С.Чинзориг: “Би одоо Өвөрхангайд очихгүй ээ, эндээ сууж байгаад дараагийн сонгуулиар квотонд орчихно” гэж Г.Батхүү хэлсэн

Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааны золиос болон үлдсэн С.Чинзоригийн сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагыг нийтэлж байна.

-Та “Ярилцъя” булангийн маань зочноор анх удаа уригдаж байна. Яагаад ч юм бидэнд уулзаж ярилцах боломж гарсангүй. Өнөөдрийн хувьд таныг Монголд танихгүй, мэдэхгүй хүн ч байхгүй болох шиг боллоо. Өвөрхангай аймгийн сонгуулийн маргаан жил шахам хугацааны турш үргэлжилсээр АН-ын гишүүн Д.Зоригт тангаргаа өргөснөөр нэг талаар эцэслэн шийдэгдлээ.
-Тэглээ.

-Ажиглагчдын дийлэнх Д.Сумъяабазартай хамт таныг тангараг өргөнө гэж харж байлаа. Гэсэн ч АН-ын нэр дэвшигчийг тан- га раг өргүүллээ. Шүүх Та бүхнийг насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдгийг яг баримтаар тогтоосон юм уу. Яг энэ гогцоо маргаан миний ойлгосноор бүрхэг үлдэх шиг?
-УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймгийн иргэд яг өөрсдийн итгэл үнэмшлээрээ, сэтгэлээрээ саналаа өгсөн гэж би хувьдаа ойлгодог. Учир нь Өвөрхангайнхан намайг мэднэ. 1986 оноос эхлээд л ажил амьдралаа энэ нутаг оронтой холбосон учраас ний нуугүй хэлэхэд надад сонгуулийн нүсэр сурталчилгаа явуулах, зардал гаргах, нэн ялангуяа хууль зөрчсөн үйлдэл хийх шаардлага байгаагүй. 2008 оны УИХ-ын сонгуульд би бас оролцсон. Яг 2012 оных шигээ л 48 хувийн санал авсан. Гэхдээ өрсөлдөгчөөсөө 64 хүнээр дутуу байна гэсэн дүн гарсан. Нэгэнт дүн ингэж гарсан юм чинь сонгогчдынхоо саналыг хүндэтгээд чимээгүй л өнгөрсөн. Тийм ч учраас 2012 оны сонгуульд өрсөлдөхдөө би ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан. Өвөрхангайчууд ч С.Чинзоригийгоо сонгоно гэсэн хүлээлттэй байсан. Сүүлийн 20-иод жилийн амьдрал замналаас минь ард олныхоо итгэлийг хүлээх хүн байна гэдгийг минь мэддэг болчихсон, ийм л холбоотой улс юм. Хоёр талын ийм итгэлцэл тогтчихсон байсан учраас Өвөрхангайнхан чин сэтгэлээрээ л саналаа өгсөн. Нөгөө талаас Өвөрхангайнхан сонголтоо хийхдээ энэ төрийг чинь бас тунгалагшуулах, янз бүрийн аргаар гарчихсан энэ олигархиуд гээд байгаа хөрөнгөжсөн улсуудыг парламентаас зайлуулах шаардлагатай юм байна гэсэн ухамсраар сонголтоо хийсэн. Тэдний сонголтын нэг том суурь өгөгдөхүүн энэ байсан. Түүнээс биш мөнгөөр, эд баялгаар, тараах юмаар өрсөлдөх юм бол АН-ын энэ хоёр хүнтэй би байтугай Монголд өрсөлдөөд ялах хүн байхгүй шүү дээ. Тийм учраас Өвөрхангайн ард түмний сонголт чин сэтгэлийнх байсан. Харамсалтай нь хууль зөрчсөн гэх асуудал гаргаж ирсэн. Би энэ асуудлыг нь огт мэдээгүй. Сонгуулийн сурталчилгааны хугацаа маш бо- гино байсан. Өдөрт нэг сум, зарим тохиолдолд хоё роос гурван сумын иргэдтэй уулзаж явсан учраас сонгуулийн 22 хоногийн хугацаад 19 сумыг чадан ядан багтааж дуусгаж байгаа байхгүй юу. Ингээд л долдугаар сарын 1 болсон. Дүн гарсан. Тойргийн хороо Н.Төмөрхүү бид хоёрыг олонхийн санал авсан байна, тийм учраас “УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож түр үнэм лэхийг нь олгосугай” гэсэн тогтоол гаргасан.

