Цөлжилт

2013 оны 6 сарын 8

Сүүлийн хоёр зуунд бий болсон соёл иргэншил, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ажүйлдвэрийн өсөлт эрчимтэйгээр хөгжиж ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд шинэ хувьсгал болсон юм. Техникийн агуу их ололт амжилт нь үйлдвэр хөгжсөнорнуудад амьдралын шинэ чанарыг бий болгож, хүмүүсийн амьдралд хурдацтайгаар орж ирснээр байгаль орчин болон түүний баялагт халдах хүний хандлага хэрэгцээ сүүлийн жилүүдэд улам бүр ихэссээр байгааг эрдэмтэд онцолж байна. Ийнхүү хүн төрөлхтөнийаж амьдрал өсөн дэвжих явцдаа байгалийг улам ихээр өөрчлөн дахин сэргэхээргүйгээр устгаж байна. Хүмүүсийн байгальд үзүүлсэн эдгээр нөлөөлөл нь ихэвчлэн амьд биетүүд, организмын төрөл зүйлийн тоо толгойг багасгаж,үйлдвэрийн хөгжил, хэт өндөр хөгжсөн техник технологи ньбайгалийн баялгийг цөлмөх, түүнийг бохирдуулах, озоны давхрааны цоорхой зэрэг сөрөг үр дагаврууд гарч хүн төрөлхтнийгэкологийн сүйрлийн ирмэгт хүргэж байна. Энэхүү сүйрлийн нэг хэсэгт нь “цөлжилт” юм. Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр дагаврын эцсийн үр дүнг цөлжилт гэсэн томъёололд хамааруулж ойлгодог.Хүмүүсийн дийлэнх нь цөлжилтийн тухай  цаг уурын таагүй нөхцлөөс болж говийн бүс нутгаар бий болсон байгалийн үзэгдэл гэсэн ойлголттой байдаг. Харин цөлжилт нь нь ургамлаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болж хувирах үзэгдлийг хэлдэг бөгөөд хаа ч тохиолдож болох юм. Цөлжилтөд хуурай бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт гэх мэтээс үүдэх байгалийн үзэгдэл хамаарах боловч орчин үед нийгмийн тулгамдсан асуудал болоод буй цөлжилт нь хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас болж буй хамгийн томоохон үзэгдлүүдийн нэг бөгөөд дэлхийн дулаарлаас шалтгаалж буй гэж үздэг. Өнөөдрийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд цөлжилт ямар нэг байдлаар илэрч байгаа нь биологийн төрөл зүйлд аюул учруулж байна. Цөлжилтөөс амьтны амьдрах таатай орчин багасч, амьтны хэвийн өсч үржих нөхцөл хязгаарлагдаж байна. Ялангуяа цөл цөлөрхөг, хээрийн бүсийн ховордсон амьтан ургамлын нөөц багасч, тархацийн хүрээ улам бүр хумигдах болсон. Цөлжих үйл явц эрчимжсэнээс дэлхийд ховордсон амьтдын идээшил нутаг болох цөлийн баянбүрдүүдийн ургамлын бүрхэвч ядуурч усан хангамж буурч байна. Хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөн аадар бороо орох, их цас унах зэрэг зарим нутагт үерийн аюул нэмэгдэж газрын хөрсийг элэгдэлд оруулж, хөрсний үржил шим бүхий өнгөн хэсгийг угааж ургамлын ургах орчныг доройтуулж байна. Ингэснээр цөлжих үйл явц улам газар авна гэсэн үг юм. Мөн цөлжилт нь зөвхөнгазрын доройтлоор төгсгөл болохгүй. Дэлхийн нийт газар нутгийн зөвхөн 1/32 нь тариалангийн газарт хамаардаг. Иймд цөлжилт, хуурайшилтын асуудлыг шийдвэрлэлгүйгээр хүнсний аюулгүй байдлыг хангах боломжгүй. Үүнээс гадна биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, ойн цөөцийг хамгаалах зэрэг Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх боломжгүй гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар л гэхэд цөлжилт, газрын доройтлын улмаас жил бүр 20 сая тонн үр тариа тарих боломжтой 12 сая га газар алдагдаж үржил шимгүй болж байна. Хэрвээ энэ байдал энэ чигээрээ үргэлжлэх юм бол ирэх 25 жилд дэлхийн хүнсний үйлдвэрлэл 12 хувиар буурч, хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 хувиар өсөх магадлалтай байна, магадгүй үүнээс ч илүү байж магадгүй юм. Мөн цөлжилтийн улмаас жил бүр 27000 биологийн төрөл устаж алга болдог байна. Судалгаанаас үзэхэд дэлхийн нийт хуурай газрын хөрсний 70 хувь нь доройтолд орсон байна. Дэлхийн 110 орон цөлжилтөд өртөж, цөлжсөн талбайн хэмжээ 12 сая ам километрт хүрсэн байна.Одоогийн байдлаар Монгол орны газар нутгийн 72,5 хувь нь цөлжсөн гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ.  Нийт монгол орны 90 хувь нь цөлжилтөд өртөмтгий буюу өртөх магадлалтай. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос монгол улс дахь нийт цөлжилтийн 13 хувь нь байгалийн, 87 хувь нь зохиомол хүчин зүйлээс болж байна гэж мэдээлжээ.Монгол орны нутаг дэвсгэрийн найм орчим хувийг эзэлдэг ойн талбайн 40 хувь нь хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нөөц нь жилээс жилд хомсдон хортон, шавьж түймэрт нэрвэгдсэнээс одоогйин байдлаар 6.7 хувь орчим ойтой болоод байна. Эндээс цөлийн бүсийн элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр ашигласнаас 125.0 мянган га газрын заг бүрэн устжээ. Үүн дээрээс манай орны цэвдгийн хэмжээ 65 хувийг эзэлж байна. Гэсэлт тасралтгүй үргэлжилбэл Монгол орны цэвдгийн хэмжээ 2080 он гэхэд ердөө таван хувь болж буурна хэмээн судалгаанд дурджээ. Нар тусахгүй газар цэвдэгтэй байдаг бөгөөд үүн дээр мод ургадаг юм байна. Хэрвээ 2080 онд мөнх цэвдгийн хэмжээ таван хувьд хүртэл буурвал Монгол модгүй болно гэсэн үг хэмээн эрдэмтэд хэлж байна. Модгүй болно гэдэг нь товчоор  хэлбэл амьсгалах агааргүй болно гэсэн үг. Тиймээс хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж цөлжилтийн тархац хурдасвал 2080 он ч хүрэлгүй Монгол орны ч гэлтгүй дэлхий нийтийн байгаль экологид асар их гарз учирна гэсэн үг юм. Тиймээс бид байгалиа хамгаалах хэрэгтэй. Ганцхан үгээр хэлж, лекц семенар уншиж ганц хоёр ном гаргаад орхих биш бодитой ажил хэрэг болгох хэрэгтэй.


Г.Жаргалмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...