Цэцгийн сонорт буухирсан найргийн алтан гөрөөс

2013 оны 9 сарын 16

Их Нацагдоржийн төрсөн гэрийн буурин дээрээс энэ жилийн “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестиваль гараагаа эхэллээ. Хүүхдийн паркийн хоймор дахь хөшөөг нь нүүлгэнэ шилжүүлнэ гэсэн яриа хотод ид өрнөж байгааг үл ажрах мэт их зохиолчийн хүй цөглөсөн тоонот нь амар амгалан, нандин эрхэмсэг хэвээрээ. Их, Бага Гүн нуур нь ингэн нүд шиг мэлмэрч, Аягын уулын ээвэр дулаахан энгэрт найрагчийн гэрийн буурь мөөгөн хүрээ мэт өвсөн солонго татуулан харагдана. Найргийн гал дүрэлзэн буй тулга дүрсэлсэн эгэл даруухан хөшөө бүхий энэ бууцанд 107 жилийн тэртээ тайж Дашдорж хүүгийнхээ хүйг боон, хөлгүй их баярт умбаж байсан бизээ. “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивалийн оролцогчид их зохиолчийн төрсөн гэрийн буурийг зорих замдаа Гүн нуурын эрэг дээр дөрөө мултлан шүлгээ уншицгаан, “Сарны чулуу” чуулгын морин хуурч, хөөмийч Баясгалан хуурын эгшгээр нуурын усыг долгисуулан лус, савдагийг баясгасан билээ. Д.Нацагдоржийн гэрийн буурин дээр мөн л шүлэг найргийн дугараа өргөв. Хоёр  дахь удаагаа зохиогдсон “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивалийг энэ жил “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Шинэ Монгол” радио хамтран зохион байгуулсан юм. “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн тэргүүн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат тэргүүтэй 20 гаруй найрагч хаан Чингисийн өлгий нутгаар хүлгийн жолоо сунган, найргийн онгод хөглөхөөр дөрөө нийлсэн нь энэ. Их Нацагдоржийнхоо гэрийн буурийг  тойрон зогсоод алдарт “Миний нутаг” шүлгийг нь уншихад хүн бүхний цээжинд омогшил, бахархал төрж, эх орноо хайрлахуйн утга учир, монгол найрагчийн авьяас билгийн цалгиа лугаа зүрхнээ нэвчин байсан билээ.
Өвөрмонголын Сөнөд хошуунаас ирсэн хоёр найрагч Эрдэнэтогтох, Тогтомж нар сэтгэл нэн хөхиүн. Учир нь сөнөдүүд эдүгээгээс 377 жилийн тэртээ буюу 1636 онд энэ л нутгаас нүүсэн ажээ. Гэхдээ сэтгэлийн зоргоор, өөрсдийн тааваар бус дайн дажинтай хатуу цагийн эрхээр, харийн хавчилга шахалтаар нүүжээ. Нутгаа орхин нүүсэн сөнөдүүд Манжийн хааны эсрэг зэвсэглэн тэмцсэн ч хүчинд автан дарагдсан байна. Тэр цагаас хойш сөнөдүүд Нагал, Навчтай, Гүн, Галуутай нутгаа дуу хуур, шүлэг найрагтаа оруулан магтаж, үр хойчдоо цээжлүүлсээр өнөөг хүрчээ. Сөнөдүүдийн зүрхний аргамж, зүүдний солонго болсон уугуул сайхан нутгийн уул, ус нь эдүгээ дөрвөн зууны тэртээх нэрээ хадгалсаар Нагалхаан, Навчит хаан, Гүн нуур, Галуутайн гол тэр л хэвээрээ. Баруун Сөнөдийн найрагч Тогтомж, Зүүн Сөнөдийн найрагч Эрдэнэтогтох нар өвөг дээдсийнхээ нутагт хөл тавьсандаа хязгааргүй баяртай. Сөнөдүүд яруу найргийн галыг тасралтгүй цахиж ирсэн улс. Их эзэн Чингис хааныг тэнгэрт хальсны дараа алтан шарилыг нь Тангудаас эх нутаг руу нь авч явах замд эдүгээгийн Өвөрмонголын Ордосын Эзэн хороо орчим Мунын хөөвөр гэдэг газарт тэрэг нь шаварт шигдсэн гэдэг домогтой. Олон зуун морьтон эрс их хааны шарилыг тээсэн гэр тэргийг шавраас гаргах гэж аргаа барж байхуйд сөнөдийн Гилгүдэй баатарын зохион айлдсан харууслын шүлэг нэн алдартай. Цэцэн билэгт Гилгүдэй баатрын үр хойчис ийнхүү “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивальд оролцон, Монгол нутагт, өвөг дээдсийнхээ уугуул газар шорооноо хүрэлцэн ирж, шүлгийн цацал өргөсөн нь бэлгэ дэмбэрэлтэй хэрэг байлаа.    