-Би нэг юмыг тодорхой асууя. Хууль зөрчиж сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх хүүхэд хаанаас гараад ирсэн юм бэ?
-Хүүхэд хаанаас гараад ирсэн юм бэ гэдгийг би өөрөө ч одоо болтол тодорхой сайн мэдэхгүй байгаа юм шүү дээ. Насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан байна. Тойргийн хороо тэрийг нь нотолсон байна. Шүүх баталсан байна гэдэг асуудал л босгоод ирсэн. 

-Тэр хоёр хүүхдийн нүүр царайг Та харсан уу?
-Нүүр царайг нь ч хараагүй. Энэ асуудал шүүх дээр очоод Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр, дараа нь Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр гарсны дараа бүр есдүгээр сард анх удаа тэр хоёр охины царайг харсан. Сонгуулийн хуульд насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулахыг хориглоно гэсэн заалт бол байгаа. Гэхдээ энэ хоёр хүүхдийг МАН, С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын хэн нь сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан юм бэ гэдгийг хэн ч тогтоогоогүй. Оролцуулсан бол ямар хэлбэрээр оролцуулсан юм бэ. Гэрээ ч байхгүй, мөнгө төгрөг өгсөн юм байхгүй. Аймгийн тойргийн хорооноос шүүхэд гаргаж өгсөн бичигт “Энэ хоёр хүүхэд насанд хүрээгүй нь үнэн байна. Гэхдээ МАН-аас ухуулагч болон шадар туслахаар ажиллахаар тойргийн хороонд бүртгүүлж үнэмлэх авсан хүмүүсийн дотор нэр нь байхгүй байна” гэсэн байдаг юм билээ. Тэгсэн мөртлөө тойргийн хорооноос МАН-д очсон бичигт “С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр эдгээр хүүхдүүдийг сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан нь тогтоогдож байна. Тийм учраас МАН энэ хууль бус үйлдлээ таслан зогсоохыг мэдэгдэж байна” гэсэн байдаг. Ийм л сонин юм болсон.

-Тэр хоёр хүүхдийг ер нь шалгуулахгүй яасан юм бэ?
-Миний бухимдаад байгаа асуудал бол анхнаасаа шүүх, хуулийн байгууллага нэг талд үйлчлээд явчихсан юм. Түр үнэмлэхээ авсны маргааш буюу долдугаар сарын 2-нд Г.Батхүү, Д.Зоригт хоёр Хан-Уул дүүргийн шүүхэд С.Чинзориг, Н.Төмөрхүү нар архи, эд бараа тараасан байна. Насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан байна гээд гомдол гаргасан байдаг юм. Тийм өргөдөл өгөнгүүт нь маргааш нь буюу долдугаар сарын 3-нд нь Хан-Уул дүүргийн шүүгч Мөнхбаяр “С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаанд ажиллуусныг тогтоосугай” гээд захирамж гаргачихсан. Үүнээс үүдээд л бид хоёрын бүрэн эрхийг батламжлуулах, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, тангараг өргүүлэх бүх асуудлуудаас татаад аваад үлдчихсэн. Дараа нь нийслэлийн шүүх хянаад шүүхийн бус асуудлыг шийдсэн байна гээд хүчингүй болгочихсон. Архи тараасан уу, насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан уу үгүй юу гэдгийг тогтоодог байгууллага нь шүүх биш ээ гэж үзсэн. Цагдаагийн байгууллагын шалгаж тогтоож нотолсон баримт дээр үндэслэж, шүүх дүгнэлтээ гаргах ёстой гэсэн.

