Говийн их ноён хутагт сэнтийдээ заларлаа

2013 оны 4 сарын 29
Говийн ноён хутагтын ес дэх дүр Дорноговь аймгаас тодорсныг сэнтийд нь залах ёслол өчигдөр  Хамарын хийдэд боллоо.
Говийн есдүгээр ноён хутагт нь, тавдугаар Ноён хутагт Данзанравжаагийн төрсөн нутаг, Хөвсгөл сумаас  тодорсон Отгоннамжилын Угтахбаяр гэдэг, 26 настай юм байна.  Түүний  номын нэрийг Данзанлувсантүдэв гэнэ. Ноён хутагт Данзанлувсантүдэв ламтан Улаанбаатарт Шашны дээд сургууль дүүргээд, Хамарын хийдэд шавилж, улмаар Энэтхэг улсад номын дуу сонсож, бурхан шашны номд нэвтэрсэн нэгэн бөгөөд 400 гаруй хүнээс буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээн XIY Далай лам Данзанжамц шигшин тодруулжээ.Өчигдөр өглөө говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Хамарын хийдэд цугларсан сүсэгтэн олон нийтээрээ Ногоон дарь эх ном хурсны дараа есдүгээр хутагтыг сэнтийд нь залжээ. Үүний дараа Ноён хутагтын бат оршлын мандал өргөж лам хуврагууд хадаг өргөн, өглөгийн эзэд хутагтад мандал өргөсөн байна. 13,00 цагт Ноён хутагт сүсэгтэн олонд сунтгийн адис хүртээн, рашааны үрэл түгээсэн байна.
Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаа дорнын их соён гэгээрүүлэгч байсны тул цугларсан олон, түмнээ зориулан, ноён хутагтын есдүгээр дүр тодорсныг бэлгэшээн эгшиг дуун өргөлд өргөсөн байна.  Хамгийн сүүлд Адистдын дээдийг хайрлах Жинлавцогзолма номыг хурсан олон, сүсэгтэн нийтээрээ ноён хутагттай хамт уншиж айлдсанаар ёслол өндөрлөжээ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...