Д.Тунгалаг: Боловсролын шинэчлэлтийг улстөрийн шийдвэрээр хийдэг тул үр дүнд хүрдэггүй

2013 оны 5 сарын 9
Монголын боловсролын тогтолцоонд гарч буй гажуудал, түүнийг яаж залруулж болох хийгээд ололт амжилтын талаар “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалагтай ярилцлаа.
-Танай эвслийн байгуулагдах болсон шалтгаан юу вэ. Манай улс угаасаа л боловсролыг бүх нийтээрээ эзэмшинэ гэсэн хуультай шүү дээ?
-Яагаад “Бүх нийт боловсролын төлөө” гэж нэрлэсэн бэ гэвэл, 2000 онд дэлхийн 200 гаруй орны Засгийн газрийн тэргүүн 2015 он гэхэд сургуулийн насны дэлхийн бүх хүүхдэд суурь боловсролыг олгох зорилтыг тавьж, гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл энэ зорилтыг биелүүлэхэд олон бэрхшээл гарч байна. Анх энэ зорилтыг тавихад дэлхий даяар 130 сая гаруй хүүхэд боловсрол эзэмшээгүй байсан бол одоо 70 сая болтлоо буурсан байна. Энэ зорилтыг ямар нөхцөлд хугацаанд нь 100 хувь биелүүлж болохыг судалсан. Үүнийг биелүүлэхийн тулд тухайн нийгэм, улс оронд ажиллаж байгаа бүх хүн боловсролынхоо төлөө сэтгэл зүрхээрээ ажиллаж чадвал энэ зорилт биелэх боломжтой юм. Тиймээс энэ зорилтыг биелүүлэхэд иргэний нийгмийн оролцоог хангахын тулд манай эвсэл байгуулагдсан. Манайд 1990 оноос хойш шинэ Засгийн газар гарч ирэх болгондоо боловсролын салбарт шинэчлэлт хийхийг оролдсон ч бодитой үр дүнд хүрч чадаагүй. Яагаад гэвэл шинэчлэлүүд нь дээрээсээ доошоо чиглэсэн байсан. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын оролцогч тал буюу багш, сурагч, оюутныг татан оролцуулдаггүй, дандаа улстөрийн шийдвэрээр шинэчлэлт хийж байсан нь амжилт олоогүй хэрэг. Тэгэхээр олон хүний дуу хоолойг шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст сонсгохын тулд тодорхой талбарыг бид бий болгож өгсөн юм. Сурч боловсрох эрх нь зөрчигдсөн иргэд энэ эвслийг байгуулахаар зориг шулуудсан. Бид байгуулагдаад хоёр гаруй жил болж байна. Хүүхдүүддээ сурах эрхийг нь бүрэн эдлүүлэхийн тулд бид боловсролын бодлогод нөлөөлнө. Бид хэн нэг мундаг судлаач, эрдэмтнийг уриагүй, өөрсдийн нүдээр бүхнийг үнэлж дүгнэсэн. Жишээ нь, охид, хөвгүүд, бэлгийн цөөнх өөсрсдийн нүдээр боловсролын салбарт болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг гаргаад ирсэн. Үүндээ үндэслээд бодлогын баримт бичгийг боловсруулсан. Тэгээд иргэний нийгэм боловсролын салбарыг ямар байхыг хүсч буйгаа гаргасан. Эдгээр судалгаа, баримт бичгийнхээ заримыг бид энгийн хүмүүст ойлгомжтой үзүүлэн болгож гаргасан. Хүн өөрөө өөрийнхөө төлөө дуугарах, эрхээ эдлэхийн төлөө тэмцдэг байх ёстой.
-Дэлхийд 70 сая хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй байна гэлээ. Монголд хичнээн хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй байгаа бол?