-Угаасаа л цагдаа шалгаж тогтоох ёстой шүү дээ?
-Тийм процесс огт явуулалгүй шүүх захирамж гаргачихсан шүү дээ. Нөгөө талаар гуравдагч этгээд буюу С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын эрх ашгийг хөндөж байгаа асуудлыг хэлэлцэж байгаа атлаа иргэний хуулийн дагуу гуравдагч этгээд буюу С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрыг оролцуулалгүйгээр шийдвэр гаргасан нь буруу шийдвэр болжээ гэж нийслэлийн шүүх үзсэн. Ингээд бид хоёрын тангараг өргөх эрх нээгдсэн юм. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо нөгөө хоёр нь бас давж заалдах байлгүй гээд алгуурлаад суучихсан. Тэр хооронд нөгөө Г.Батхүү, Д.Зоригт хоёр нь Өвөрхангайн шүүхэд өргөдөл өгөөд, шүүх маргаан үүсгэчихсэн. Уг нь давж заалдах шатны шүүх дээр явж байгаа ижил төстэй нэг хэргээр ахиж өөр аль нэг шүүх дээр хэрэг , маргаан үүсгэдэг асуудал уг нь хуулиараа хориотой юм билээ. Гэтэл Өвөрхангай аймгийн шүүх тэнд шийдвэр гаргачихсан. За, яахав, шүүх ингээд шийдвэр гаргачихаж. Сонгуулийн тогтолцоо чинь өөрөө холимог тогтолцоо шүү дээ. Бүр ингээд гөрдөөд явлаа гэж бодьё. Тэгвэл нам нь ажиллуулсан бол ямар хариуцлага хүлээх юм. Нэр дэвшигч ажиллуулсан бол ямар хариуцлага хүлээх юм. Ялгаж салгах ёстой. Гэтэл аль нь ч тогтоогдоогүй. МАН ч тэр хүүхдүүдийг ажиллуулсан нь тогтоогдоогүй , С.Чинзориг , Н.Төмөрхүү хоёр ажиллуулсан нь ч тогтоогдоогүй.

-Уг нь цагдаа шалгах ёстой шүү дээ?
-Аймгийн намын хороо цагдаад шалгуулна гэсэн юм билээ. Гэвч насанд хүрээгүй, дээр нь шүүхийн шийдвэр гарсан учраас болохгүй гээд цагдаа шалгахгүй хаачихсан.

-Н.Төмөрхүү гэдэг хүн ер нь яагаад гомддоггүй, эрхээ хамгаалдаггүй хүн бэ?
-Н.Төмөрхүү бид хоёр бие биеэ сайн мэднэ. Бид нэг намын гишүүд, сүүлийн гурван жил МАН-ын Бага хурлын гишүүнээр ажиллаж байгаа. Үндсэн нутгаа, намаа гэсэн сэтгэлтэй л залуу. Арванхоёрдугаар сард хоёр намын хооронд тохироо гэж явагдсан даа. Одоо нэгэнт олонд ил болчихсон болохоор би ярьж байна. Н.Алтанхуягийн өрөөнд манай намын дарга ороод ярьсан. Г.Батхүү ч байсан юм билээ. Тэгээд намын дарга надад хэлэхдээ бол хоёр зүйл тохирлоо гэсэн. Нэгд, Өвөрхангай аймгийн тойргийг нэг нэгээр нь авъя гэдгийг тохирлоо гэсэн. Хоёрдугаарт, Г.Батхүүг эхний ээлжинд тангараг өргүүлье гэж. Тэгээд Г.Батхүүг тангараг өргөсний дараа түүнээс хоёр гарын үсэг авна. С.Чинзоригийг шүүх дээр буруугүйг тогтооход татзалзах зүйлгүй, нөгөө нь Г.Батхүүгийн нэхэмжлэлтэйгээр Н.Төмөрхүүгийн нэр дээр үүсгэсэн эрүүгийн хэргээсээ Г.Батхүү татгалзана гэх хоёр гарын үсэг авахаар тохирсон гэсэн. Тэгэхэд нь би хэлсэн. Г.Батхүүг үлдээж байгаад тангараг өргүүлэхгүй бол дараа нь гарын үсэг авна гэдэг худлаа болж магадгүй дээ. Г.Батхүүгээс ямар хувиасаа юм гуйж байгаа биш гэсэн. Маргааш нь Н.Төмөрхүү шүүхийн болоод СЕХ-ны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэсэн өргөдлөө өгсөн. Ингээд л Г.Батхүү тангаргаа өргөсөн. Хамгийн харамсалтай нь Г.Батхүү хэлсэн амнаасаа буцчихсан. Н.Төмөрхүүд үүсгэсэн эрүүгийн хэргээ одоо хүртэл татаагүй, 20-иод хоногийн өмнө хэрэг нь шүүхэд шилжсэн. Н.Төмөрхүү надтай хааяа уулзахаараа “Ил гарах үнэхээр хэцүү байна. Бүх шатны шалгалт ирээд ажил хийлгэхгүй байна. Би ер нь мөрөөрөө бизнесээ хийгээд явах минь яав даа. Энэ улстөр гэдэг юм чинь ямар бохир байдаг юм бэ” гэж ярьдаг. Далд асар их дарамт ирүүлээд байгаа байж магадгүй юм билээ. Залуу хүн болохоор жаахан шантарч байгаа байх. Бизнесийг нь нураачих гээд хэцүү байгаа бололтой.