Элэг нэгт өвөрмонгол найрагчдаас дутахгүйгээр сэтгэл хөөрсөн зочин бол ХБНГУ-ын иргэн, монгол судлаач Бенъямин Брозиг. Тэрээр намрын сэрүүн өглөөг үл ажран Гүн нуурын усанд шумбаж, их найрагчийн гэрийн бууринд очингуутаа Аягын уул өөд 20-иодхон минутын дотор авиран гарсан юм. Ууланд авирч, усанд шумбахдаа Бен зээр гөрөөс, загас жараахай л гэсэн үг. Монголоор ярихдаа ус, цас. Фестивалийн үеэр тэрээр барууны нэртэй хамтлагийн дууны шүлгийг орчуулснаа бидэнд уншиж өгч, найргийн галд цучил нэмж явсан билээ.
Их зохиолчийн төрсөн гэрийн бууринаас эхэлсэн аялал маань эзэн Чингисийн нутгаар цааш үргэлжилсэн. Тэмүжинд Чингис хаан цол өргөмжилж, Хамаг Монголын хаан ширээнд залсан Хар зүрхний Хөх нуур, 1206 онд Их хуралдай хурж, Их Монгол Улсыг байгуулсан Онон мөрний хөвөө, Хотулыг Хамаг Монголын хаанд залсан алдарт Хорхунаг Жубур буюу өнөөгийн Хурхын голын хөндий, Тэмүжин, Жамуха нар гурав дахь удаагаа андалдсан Хулдгар хун, Өэлүн эх өнчин хөвгүүдийн хамт нутаглаж байсан Бидэр хошуу буюу Биндэр уул, Өндөр гэгээн Ононгийн халуун рашаанд ороод буцахдаа тайж тахиж байсан Биндэрийн овоо, Бидэр хошууны Хорчихуй болдог хэмээн “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдсэн эртний түүхт Өглөгчийн хэрэм, төрийн шагналт яруу найрагч Н.Нямдоржийн нутаг Батширээт, Эг, Бархын гол, “Монголын нууц товчоо” зохиогдсон Хэрлэнгийн Хөдөө арал, Мянган бууцат Хэрлэнбаян-Улаан, хаан орд ханаа шийрлэж асан Аураг буюу Аврага Тосон, Хэрлэн тооно, Шилхэнцэг, Долоодын уулс. Энэ л түүх домогт, байгалийн үзэсгэлэн төгс сайхан нутгаар “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивалийн оролцогчид аяны жолоо сунгасан билээ. Товчхондоо бол их эзэн Чингис хааны өлгий нутгаар, их түүхийн жимээр аялах Хар зүрхний Хөх нуур-Онон, Хурх-Хөдөө арал гэсэн алтан гурвалжинг бид сонгосон юм.
