Нярайн эндэгдэл буурч, төрөлт ихэсчээ

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2013 оны эхний найман сарын “Эрүүл мэндийн статистик” мэдээллийг гаргажээ. Улсын хэмжээнд 2013 оны эхний найман сарын байдлаар 52735 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3518 төрөлтөөр буюу 7,1 хувиар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төрөлт Ховд, Сүхбаатар, Увс, Сэлэнгэ зэрэг аймгуудад буурч, бусад аймгууд болон Улаанбаатар хотод нэмэгджээ. Нийт төрөлтийн 49,6 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.

Мөн эхийн эндэгдэл буурчээ. Тодруулбал, 2013 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 20 тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн онтой харьцуулахад 5 тохиолдол буюу 100,000 амьд төрөлтөд 12,9 хувиар буурсан байна.

2013 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 6966 хүүхэд амьд төрж, эхний найман сарын байдлаар нийт 53009 хүүхэд мэндэлсэн нь 2012 оны мөн үеэс 3570 хүүхдээр буюу 7,2 хувиар өссөн. Үүний 51,4 хувь нь хүү, 48,6 хувь нь охин ажээ. Харин нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 14,2 хувь болж буурсан үзүүлэлт гарчээ. 2012 оны эхний найман сард 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 937 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо 17 тохиолдлоор буурсан байна.

Улсын хэмжээнд нийт нас баралт 870 тохиолдлоор, эмнэлгийн нас баралт 244-өөр тус тус буурчээ. Нас барсан хүмүүсийн 60,6 хувь нь эрэгтэй, 39,4 хувь эмэгтэй байна. Нас баралтын шалтгааны 21,6 хувийг хорт хавдар, 17,4 хувийг осол гэмтэл эзэлжээ.

Түүнчлэн улсын хэмжээнд 2013 оны эхний найман сарын байдлаар эмнэлэгт 486,022 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлсэн бол амбулаторт 1,155,961 үзлэг хийгдсэн. Халдварт бус өвчлөлийн 895,289 тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 141525 тохиолдлоор буюу 15,8 хувиар өсчээ. Бүртгэгдсэн халдварт бус өвчлөлийн 88,867 тохиолдол буюу 9,9 хувь нь осол гэмтлийн шалтгаант өвчлөл эзэлж байна.

Мөн улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар 487,5 мянган түргэн тусламжийн дуудлага хүлээн авч гүйцэтгэснээс 11,4 хувь нь алсын, 6,7 хувь нь осол гэмтлийн дуудлага байжээ.

Харин халдварт өвчний тухайд улсын хэмжээнд 30 төрлийн 26,744 цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн. Халдварт өвчлөл буурсан нь вирүст хепатит А -66,4 хувь, гахайн хавдар 34,6 хувь, улаанууд өвчлөл 93,5 хувиар тус тус буурсантай холбоотой аж. 10,000 хүн амд ногдох өвчлөл Дорнод аймагт 306,2, Сүхбаатар 137,3, Дорноговь 126,9, Говьсүмбэр 111,2, Улаанбаатар 109,5, Хэнтий 105, Хөвсгөл 99,4 байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа юм.

Салхинцэцэг, тэмбүү, гар, хөл, амын өвчин, улаан эсэргэнэ, бактерийн гаралтай хоолны хордлого, менингококт халдвар, хачигт энцефалит, ХДХВ/ДОХ, хүний боом, эритема, хийт үхжил, хумхаа, хачигт рикеттиоз зэрэг өвчлөлийн тохиолдол өнгөрсөн оны мөн үеэс нэмэгджээ. Нийт вируст хепатит өвчлөлийн 68,4 хувийг цочмог А хепатит, 20,9 хувийг В хепатит, 3,8 хувийг С хепатит, 6,9 хувийг бусад хепатит тус тус эзэлж байгаа аж. Амьсгалын замын цочмог халдварт өвчний 11854 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварт өвчний 44,3 хувийг эзэлжээ.

Сүрьеэ өвчний 2909 шинэ тохиолдол гарсан нь нийт халдварт өвчний 10,9 хувийг эзэлж байгаа бөгөөд өвчлөл өнгөрсөн онтой харьцуулахад 66 тохиолдлоор буурчээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)