Ерөнхийлөгчийн мутраа хайрлах жүжиглэл хэзээ дуусах вэ

2013 оны 7 сарын 23
Н.Энхбаярыг суллах нь тодорхой боллоо, Ерөнхийлөгч өршөөл үзүүлэх  нь гэж  дээр дооргүй ярьж, бичиж, хүлээсээр байх зуур сонгуулийн сунгаа, Ардын хувьсгалын 92 жилийн их ойн үндэсний баяр наадам хэдийнээ өнгөрчээ. Гэтэл  Н.Энхбаярыг суллах нь бүү хэл бүр орон гэр, эд хогшлыг нь ухаж төнхөн битүүмжлээд хаячихлаа. Энэ үеэр намыг төлөөлөх  зарим нэг албан тушаалтан, мэдээлэлтэй хүмүүсийн ярьсныг сонсвол Ц.Элбэгдорж ярьсан хэлснээсээ буцсан бололтой. Жишээ нь, Н.Энхбаяр даргынхаа гэр бүл болон өөрт нь маш их анхаарал хандуулсаар ирсэн,  УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Заавал 21 хоног хүлээх ямар шаардлага байна. Энэ хооронд яачих ч юм билээ” гэсэн утгатай ярилцлага өгсөн байна. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааны өмнөхөн МАХН гэдэг маш том үйлчлэгч гэнэтхэн АН-д үйлчлээд эхэлсэн бөгөөд энэ нь намын даргаа аварч үлдэхийн тулд МАХН-даа хайртай гишүүдээс нь хийж буй үйлдэл иймэрхүү байж болно. Энэ нь мэдээж ямар нэг тохиролцоотойгоор шүү дээ. Гэтэл одоо энэ тохироо өвсөнд шигдсэн  зүү шиг хаягдсан гэнэ. Одоогийн байдлаар зарлигаар өршөөл үзүүлэх эрх мэдэл нь Ц.Элбэгдоржийн гарт атгаастай буй. Сонгуулийн өмнө  “Хэрвээ Н.Энхбаяр өөрийн гараар өршөөл хүссэн өргөдлөө бичээд өгөх юм бол түүнийг харж үзэж болох юм. Одоогоор миний гар дээр ирсэн бичиг алга” гэж “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо Ц.Элбэгдорж хэлсэн. Уул нь гар бичмэлээрээ байгаа  энэхүү хүсэлтийг  Н.Энхбаяр өөрийн гараар бичээд илгээсэн юм билээ. Харин Ерөнхийлөгчийн нэр дээр ирүүлээгүй. Хүн өршөөл үзүүлье гээд байхад Н.Энхбаяр яагаад өөрийн гараар өргөдөл бичээд өгчихгүй гүрийгээд  байна вэ. Хэрвээ өршөөл гуйх юм бол гэмт хэрэг хийсэн болоод түүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Гуйхгүй гээд гүрийгээд байвал өөрийнхөө амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьчих гээд байдаг. Нэг нь гуйлгаж өлмий дороо хэвтүүлэх гээд нөгөө нь тэгж нэр төрөө сэвтээж, арчаагүй дорой байдлаа харуулахгүй гээд гэдийж байгаа бололтой. Монгол Улсыг маань удирдаж явсан хоёр тэргүүний бие биедээ өширхөж дайсагналцсан энэ явдалд хэзээ цэг тавигдахыг бүү мэд. Хараад байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдохын тулд түүнийг суллана гэж МАХН-ынханд  сүү долоолгосоор байгаад одоо гарч ирсэн хойноо чангалаад байгаа аж. Хэсэг нөхөд Өршөөлийн хуулийн төсөл санаачилсан, Ц.Элбэгдорж өршөөх боломж бий гэдгээ улс даяар зарласан гээд энэ хүнийг шоронгоос суллачихаж магадгүй бүхий л талын  яриа хэл гарсаар байсан. Гэтэл энэ үг Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсны маргаашнаас эхлэн замхарч, одоо МАХН-ынхан яаж чихэр горьдсон хүүхэд шиг хараачилж байгааг хэлэхэд бэрх болоод байна. АН-ынхан бол хэзээнээсээ муриач олонтой нам. Байнга жудаггүй зан гаргадаг. 2012 оны сонгуулийн дараа яалаа даа. Өвөрхангайн тойргийг нэг нэгээр нь авья. Эхлээд  Г.Батхүүг тангараг өргүүлчихье, дараа нь С.Чинзоригийг тангараг өргүүлнэ гэж тохирсон атлаа өөрийнхөө хүнийг тангараг өргөсний дараа “Тэглүү” гээд зогсож байсан гэдэг. Бас өнгөрсөн дөрвөн жилд хамтарсан засгийн ажлыг шууд хаяад гарч байсан гээд тоочоод байвал  барагдахгүй. Иймэрхүү нөхдүүд С.Чинзоригийг намтай нь хамт хуурсан шүү дээ. Тэгэхээр яаж хуурч мэхэлж, хулхин дээр цэцэг ургуулдгийг мэргэжлийн төвшинд хийж сурсан хүмүүс. Тийм ч учраас АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч нь хүртэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрийгөө магтуулах, уран үгээр шоудсаар дөрвөн жил өнгөрсөн. Одоо ч өөртэй адил хэзээ нэгэн цагт энэ албан тушаалд сууж байсан нэг нөхрөө хулхидаад сууж байгаагаас зайлахгүй. Намын нөхдүүд нь үүнийг яриад явдаг юм билээ. Хэрвээ Н.Энхбаяр гэдэг хүн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн бол түүнийг дарга байсан уу, даамал байсан уу гэдгээс үл хамаараад ялаа эдлэх л ёстой. Авлигачидтай тэмцэнэ гэсэн Ерөнхийлөгчийн брэнд болсон үг бий. Н.Энхбаярыг өршөөчихвөл брэнд үгээ хэлсэн нь худлаа болно. Өршөөхгүй гэхээр Ерөнхийлөгч болохын төлөө хийсэн хатуу тохироогоо зөрчих гээд байдаг. Ам бол ам. Эрийн хугархай бол амаа бодож ангайх хэрэгтэй. Эс бөгөөс өөрийн чадалдаа найдах хэрэгтэй байж.
Б.Эрдэнэ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...