Хар зүрхний Хөх нуур намрын ус ямар байдаг яг л тийм, үгээр дүрслэхийн аргагүй тунгалаг дөлгөөнөөр мэлмэрэн, эргийн нарс, шинэс, хус нь өнгө алаглан үнэхээр үзэсгэлэн төгөлдөр. Хөх нуурт зүсээ тольдсон Хар зүрх уул ер бусын сүрлэг. “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивалийн гол онцлог нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх. Тэнгэрийн дор, газрын дээр орших бүхэн амьтай бөгөөд шалтгаан үрийн холбоотой. Гэтэл хүн төрөлхтний үйл байгаль дэлхийн тэрхүү төгс зүй тогтлыг эвдэж, дайсагналцах болсон нь харамсалтай. Тиймээс л “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивалийн тунхагт “Орон орны найрагчид хүн төрөлхтний бүхий л хэлний гайхамшигт уран үгийн чуулбараар уулын тархи, цэцгийн сонор, усны мэлмий, модны сэтгэл, чулууны зүрхэнд хүрч, хүрээлэн буй бүхэнтэйгээ садансан орших жамтайг тэнгэрийн бошгоор этүгэнд заларсан алтан гөрөөс ийн буухирвай” хэмээн тодорхойлсон буй за.
Хар зүрхний Хөх нуурын хөвөөнд үдшийн сарыг тольдон, өглөөний нарыг угтан ахуйд дээрх тунхаг үгийн утга учир улмаа тодрох шиг санагдсан билээ. Үнэхээр л цэцгийн сонор, усны мэлмий, модны сэтгэл, чулууны зүрхэнд шүлгээ шивнэе хэмээвээс энэ л ариун орныг зорин ирэлтэй юм билээ. Чухам л хаан хүн нутагламаар ийм сайхан уул, усны дунд “Алтан гөрөөс” фестивалийнхан шүлгээ уншиж, морин хуур, хөөмийн аялгуугаа дуурьсгасан нь ховорхон сайхан агшин байлаа. Аливаа яруу найргийн наадам аль нэг чуулга, театрын тайзнаа, сонсогч, үзэгчдийн өмнө болдог бол “Алтан гөрөөс” яруу найргийн фестиваль үүний яг эсрэг гэж хэлж болно. Хорь гаруй найрагч байгалийн тайз-өвс ногоо, цэцгэн дээр, байгалийн хөшиг-моддын дунд зогсоод шүлгээ уншихад үзэгч нь байгаль эх өөрөө болж, хүн-байгаль уусан нэгдэх шиг болном. Нуурын эрэг дээр зогсоод ээлжлэн шүлгээ унших нь найрагчдын хувьд жинхэнэ эрх чөлөө. Хэн нэгэн энд дарга болоод цэргийн үүрэггүй. Найруулагч, хөтлөгч ч хэрэггүй. Сэтгэлийн зарлигаар шүлгээ дуудан, өвсний шивнээ, навчны сэрчигнээ, усны боргиог чагнах ямар гайхамшигтай гээч.
Байгаль эхэд, нуурын мэлмий, модны сэтгэл, цэцгийн сонорт зориулан уншсан шүлгүүдийг сонсон баясах завшаан тохиосон хүмүүс ч цөөнгүй байв. Тэд бол Хар зүрхний Хөх нуурын орчмын жуулчны баазуудын амрагчид. “Алтан гөрөөс” яруу найргийн фестивалийнхан Хөх нуур руу очих замдаа голын усанд машин нь суусан хэсэг амрагчдад тусалж зорьсон газарт нь хүргэж өгсөн билээ. Тэд Монгол Улсын начин Лодойн Энхбаяр тэргүүтэй “Gobi coal” компанийнхан байв. Ингээд “Gobi coal”-ынхан “Алтан гөрөөс” яруу найргийн фестивалийн оройн уншлагад хүрэлцэн ирж шүлэг сонсч, басхүү өөрсдөө ч шүлэг найраг уншин нэгэн үдшийг эрчимлэг үгийн долгист хөвөн өнгөрүүлсэн юм.
