Хуульчдийн бүртгэлд 1473 хуульч хамрагдаад байна

2013 оны 8 сарын 23
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн гол үзэл баримтлал болох мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бий болгох буюу Хуульчдын холбоо байгуулах Хуульчдын анхдугаар их хурлын тов зарлагдсан билээ. Тус хуралд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нийт 4500 шүүгч, прокурор, өмгөөлөгч мөн бусад хуульчдын төлөөлөл болох 500 хүртэлх хуульч оролцох юм. Уг төлөөлөлд орохын тулд цахимаар нэрээ дэвшүүлэх ёстой бөгөөд нэр дэвших ажиллагаа энэ сарын 19-нд орон даяар эхлээд байгаа. Нэр дэвших ажил эхэлснээс хойш өчигдрийн байдлаар www.jurists.gov.mn цахим системд нийт 1927 хуульч нэвтэрснээс 1473 хуульч анхдугаар их хуралд оролцох төлөөллийг сонгох сонгуульд нэрээ дэвшүүлжээ.

Мөн 806 хуульч хуульчийн хувийн бүртгэлээ баяжуулан өөрийн товч танилцуулгаа оруулсан бол 32 хувь нь хуульчийн хувийн бүртгэлдээ зургаа байршуулсан байна. Их хуралд нийт 500 хүртэл төлөөлөгчид оролцох бөгөөд тэдний 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 40 хувь нь өмгөөлөгчид үлдсэн 20 хувь нь эдгээрээс бусад хуульчдын төлөөлөл байх юм. Анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцох цахим сонгуулийн нэр дэвшүүлэх ажил өнөөдөр 22.00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...