-Д.Зоригтыг тангараг өргөснөөс хойш Өвөрхангайд жагсаал цуглаан болсон. Энэ жагсаалд Таны оролцоо бий юу. Цаг хугацааны хувьд тангараг өргөхөөс нь өмнө ийм алхам хийхгүй яасан юм ?
-Иргэд бол их ярьж байгаа. Ийм улстөрийн тэмцлийг Та нар Г.Батхүүг тангараг өргөснөөс хойш тасралтгүй л хийх ёстой байсан шүү дээ гэж. Гэхдээ манай намаас улстөрийн акц ер нь хийхгүй байгаа. Тэр бүү хэл “С.Чинзориг оо, чи заримдаа хурц зантай шүү. Одоохондоо нэгэнт хоёр нам тохиролцсон учраас элдэв бусын яриа гаргах хэрэггүй шүү. Хэрэв элдэв юм яривал нөгөөдүүл чинь ярьснаасаа ухарчих вий” гэж намын дарга хүртэл анхааруулж хэлсэн. Би ч мөн л итгээд чимээгүй байсан. Гэвч бид бүгдээрээ л гэнэдсэн. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа учраас ялангуяа засаг барьж байгаа хүчин сонгуулийн өмнө ийм түрэмгийлэл хийхгүй байлгүй гэж дотроо найдаж ч байлаа. Өвөрхангайд одоо явагдаж байгаа үйл ажиллагаа цэвэр иргэдийн өөрсдийнх нь санаачлагаар л явагдаж байгаа зүйл. Миний оролцоо тэнд байхгүй. Би бол очоогүй.

-Та Г.Батхүүгийн ээж рүү урт наслахыг тань харнаа гэсэн утгатай мессеж явуулсан юм уу?
-Би тэгээгүй ээ. Юун заналхийлэх. Яахав дээ, би ер нь зовлонгоо ярьж үзээгүй. Дотроо л тээж явдаг. Сая намар ээжийгээ алдлаа. Хүү нь төрийн эсрэг гэмт хэрэгтэн ч болчихсон юм шиг хэдэн сараар цоллуулахад миний ээжид ямар байх билээ. Сүүлдээ ээжийн минь нерв дийлэлгүй хэвтэрт орсон. Тэгээд Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг нийслэлийн шүүх хүчингүй болгосны дараа ээждээ очоод “Хүү нь буруугүй нь нотлогдлоо, Их хурлын гишүүн болох эрхээ авлаа” гэж хэлсэн. Тэгэнгүүт “аан тийм үү” гэж хэлээд л амьсгал хураасан. Тэгээд би бодсон. Миний ээж энэ хүртэл зөвхөн хүүгээ л бодсоор байгаад гол нь тасрахгүй байсан юм болов уу даа. Муу ээжийнхээ сэтгэлийг жаахан ч гэсэн амирлууллаа гэж би тэр үед бас бодож байсан. Насных нь эцэст төрийн эсрэг гэмт хэрэгтэн ч юм шиг цоллуулж, чихийг нь халууцуулж, сэтгэлийг нь зовоож байгаад нүд аниуллаа даа гэж нэг талаар өөртөө бас гомдсон. Нэг ах маань өвчнөөр бурхан болсон. Би Г.Батхүүгийн ээж Оюун гуайд өөрийнхөө зовлонг ярих эрхтэй хүн гэж боддог. Г.Батхүүгийн дүү П.Батчимэг чинь манай ээжтэй цусан төрлийн холбоотой юм шүү дээ. Тэгээд ээжийгээ алдчихаад сууж байхдаа мессеж бичсэн нь үнэн. “Би ингээд ээжийгээ алдчихлаа. Таны хүү бид хоёр өрсөлдөөд бас л хэцүү л юм болж байна. Гэхдээ энэ бүхэн яахав дээ. Та минь л урт наслаарай” гэж л бичсэн юм. Түүнийг л Г.Батхүү жаахан гуйвуулж ярьж. Надад харамсалтай байна. Хүний амьдралд юу ч тохиолддог. Сонгуулийн тэр бүх маргаан, янз бүрийн юмыг би ээжээсээ аминдаа нуугаад яваад байтал ээж бүгдийг мэдчихсэн байсан. Тэгээд манай эхнэр хүүхдүүдэд “Батхүү миний муу хүүг жаахан дээрэлхээд байгаа юм уу даа” гэж хэлж байсан байна лээ. Би тэр үед нь мэдээгүй. Бурхан болсных нь дараа надад гэрийнхэн маань хэлсэн. Тэгээд би үнэндээ сэтгэл их хямарсан. Дотроо Г.Батхүүг бас над уруу утсаар ч болсон ярих болов уу, Оюун гуайг ярих болов уу гэж харж байсан. Оюун гуай бол миний ээж, аавтай сайн танил, нэг довны л улс. Нутгийн улс болохоор ийм үед минь ярих болов уу, орж ирээд ганц маань хэлээд гарах болов уу, шүүх мүүх гэсэн хэрүүл уруулаа зогсоох болов уу гэж дотроо би харсан. Ийм л юм болсон.