“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивалийн хоёр дахь өдрийн аялал Хар зүрхний Хөх нуураас Хэнтий аймгийн Батширээт суманд хүрч жолоо татах байв. Их аваргын нутаг Өмнөдэлгэрээр галгиулсаар Хурх, Жаргалантын голуудыг туулан Биндэрийн овооноо хүрэлцэн очиход Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг дарга Ц.Баярсайхан нар Тамгын газрынхантайгаа биднийг угтан авлаа. Цааш давхисаар алдарт Бархын голын эрэгт ирэхэд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дарга О.Цацралттөр, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан И.Байгальмаа, “Шинэ сонор” сонины эрхлэгч, яруу найрагч Ш.Одонтуяа, яруу найрагч, сэтгүүлч Д.Бат-Эрдэнэ нар угтан тослоо. О.Цацралттөр даргын хувьд Хэнтий нутгийн нэрт зохиолч Лувсангийн Ожгоош агсны хүү. Тиймээс утга зохиол, яруу найрагт элэгтэй нэгэн. Тэрээр зохиолч хүний хүүгийн хувьд, аавынхаа бичгийн ширээг түшин хөлд орж, ном, шүлэг, зохиол дунд өссөний хувьд Монголын яруу найргийн нэгэн голомт Хан Хэнтийн школыг үргэлжлүүлэх, аймгийнхаа утга зохиолын нэгдлийн галыг таслалгүй авч явах талаар гэгээн бодол тээж яваа ажээ.
“Алтан гөрөөс” фестивалийнхан Батширээт сумын төвд яруу найргийн ээлжит уншлагаа зохион байгууллаа. Яруу найрагч Ишийн Батсүхийн нэрэмжит “Соёлын ертөнц” сангаас Батширээт сумын уугуул, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Д.Гансүрэнг хүндэт өргөмжлөлөөр шагнасныг гардуулан, Батширээт сумын номын санд “Шинэ мянганы яруу найраг” тэргүүтэй номын дээжээ өргөн барьж, буриад ёохор хатран, дуу, шүлэг цалгиун нэгэн үдшийг үдсэн билээ. Хөх хөвчдөө даруухан аж төрж, өвөрмөц нандин шүлгүүдээ тэрлэдэг Биндэрийн яруу найрагч Б.Энхжаргал “Хадлангаа авсан буриад ийм байдаг юм” хэмээн ташаа тулсхийн байж байгаль эхийн шивнэсэн өвсний үнэртэй гэгээн тунгалаг мөртүүдээ уншсан нь бас л нэгэн ховорхон сайхан агшин байлаа.
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Болд “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивалийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нь эрхэм хүндэтгэл байлаа. М.Болд даргын  хувьд Батширээт сумын унаган хүү. Тэрээр сумынхаа Засаг даргаар ажиллаж байхдаа эдүгээгийн ИТХ-ын дарга, яруу найрагч Д.Гансүрэнгийн хамтаар төрийн шагналт яруу найрагч Н.Нямдоржийн нэрэмжит “Онон хатан ижий” яруу найргийн наадмыг санаачлан гурван удаа зохион байгуулсан бөгөөд МЗЭ-ийн болон М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Л.Нямаагийн 60 насны ойд зориулсан найргийн цэнгүүнийг ч мөн зохион байгуулж, хотоос олон арван найрагчдыг Батширээт нутагтаа урин залж авчран, шүлэг найргийнх нь дээжийг зон олондоо толилуулж байсан билээ. Тиймээс тэрээр төрөлх нутагт нь зохиогдсон “Алтан гөрөөс” олон улсын фестивальд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.