-Манай улсад 7-14 насны сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа хэдэн хүүхэд байгаа гэх тоо зөрүүтэй байгааг бид илрүүлсэн. Яагаад гэвэл боловсролын яам, төрийн бус байгууллага, статистикийн хороо өөр, өөр тоо хэлдэг. Бид энэ асуудалд боловсролын яамны анхаарлыг хандуулахын тулд удаа дараа хандсан. Нийгмийн тэгш бус байдлаас болоод хүүхэд хохирох ёсгүй. Хүүхэд эрхээ эдлэх нь зөв. Боловсрол эзэмшиж чадахгүй хүүхэд эргээд мөнхийн ядууралд үлдэнэ гэж бид үзэж байгаа юм. Бичиг үсэг мэдэхгүй, суурь боловсрол эзэмшээгүй хүнд өнөөдөр ядуурал үүрд үлдэж байна. Тухайн аймагт боловсрол эзэмшээгүй хүүхэд байвал Засаг даргыг торгож, нийгмийн ажилтанг буруутгадаг. Ийм тогтолцоо байгаа болохоор өнөөдөр тэр Засаг дарга, нийгмийн ажилтан тэдгээр хүүхдүүдийн тоог бодитоор гаргах сонирхол байдаггүй. Тэгээд сурч байгаа, түр завсарласан зэрэг худал мэдээ гаргадаг. Харин иргэний нийгэм, олон улсын байгууллагууд хороодоор нь явж, айл бүрээр орж судалгаа хийхэд илүү бодит тоо гардаг. Тиймээс тогтолцооны хувьд өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Хэн нэгнийг шийтгэхээс илүү яаж хүүхдүүдийг сургах вэ гэдэгт анхаарсан бодлогыг явуулах нь чухал гэдгийг төр засагт хэд, хэдэн удаа хүргүүлсэн.
-Сургууль хүрэлцээгүйгээс хүүхдүүд суралцаж чадахгүй байгаа нь бодит шалтгаан мөн үү?
-Сургуульд суралцаж байгаа хүүхдүүдээ хуульд заасан анги дүүргэлтээр нь бодоод үзвэл зайлшгүй сургууль нэмж барих хэрэгтэй. Хотын захын сургуульд 40-50 заримдаа бүр 60 хүүхэд суралцдаг анги байна. Манай Засгийн газар олон улсын өмнө боловсролын салбарыг хөгжүүлэх үүрэг хүлээсэн. Хамгийн түрүүнд анги дүүргэлтийг хуульд заасан хэмжээнд хүргэх, сургуулиудыг нэг ээлжтэй болгох нь зүйтэй. Боловсролын яам хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилт тавьж байгаа бол сургуулиуд нэг ээлжтэй байх ёстой. 2-3 ээлжтэй сургуулиуд хэзээ нь дугуйлан секцээ явуулж сурагчдаа хөгжүүлж чадах билээ.
-Боловсролын салбарын ололт амжилт, алдаа дутагдал юу байна вэ?
-Монголын боловсролын тогтолцоонд байдаг хамгийн том дутагдал бол хариуцлага. Хэн дуртай нь ирээд бужигнуулаад өнгөрдөг. Ард нь багш, эцэг, эх, Монголын нийгэм хохироод үлддэг. Энэ том салбарт бодлого, судалгаа хамгийн чухал. Сурагчаа судал, орчноо судал дараа нь бодлогоо боловсруул. Бодлогоо боловсруулчихаад оролцогч талуудтай хэлэлцэх хэрэгтэй. Багштайгаа зөвлөлдөх ёстой. Боловсролын бодлого амжилтгүй болдгийн нэг шалтгаан бол тухайн бодлогыг хэрэгжүүлэгч багш тэр бодлогыг ойлгоогүй явдал юм. Боловсролын бодлого яамны өрөөнд биш багшийн анги, танхимд хэрэгждэг. Бодлого гаргах бол 10 хувийн ажил. Цаана үлдсэн 90 хувь нь хэрэгжилтийнхээ шатанд унадаг. Тиймээс хэрэгжилтийн шатанд хяналт мониторинг тогтмол тавиасай гэж хүсч байгаа юм. Давуу тал бас бий. Дэлхийн зарим оронтой харьцуулахад өнгөрсөн 60,70 жилийн хугацаанд хүн амын 98 хувь нь бичиг үсэгт тайлагдсан гэдэг бол асар том дэвшил. Мөн монголчуудын оюун санаан дахь боловсролтой байх ёстой, миний хүүхэд надаас илүү боловсролтой байх ёстой гэсэн үзэл хандлага юм. Та нар бодоод үз дээ хүүхдээ боловсрол эзэмшихийг хориглодог эцэг, эх байвал ямар аймшигтай байх бол. Би Солонгосын телевизээр манай хогийн цэг дээр амьдардаг хүмүүсийн тухай баримтат кино үзсэн. Гэтэл тэнд ээж нь “Би энэ хоёр хүүхдийнхээ амьдралыг баллачихлаа. Энэ хоёр хүүхдийг сургуульд сургаж чадсангүй” хэмээн уйлж байсан. Ийм л үзэл хандлага монгол хүн бүрийн тархинд байгаа нь том ололт шүү.