-Та ойрд Өвөрхангай явав уу. Нутгаараа очно биз дээ?
-Ойрд нутаг руугаа очоогүй байна. Нутагтаа очно гэхээр жаахан халуухан байнаа. Та бүхнийхээ өгсөн саналыг би баталгаажуулж чадсангүй, сонголтыг тань дээрэмдүүлчихлээ гээд очих үнэндээ халуун байна. Ялсан атлаа ялагдчихаад сууж байгаа би нутагтаа очих халуун байхад ялагдсан атлаа ялагч болчихоод парламентад ороод ирчихсэн улсуудад бүр л халуун байгаа болов уу. Гэхдээ бид дөрвийн хэнд нь илүү халуун байх нь вэ. Очно доо. Би хувьдаа Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг нутагтаа очиход надаас илүү халуун байх болов уу л гэж бодох юм. Ичих булчирхайгүй болчихсон, ширэн нүүртэй болчихсон улсуудын нүүр эсвэл халах малахыг тоодоггүй юм болов уу. Би нэлээн дээр Г.Батхүүтэй таарсан юм. Та одоо ямар нүүрээрээ Өвөрхангайд очих юм бэ” гэсэн чинь надад сонин үг хэлсэн. “Би одоо Өвөрхангайд очихгүй ээ, Чинзориг оо. Эндээ сууж байгаад дараагийн сонгуулиар квотонд ороод суучихна” гэж байгаа юм. Би үнэхээр гайхсан. Өвөрхангайд очихгүй, Өвөрхангайнхны төлөө ажиллахгүй юм бол энэ суудалд суухын төлөө хамаг байдгаа хаяж, ингэж нэр нүүрээ бартал зүтгэх хэрэг юу байсан юм бол. Манай хөгшчүүд хэлдэг биз дээ. Нэр хугархаар яс хугар гэж. Үнэхээр ойлгохгүй юм билээ.


Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • zochin (203.91.117.4)

    2013-05-23

    chi bathuud arai bagadah bailguidee.

  • unen (203.91.117.4)

    2013-05-23

    chi erni ochij yadgiin.baidag gazraa bai ain.

  • Зочин (182.160.47.212)

    2013-05-22

    Батхүү 2 хүүхдэд мөнгө төлж Чинзоригийг гүтгэн өөрөө УИХ-д шургалжээ гэж ойлгогдож байна. Ийм хүн УИХ-аас салах дургүй, юу ч хийхээс буцахгүй нь гутамшиг

  • b (202.9.47.131)

    2013-05-22

    bathuu zorigt 2 uchmeer yum

  • Зочин (202.131.231.26)

    2013-05-22

    ХАРАХ ЦАРАЙНЫ ХУДАЛЧ ГАР БАЙНА ДАА

  • (49.0.168.137)

    2013-05-22

    Chinzorigoo odoo bolil doo yasan ih suudald durtai ***** be ..Huuli zurchsun bol boloo tgeed l baij bai ...

  • иргэн (202.179.26.133)

    2013-05-22

    Батхүү,Зоригт 2 үнэхээр Монгол эр хүний жудаг гэж байхгүй зөвхөн өөрсдийгөө л гэсэн уйваагүй тэнэгүүд.Цээрлэлээ хүлээх цаг мөдхөн.Монголчууд ийм хүмүүсэд дургүй.Нэгэн цагт энэ 2 төрөөс бүрэн арчигдаж Чинзориг,Төмөрхүү 2-с уучлалт гуйх болно харж байгаарай

  • (103.11.194.178)

    2013-05-22

    Bathuu yamar buzar amitan be uuruu l tegej helj chadah baih