Өршөөлийн хууль ”дуншсаар” байна

2013 оны 7 сарын 16
УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Өршөөлийн тухай хуулийн төсөл”-ийг Засгийн газар наадмын өмнөх хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүд, иргэний нийгмийн гол гол байгууллагуудтай хамтран боловсруулсан бөгөөд хуулийн төсөл дээрээ санал авахаар Засгийн газар, Дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисст өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргүүлээд байсан ажээ. Хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн талаараа өнөө хүртэл албан ёсоор мэдээлээгүй байгаа ч, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн жагсаалтанд оруулахаар хууль санаачлагч нар хүчин чармайлт тавин ажиллаж байна.  Энэ удаагийн өргөн баригдах гэж байгаа Өршөөлийн тухай хууль нь өмнөх ижил хуулиасаа хэд хэдэн заалтаараа онцлогтой болсон тухай хууль санаачлагч нар нь ярьж байна. Тухайлбал, юун түрүүнд онц хүнд гэмт хэрэгтэй, хээл хахуулийн асуудалтай хүмүүжигч нарт тус хууль үйлчлэхгүйгээс гадна, хохирогчдийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хохирлыг барагдуулсан байдал зэргээс хамааран тухайн хүмүүжигчийг өршөөлд хамруулах эсэхийг шийдэхээр онцлог заалттай хуулийн төсөл болсон гэнэ.
 Хэрэв Өршөөлийн тухай хууль УИХ-ын намрын чуулганаар өргөн баригдаад, дэмжигдэх юм бол одоогийн 7000 гаруй хүмүүжигчээс 3000 орчим хүмүүжигч суллагдах бололцоотой. Үүнийгээ дагаад улсын төсөв жил тутам 5-6 тэрбум төгрөгийг хэмнэх таатай үр дүн харагдаж байна хэмээн хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн, хүний эрхийн тэмцэгч Ц.Оюунбаатар онцолсон юм.  Дашрамд өгүүлэхэд, нэг хүмүүжигчийн нэг өдрийн урсгал зардалд төрөөс 10.650 төгрөг зарцуулдаг ба нийт хүмүүжигч нарт жилд улсын төсвөөс 12 тэрбум 500 сая төгрөгийг зарцуулдаг юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...