Бернд Штёвер: Өмнөд Солонгосын хувьд 60 жилийн өмнөх дайн өнгөрсөнд үлдээгүй

Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойн өдөр өнгөрөгч бямба гаригт тохиолоо. Энэхүү түүхт баярын хүрээнд Хойд Солонгос цэргийн сүрт жагсаал зохион байгуулж, тус улсын удирдагч Ким Чен Ун жагсаалыг удирдсан байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг тэмдэглэлт баярын үйл явцын талаар тоймлон мэдээлж байхад Германы түүхч Бернд Штёвер хүйтэн дайны үеийн анхны “халуун” дайны талаар “Deutsche Welle” сонинд ярилцлага өгсөн нь олны сонирхлыг татаж байв. 1953 оны долдугаар сарын 27-нд Солонгосын дайн дууссан. Солонгосын хойг дээрх ахан дүүсийн цуст мөргөлдөөн болон түүний үр дагаврууд шинэ түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв. Дайны уршиг өнөө хэрхэн үргэлжилж байгаа талаар Потсдам их сургуулийн түүхч, профессор Бернд Штёверийн дүгнэн тодорхойлсныг хүргэе.

-Солонгосын хойг дээр 60 жилийн өмнө дуусгавар болсон дайн хоёр Солонгосын хувьд ямар учиртай байсан юм бол?
-Өмнөд Солонгосын хувьд уг дайн өнгөрсөнд үлдээгүй. Тус улсад болж буй бүхэн уг дайнтай ямар нэг байдлаар холбогдох юмуу үр дагавар нь нөлөөлсөөр байгаа. Хэрвээ Хойд Солонгосын хилийг зорих л юм бол Өмнөд Солонгос дайны бэлэн байдалд тогтмол оршиж, эсрэг тал уруугаа дайралт хийхэд бэлхэн байдгийг харж болно. Хоёр улсын хоорондох сөргөлдөөн өнөөдрийн байдлаар нам гүм байгаа ч асуудал аль алиных нь ухамсарт гүн нэвчсэн байдаг. Харин Хойд Солонгосын хувьд энэхүү дайн нь тус улсын оршин тогтнол дээр суурилсан домгуудын нэг юм. Энэхүү домог ёсоор, америкчуудын турхиралтаар өдөөгдсөн Өмнөд Солонгосын тал Солонгос дахь хууль ёсны цор ганц дэглэм рүү довтолж, улсаа сүйрүүлсэн гэх. Тэгэхээр уг дайн Хойд Солонгосын удирдлагын цэрэг улстөрийн ямар ч арга хэмжээ, тэр дундаа цөмийн пуужингийн туршилт зэргийн зөвтгөл болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадны байнгын аюулаас хамгаалж иймэрхүү байдлаар биеэ авч явах нь зүйтэй гэж Пхеньян үздэг. Төрийн зүгээс гаргаж буй иймэрхүү мэдээлэлд жирийн иргэд итгэхээс яалтай. Албан ёсны хувилбараар, 1950 онд Хойд Солонгос уруу гаднаас дайралт хийсэн бөгөөд тэд цэргийн хүчирхэг байдал болон холбоотнуудынхаа хүчээр өөрсдийгөө хамгаалж, ялж чадсан гэдэг.

-Солонгосын дайн хүйтэн дайнтай ямар холбоотой юм бол?
-Солонгосын хойг дээрх дайн нь хүйтэн дайны жилүүдэд анхны “халуун” дайн байсан. Тухайн үд америкчууд мөргөлдөөний үеэр цөмийн зэвсэг ашиглахгүй гэсэн шийдвэр гаргасан. Уг дайнд хятадууд нэгдэх үед Америкийн генерал Дуглас Макартур Хятадад цөмийн дайралт өгөх шаардлага гаргасан байдаг. Гэвч тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумэн уг шаардлагыг хүлээж аваагүй бөгөөд тохиромжгүй үед буруу сонгосон сөрөг талыг чиглэсэн ямар ч хэрэгцээгүй дайн болно гэж үзсэн байна. Тухайн үед Вашингтоны хувьд цөмийн зэвсэг ашиглах шаардлагатай цор ганц сөрөг тал нь Зөвлөлтийн Холбооны Улс байв. Тэгсэн мөртлөө АНУ ЗХУ-ын нөлөөллийг ч дэмжихийг санаархаж байсан. Эцсийн дүндээ 1945-1991 оны хооронд дэлхий дахинаа хоёр том дайтагч гүрний дунд 150 орчим орон нутгийн дайн үргэлжилсэн юм.

-Хойд Солонгос болон Хятадын хоорондох харилцаа, холбоог бэхжүүлэхэд Солонгосын дайн чухал үүрэг гүйцэтгэсэн юм шиг?