“Алтан гөрөөс” цааш цахилсаар маргааш өглөө нь Онон их мөрний хөвөөнд шүлгийн цацал өргөөд буцах замд Бархын голын хөвөөнөө Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Болд, “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн ерөнхийлөгч М.Болд нар Монголын жуулчны баазуудын холбооны удирдлагуудын хамт бидэнтэй уулзсан юм. Банкир Магваны Болд, аймгийн Тамгын газрын дарга Магваны Болд нар эртний сайхан андууд гэнэ. Банкир М.Болд хэдэн жилийн өмнө өөртэйгөө нэр, овог нэгт амьдаагаа сурагласаар ирж уулзан танилцсанаас хойш сайхан нөхөрлөж яваа гэнэ. Тэрээр Батширээт сумын нутагт буриадын ёс заншлыг илтгэсэн лоунж жуулчны бааз байгуулан нээлтийг нь хийгээд явж байгаа нь энэ ажээ. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын нэг салшгүй хэсэг нь байгалийн баялгийг зөв зохистой ашиглах явдал гэж үздэг. Тэр тусмаа байгальд ээлтэй утаагүй үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлст Монголын шилдэг банкир гар бие оролцож байгаа ажгуу. Тунгалаг уст Бархын голын хөвөөнд хэсэгхэн саатаж шүлгийн дугараа өргөхдөө ийм таатай мэдээ сонсон, гарман дээр танилцсан хүмүүс бэлгэшээн золгодог монгол ёс заншлаар хөөрөг зөрүүлээд мордлоо.
Алдарт Өглөгчийн хэрэм биднийг хүлээж байгаа тул яарахын шалтгаан бас байв. Өглөгчийн хэрэм Биндэрийн овооноос хойш арав гаруй километр зайтай оршино. Өглөгчийн голын хойд биед байх тул ийн нэрлэсэн байна. Гэхдээ дээхнэ үед энэ хэрмийг Хараалчийн хэрэм хэмээн нэрлэдэг байсан тухай “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Болдхуяг сонирхолтой хууч өгүүлнэ лээ. Д.Болдхуяг найрагч археологич мэргэжилтэй хүний хувьд, хэдхэн сарын өмнө БНХАУ-д докторын зэрэг хамгаалаад ирсний хувьд ч тэр “Алтан гөрөөс” фестивалийнхаа оролцогчдод  Өглөгчийн хэрмийн талаар дэлгэрэнгүй сайхан түүх хуучилсан билээ. Зарим эрдэмтэд Өглөгчийн хэрэм гэсний учир нь XIII зууны үед ихсийн онгоны газар байсан бөгөөд ихсийн тайлгын үеэр эгэл ардуудад өглөг түгээдэг байснаас энэ нэр гарсан болов уу гэж таамагладаг байна. Гэхдээ нэрт археологич Х.Пэрлээ Өглөгчийн хэрмэнд малтлага хийж үзээд X зуун буюу Киданы үед холбогдох хэрэм гэдгийг тогтоосон байдаг. Энэ хэрэмний онцлог нь ямар нэгэн барьцалдуулах материал хэрэглэлгүйгээр байгалийн чулуудыг өрж зүйж босгосон явдал. Он жилийн уртад чулуун хэрэм нурсан ч эдүгээ зарим газраа 3-4 өндөр хэрэм хана үлджээ. Энэ хэрмэнд арав гаруй жилийн өмнө АНУ, Монголын археологичид малтлага хийсэн бөгөөд Ихсийн газар мөн гэх таамаглал дэвшүүлсэн байна.  