-Боловсролын салбарт авлига, хээл хахууль их байна гэдэг нь хэр ортой вэ?
-Хүн болгон тэгш сайхан төрдөггүй. Баян, ядуу, үндэсниий цөөнх гээд төрөлхөөсөө тэгш бус байдаг. Гагцхүү биднийг тэгш гараанд авчирдаг зүйл бол боловсрол. Үүнд мөнгөтэй нь чаддаг, мөнгөгүй нь үлддэг гэх зарчим битгий орж ирээсэй гэж би хүсдэг. Хээл хахууль, авлига боловсролын засаглалын асуудал. Уг нь бид хуулиараа сургуулийн дэргэд зөвлөлийг байгуулж, үүнийг засахыг оролдсон улс орон. Тэр зөвлөл сургуулийг үүсгэн байгуулагч, эцэг, эх, оюутны төлөөллөөс бүрдэнэ. Тэдгээр хүмүүс нь тэр эрх мэдэлтэй хүний үйл ажиллагааг хянаж байх ёстой. Гэтэл энэ тогтолцоо бидний хүссэнээр хяналтаа тавьж чадахгүй байна. Учир нь олон зүйл нөлөөлж байгаа. Сургуулийн зөвлөлийг хүчтэй, эрх мэдэлтэй байхыг төр өөрөө хүсээгүй учир их, дээд сургуулийн удирдах зөвлөлийн захирлын ажлыг тайланг сонсох, томилох ажлаас нь халах эрхийг хуулиас хассан байх жишээтэй. Авлига, хээл хахууль зэргийг боловсролын салбараас арилгахын тулд боловсролын засаглалыг сайжруулах хэрэгтэй.
-Иргэд мэдээлэлгүйгээс хохирч үлддэг. Төрийн сангийн буцалтгүй тусламжаар суралцуулна гэчихээд төгсөнгүүт зээлээр суралцсан гээд дипломыг нь олгоогүй гэх оюутантай ч таарч байсан. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Боловсролын салбарт надад, таньд хэрэгтэй ямар хууль, бодлого, шийдвэр гарч байгааг мэддэг, хянадаг байх нь чухал. Өөрсдийн эрхээ мэддэггүйгээс цөөнгүй иргэд хохирдог. Хамгийн эмзэглэмээр асуудал бол ядуу буурай өрхөд тусалж байгаа тусламж нь эргээд ялгаварлан гадуурхалт болж хувирах вий гэж айдаг. Жишээ нь, нэн ядуу айлын хүүхдийг ном сурах бичгээр үнэгүй хангадаг төрийн бодлоготой. Бид энэ үйл ажиллагааг хороо, гэр бүлээр нь дамжуулж анги танхимд мэдэгдэлгүйгээр олгохыг хүсдэг. Жишээ нь, манай байгууллагад ирсэн удаа дараагийн гомдлоор багш нь ангидаа орж ирээд ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүд босоорой, хичээлийн хэрэглэлээ авахаар намайг дагаад яв гэдэг гэнэ. Тэгэхээр нөгөө хүүхэд чинь ангийн нөхдөдөө ядуу гэдгээ мэдүүлэхийг хүсэхгүй байгаа шүү дээ. Магадгүй үүнээс болоод тухайн хүүхэд сургуульд явах сонирхолгүй болж ч болно. Бас төрийн сангийн зээл тусламжийг хавтгайруулчихсан. Яг очих ёстой хүндээ очиж чаддагүй. Тиймээс тэр зээл тусламжийг авах ёстой хүнд л өгөх хэрэгтэй.
