Тархины харвалт, зүрхний шигдээсээр өвчлөгсдийн нас залуужжээ

Мянганы сорилтын сан, ДЭМБ- ын дэмжлэгээр “Харвалт ба зүрхний шигдээс” төсөл 2010 оноос хэрэгжиж, энэ онд дуусгавар болж байна. Эл төсөл нь манай улсын иргэдийн дунд зонхилон тохиолддог зүрхний шигдээс ба харвалтыг эрт оношлох, эмчлэх, үр дүнтэй нөхөн сэргээх болон дахин харвахаас урьдчилан сэргийлэх цогц тусламж үйлчилгээг сайжруулахад гол зорилго нь оршижээ. 
Төсөл дуусгавар болж буйтай холбогдуулан өчигдөр “Тархины харвалт ба зүрхний шигдээсийн менежмент” үндэсний уулзалтыг салбарын яамнаас зохион байгуулсан. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилтэй холбоотойгоор халдварт өвчин буурсан. 
Харин халдварт бус өвчин тэр дундаа зүрхний шигдээс, харвалт нэмэгдэж байна. Энэ нь иргэд хөдөлмөрийн чадвараа алдаж байна гэсэн үг. Мэдээж иргэд хөдөлмөрийн чадвараа алдах нь манай улсын эдийн засаг, эрүүл мэндийн салбарт ихээхэн нөлөө үзүүлж байгаа” хэмээсэн юм. Төсөл хэрэгжсэн гурван жилийн хугацаанд тархины харвалт, зүрхний шигдээсийг сэргээн засах тусламж үйлчилгээ шинэ шатанд гарч, оношлогоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төрөлжсөн эрчимт эмчилгээний тасаг шинээр байгуулжээ. 
Мөн зүрхний шигдээсийг цаг алдалгүй бүртгэх, зайн оношлогоог нэвтрүүлж сайжруулах, судалгаа шинжилгээг орчин үеийн төвшинд нийцүүлэн ажиллах зэрэгт олон таын ач холбогдлоо өгчээ. Түүнчлэн төслийн хүрээнд эмч, сувилагч нарыг нарийн мэргэжлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан байна. Уулзалтад нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүд болон Багахангай, Багануур, Налайх дүүргүүд мөн Дорнод, Өвөрхангай, Баян-Хонгор, Өмнөговь, Говь-Алтай, Увс, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Төв, Орхон зэрэг аймгийн Сэргээн засах тасаг, Мэдрэлийн тасгийн эрхлэгч болон мэдрэлийн эмч мэргэжилтнүүд оролцож туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллах талаар санал солилцсон. 2008 онд ДЭМБ- аас хийсэн судалгаагаар манай улс цус харвалт өндөртэй орны тоонд багтсан байдаг. 
Дэлхий дээр өнөөдөр зургаан секунд тутамд нэг хүн цус харваж, нэг нь харвалтад өртдөг аж. Өөрөөр хэлбэл, жилд 15 сая хүн тархинд цус харвах өвчинд өртөж байгааг судалгаагаар тогтоожээ. Харин манай улсын хувьд эл халдварт бус өвчнөөр өвчлөгсдийн нас залуужиж байгаа нь анхаарал татах асуудлын нэг болоод буйг хуралд оролцогчид онцолж байсан. Эл халдварт бус өвчин өнөөдөр үхлийн шалтгаанаар хавдар, зүрх судасны өвчний дараа буюу гуравдугаар байранд бичигдэж буй аж.


С.ДУЛАМ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)