-Ким Ир Сен Москваг зорьж, Сталинаас Солонгосын хойгийн нэгдлийн дайныг дэмжиж чадах эсэхийг нь асуусан. Сталин түүний хүсэлтийн хариуг хэдэн сарын турш бодсоны эцэст “Тийм” гэж хариулжээ. Гэхдээ Сталины зөвшөөрөл Хойд Солонгост тусламж хэрэгтэй болсон үед Хятадуудын дараа л тусламжийн гараа сунгана гэсэн болзолтой байж. Ким Хятадыг зорьж, Мао Зэдуны дэмжлэгт бат итгэлтэй болов. 1950 оны 10-дугаар сард Өмнөд Солонгосын арми болон НҮБ-ын цэргүүд Хятадтай хиллэдэг Ялуцзян голын эрэгт дөхөх үед Мао Зэдуны тусламж Хойд Солонгосын талд очсон билээ. Сайн дурын үндсэн дээр суурилагдсан Хятадын ард түмэн асар их хохирол амсч, үй олноороо хоргодсон хэдий ч Хойд Солонгосчуудад газар нутгаа эргүүлэн авахад нь тусалж чадсан юм. Хэрвээ хятадууд уг дайнд оролцоогүй бол дайн 11 дүгээр сард дуусч, харин Ким Ир Сений дэглэм байхгүй байсан болов уу. ЗХУ ч Пхеньянд тодорхой хэмжээгээр тусалсан. Тухайлбал, агаараас шүршиж байсан МИГ-15 сөнөөгч онгоцуудыг зөвлөлтийн нисгэгчид жолоодож байсан. Гэвч энэ дайны шийдвэрлэх хүчин зүйл нь үнэнчээр тэмцэх сэтгэлийн хүчин байсан юм. НҮБ-ын дайчид 37 мянга орчим цэрэг эрсээ алдсан бол хятадууд хэдэн зуун мянга, Хойд Солонгос хэдэн саяаар нь алдсан түүхтэй.

-Мао Зэдун ямар шалтгаанаар Хойд Солонгосыг хамгаалахаар боссон юм бол?
-Нэг талаас Бээжин Ким Ир Сений дэглэмийн уналтыг хүсээгүй. Түүнээс гадна Мао Зэдун цөмийн дайнаас огтхон ч айгаагүй. Тэрбээр цөмийн дайралт хийсний дараа ч дэлхийн хувьсгалын төлөө тэмцэл өрнүүлэхэд хангалттай цэрэгтэй үлдэнэ гэдгээ тодорхой ойлгуулсан. Хятадад иргэний дайн өрнөхөд ч Мао яг л ийм бодлого баримталж байсан. Тэр өөрийнхөө цэргүүдийн алдагдалд санаа зовнидоггүй. Дайны дараа ЗХУ болон Хятад улс Хойд Солонгосыг сэргээн босгоход хамтран тусалсан. Гэвч 1960-аад оноос Москва, Бээжингийн харилцаа муудаж эхлэхэд Хойд Солонгосын дэглэм хятадын тусламжаас илүү ихээр хамааралтай болж эхэлсэн. Өнөө үед хятадууд америкчуудыг “Ар нуруу руу нь хутга шаах вий” гэсэндээ Хойд Солонгосыг хамгаалдаг.

-Хойд Солонгосыг хятадын холбоотон байж чадах тал дээр Таны бодол?

-Хойд Солонгос Хятадын хувьд холбоотон байж чадах харьцангуй бага үүрэг, нөлөөтэй. Сайн харилцаатай, холбоотнууд байхын тулд хичээдэггүй гэх юм уу даа. Дэлхий дахины мэдэж байгаачлан, Пхеньян цөмийн пуужингийн туршилтын талаараа ч Бээжинтэй зөвлөлдөөгүй. Дэн Сяопин эдийн засгийн шинчлэлийн курст уриалах болсноос хойш Хойд Солонгос Хятадад итгэл дүүрэн хандахаа больсон. Хойд Солонгосын удирдлага гадаад ертөнцтэй хэт их холбогдохгүй байхаас гадна холбоотнуудтайгаа нээлттэй байх ёсгүй гэсэн зарчмаа баримталсаар буйн тод жишээ энэ. Тиймээс Кэсон дахь эдийн засгийн хамтын бүсийн хөгжил Пхеньяны зүгээс хатуу хяналттай объект. Хэрвээ тэндэхийн хамтын ажиллагаа хол явах төлөвтэй байвал Хойд Солонгосын тал бүх ажилчдыг гэр рүү нь буцааж чадах л юм. Пхеньян одоо байгаа байдлаа өөрчлөхгүй, шинэчлэлээс зайлсхийхийн тулд бүх л арга хэмжээг авч чадна.


Ц.МӨНХ



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • lol (101.235.11.27)

    2013-08-07

    papu durai nar