхинаас татгалзсан дараагийн өдрүүдэд…

- Тамхинаас гарсны дараах хэдэн өдөр тамхи татахыг үл зөвшөөрдөг номын сан, музей, театр дэлгүүр, сүм хийд зэрэг газраар орж ус юм уу жимсний шүүс уух
- Согтууруулах ундаа болон кофе зэрэг тамхи татмаар санагдуулдаг зүйлсээс зайлсхийх
- Тамхи асаахаар завдахын оронд хэн нэгэнтэй яриа үүсгэж хөөрөлдөх зэргээр тамхи татах зуршлаа мартахыг хичээх
- Гартаа үргэлж тамхи барьж байдаг хэвшлээ үгүйлээд байвал үзэг бичгийн хавчаар, өнгөлсөн чулуу зэргийг гартаа барьж сатаархыг бодох
- Мөн амандаа тамхи зуудаг хэвшлээ үгүйлээд байвал шүдний чигчлүүр юм уу дуураймал тамхиар орлуулж болно.

Тамхинд дахин орохоос сэргийлэхийн тулд анхаарах зүйлс

- Хоолны дараа тамхи татмаар санагдвал шүдээ сойздон угаах юм уу салхинд гарч алхах
- Гэр орондоо болон ажил дээрээ тамхи татдаггүй орчин бүрдүүлэх
- Тамхины зар сурталчилгаанд шүүмжлэлтэй хандаж байх
- Тамхи татмаар санагдсан үед лууван, наран цэцэгийн үр, алим, үзэм идэж, бохь зэргийг зажлах
- Халуун ус, шүршүүрт орох
- Амар амгалангийн дүр болон хоосон чанарт сэтгэлээ төвлөрүүлэн өөрийгөө тайвшруулж, дур хүслээ барьж сурах
- Тамхины оронд лаа, хүж асаах зэргийг оролдоод үзэхэд гэмгүй юм.

Түүнчлэн танд АДРА олон улсын байгууллагаас гаргасан тамхиа хаях зургаан “З”-гийн зарчмыг танилцуулахад илүүдэхгүй биз ээ.

1.Зарлах. Би тамхиа хаяхаар шийдсэн гэж өөртөө болох бусаддаа зарлан хэлээрэй.
2.Зайлсхийх. Тамхитай холбоотой бүх зүйлсийг өөрөөсөө холдуулаарай. Тамхи татах хүсэл 3-5-хан минут л үргэлжилдэг болохоор энэ хугацааг л та анхаарлаа өөр зүйлд хандуулвал тамхи татах хүсэл тань үгүй болно.
3.Зөв амьсгалах. Хамраараа гүн амьсгаа авч зугуухан гаргахдаа тоол, 2-3 удаа давтан хийгээрэй.
4.Зөвхөн шингэн зүйл уух. Татмаар санагдсан үедээ 1-2 аяга усыг аажмаар шимж уугааарай.
5.Завгүй байх. Хэн нэгэнтэй ярих, тайвширах, бохь зажлах, ааруул идэх гэх мэт өөр дуртай зүйлээ хийгээрэй.
6.Залбирах сүсэглэх. Дотоод сэтгэлээсээ тусламж гуйж өөрөө өөртэйгээ ярих аргыг хэрэглээд үзээрэй.

Энэ бүгдийг та туршин үр дүнг мэдэрснээр тамхиа хаяж чадна.

Тамхиа хаяснаар таны бие…

- Тамхи татахгүй 20 минут болсны дараа даралт болоод зүрхний цохилт багасч хэвийн байдалд орох бөгөөд цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ.
- 24 цагийн дараа зүрхний шигдээс өвчний аюул буурна.
- 48 цагийн дараа амтлах, үнэртэх мэдрэмж тань сайжирна.
- 72 цагийн дараа мөгөөрсөн хоолой уужирч амьсгалахад амар болно. Мөн уушгины багтаамж их болно.
- 14 хоногоос 3 сарын дараа цусны эргэлтийн систем сайжирч, уушгины багтаамж мөн нэмэгдэнэ.
- 1-9 сарын дараа ханиалгах, хамар битүүрэх, ядрах, амьсгал давхцах зэрэг багасч, биеийн ерөнхий эрч, хүч дээшилнэ.
- 5 жилийн дараа уушгины хавдраар нас барах түвшинг бууруулж чадах бөгөөд бусад төрлийн хавдар тусахаас бүрэн сэргийлж чадна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)