Түүхийн ховор нандин дурсгалыг хадгалсан Өглөгчийн хэрмийн дэргэд яруу найргийн нэгэн дугараа өргөөд Хөдөө арлыг зорин хөдөллөө. Хаан эзний их Аураг орд ханаа шийрлэн байсан тэр л нутаг руу сэтгэл яарахгүй байх аргагүй. “Монголын нууц товчоо” зохиогдсон алдарт Хөдөө арал, Долоон болдог, Шилхэнцэг тэнд бий гэхээр нэг л сайхан. Хэрлэнгийн Хөдөө аралд буудаллан хоноод маргааш нь “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойгоор босгосон эзэн Чингис хааны гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэн яруу найргийн ээлжит уншлага зохион байгуулав. “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөний зүүн хойд сэлүүн дэнж дээр Монголын ууган археологич, төрийн шагналт эрдэмтэн, нэрт зохиолч Хөдөөгийн Пэрлээгийн гэрэлт хөшөөг жил гаруйн өмнө сүндэрлүүлжээ. “Алтан гөрөөс” яруу найргийн фестивалийнхан уг хөшөөнд хүндэтгэл үзүүлэн шүлгийн цацал өргөж, Х.Пэрлээ гуайнхаа алдарт “Цэнхэр дурдан алчуур” дууны хээнцэр торгон аялгууг Хөдөө арлын салхинаа дуурьсган намируулсан билээ.
Долоодын уулс тэнгэрийн хаяанд торолзон, алдарт Шилхэнцэг уул ханхайн цэнхэртэж, Тосон нуур мэлмэрэн толиотоод Хөдөө арал хөхрөн униартана. Онон, Хурхаас жолоо сунган ирсэн орой Хөдөө аралд зөөлөн бороо хэсэгхэн шивэрч, хурын үнэр сөл нь хатаагүй өвсний ааг холилдон нэн таатай ахуйд “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивалийнхан бэлгэшээн баярласан билээ. Чухамдаа цэцгийн сонор, усны мэлмий, уулын тархи, модны сэтгэлд сонсгосон яруу найраг тэнгэрийн хур болон буув уу гэлтэй. Хаан Чингисийн нутгаар жолоо сунгасан “Алтан гөрөөс-2013” аялал их Нацагдоржийн нутагт ирээд өндөрлөж, Сүхбаатар аймгаас зорин ирсэн яруу найрагч Т.Эрдэнэцогт, Б.Батсайхан нар наран ургах нутаг руугаа хүлгийн жолоо залсан билээ. “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивалийнхан байгаль дэлхийгээ аргадан, уяраасан энэ аяллын уртад уран бүтээлийн олз омог арвин явсан юм . МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар Батширээтээс хэд хэдэн шүлгийн санаа олсноо олзуурхан ярьж, “Батширээт жинхэнэ шүлэг бичиж суумаар нэг тийм тайван амгалан нутаг юм” хэмээн шүүрс алдаж байв. Хэнтий нутгийн хүү, залуу яруу найрагч Б.Алтанхуяг ч гэсэн Батширээт нутагт хэд хэдэн шинэ шүлэг тэрлэснээ хотод ирсэн даруйдаа нүүр номондоо нийтэлсэн байна билээ. Хан Хэнтийн найрагч бүсгүй Ш.Одонтуяа ч Батширээт нутаг, Онон, Бархын үзэсгэлэнд сэтгэл татагдан найргийн мөрүүд олныг тэрлэсэн ажээ. “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивалийг санаачлан, зохион байгуулагчдын нэг “Шинэ Монгол” радиогийн ерөнхий захирал, яруу найрагч Ө.Батзоригийн хэлсэнчлэн фестивальд оролцогчдын шүлгийн антологи тун удахгүй хэвлэгдэн гарна. Тэндээс эзэн Чингис хааны өлгий нутгаар аялсан олон улсын найрагчдын онгодын цалгиа, түрлэг тод сонсдох буй за. Этүгэнд заларсан алтан гөрөөс бодь сэтгэл, амар амгалангийн бэлгэдэл билээ л. Түүн лүгээ адил байгаль дэлхийгээ аргадсан найргийн “Алтан гөрөөс” хүмүүний сэтгэлийг хөдөлгөн долгисуулж, нинж нигүүлсэхүйн чавхдасыг хөглөсөөр байх болтугай.  
  
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...