-Багшийн мэргэжлээр залуусыг тусгайлан сонгон сургах нь зөв гэж санагддаг?
-Энэ жил дэлхий даяар “Хүүхэд бүрт багш” кампанит ажил өрнөж байна. Багш чанартай бол боловсролын салбар чанартай байх үүд хаалга нээгдэнэ. Багшийн чанар гэхээр багшийг сонгохоос эхэлдэг. Гэтэл Монголд багшийн мэргэжлээр элсэлтийн шалгалтдаа хамгийн бага оноо авсан хүүхдүүд элсдэг болчихсон учраас бэлтгэгдэн гарч байгаа багшийн чанар муу байна. Ахмад, туршлагатай багш шинэ багшийг дадлагажуулах ёстой. Гадаад улс оронд бол багш болох гэж буй хүүхэдтэй олон жил багшийн ажил эрхэлсэн ахмад багш нар ярилцаж шалгаруулж авдаг юм байна. Олон жил багшилсан хүн сайн багшийг таньдаг байх нь аргагүй. Мөн цөөнгүй оронд багш бэлтгэх сургууль 100 хувь төлбөргүй байдаг. Энэ нь сайн оюутанг татах, нөгөөтэйгүүр тухайн оюутан зөвхөн хичээлдээ анхаарах боломжийг олгож байна шүү дээ. Багшийн сурсан зүйл бүхэн сурагчид эрдэм болж үлддэг юм гэдгийг бид санах ёстой. Бүр цаашлаад гоё зүйл яривал тухайн оюутанг суралцах хугацаанд гадаад уруу явуулж нүдийг нь нээдэг. Тэгэхээр багш хүний мэлмийг нээнэ гэдэг бол сурагчийн мэлмийг мөн нээж байна гэсэн үг.
-Багшийн чадварыг үнэлэх асуудал их учир дутагдалтай байх шиг?
-Багшийн ажлыг үнэлж дүгнэнэ гэдэг бол боловсролын салбарыг хөгжүүлэх гол түлхүүр юм. Хотын төвийн сургуулийн багшийн ажлыг, хотын захын сургуулийн багшийн ажилтай нэг хэмжээнд үнэлж, дүгнэх нь шударга бус. Мөн багш өөрөө хүсвэл албан тушаал ахих шалгалт өгч сургуулийнхаа заах арга зүйн нэгдлийн дарга болдог, сургуулийн менежер болдог, нийслэл, дүүргийн боловсролын газрын мэргэжилтэн болдог. Ийм тогтолцоо манайд хэрэгтэй байгаа юм. Боловсролын салбарт ажиллаж үзээгүй, багшийн ажлыг мэдэхгүй хэн нэгэн нь яамны сайдаар томилогдоод өөрийн дураар ажилладаг явдлыг таслан зогсоох ёстой юм. Сайн, мэргэшсэн багш гэж хэнийг хэлэх вэ гэдгийг Боловсролын яам, иргэний зөвлөлийн нэгдсэн тодорхойлолт гараагүйн улмаас багшийн ажлыг зөв үнэлж чадахгүй байна. Мөн багшийн ажлыг үнэлэхэд шавь нарынх нь сурлагын дүнг голчлон үздэг нь буруу тогтолцоо. Орон нутаг болон хотын сургуульд суралцагчдын авьяас, чадвар өөр, өөр. Үүнтэй адил хотын төвийн сургууль болон хотын захын сургуульд суралцагчдын сурлагын амжилт өөр гэдгийг багшийн ажлыг үнэлдэг боловсролын яам ойлгох хэрэгтэй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...