Алт

2013 оны 9 сарын 23
Өнөөдөр 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр. Алтны ханш өндөр түвшинд байна. 1 унц нь 1313 доллар, 45 цент, төгрөгөөр 2 223 380. Үнэ ханш жил бүр өссөн. Энэ л хүрээнд бидний алтны ойлголт, мэдлэг эргэлддэг. Гэтэл манай алтны нөөцийг хаана байршуулдаг, юуны барьцаанд байдаг, хэрхэн зарцуулдаг, түүний төлбөр тооцооны талаар бодлого боловсруулагч-улс төрчид, тэр дундаа Засгийн газар хэр мэдлэг, мэдээлэлтэй вэ? Алтны талаархи бодлого олборлогч компаниудын аманд багтан шахалт шаардлагаар нь явж байна уу. Эргэцүүлэн бодох цаг ирлээ.
Учир нь Засгийн газраас алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх болон алтны олборлолтод аюул учруулсан “урт нэрт” хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахаар асуудал дэвшүүлжээ. УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд алтыг яаран сандран оруулснаар нийтийн анхаарал түүнд татагдаж байна.
Манай нутагт “алт газрын гагнаас, учиргүй ухаж авч үл болно, шунаж их авбал тогтцод нөлөөлөх, газар хөдлөх, элдэв аюул ихтэй гэж бидний бага байхад ярьдаг сан. Энэ бол манай ард түмний дунд тархсан түгээмэл яриа байх. Монголчууд алтанд хандах болгоомж цээрийг “хүндэднэ” гэдэг ойлголтоор илэрхийлдэг. Хүндэднэ гэдэг нь алт хүнд жинтэй химийн элементийн төдий зүйл бус, хүний эдэлж зүүх, гоёл чимэглэлд хэрэглэх хязгаар, байгаль ба нийгмийн үр дагаврын тухай өргөн утгыг агуулна. Тиймээс манай иргэд мөнгөн эдлэл, чимэглэлийг голлон хэрэглэж, зүүдэг. Монгол дархчууд алтанд ур хийцээ уралдуулсан нь бага. Дарьгангын гайхалтай мөнгөн хийц, эртний ган хийцийн урлал зонхилж байдаг. Монголчууд газраа алттайг мэддэггүй, олборлож чаддаггүйдээ ч биш ээ. Алт сайн давтагддаг, сийлбэрлэх чанартай, бусдаасаа илүү их үнэ цэнэтэйг мэддэг боловч угаасаа алтанд хандаж ирсэн философи нь ийнхүү гүн утга чанартай юм.
Эдүгээ алтанд эдийн засаг, хэрэглээ, орлого хөөх дан нэг талын үүднээс хандах явдал давамгайлах болов.

1990-ээд оны эхний явдал. Улсын нөөцөнд байсан 100 кг алтаа хэсэг нөхөр диллер тоглоод алдчихсан. Алтанд зүй бусаар харьцан, хожоо гаргах шуналын хариу нь эсрэгээрээ ингэж эргэсэн. “Алт диллер”-ийн хэрэг үлдэж, хохирлыг улс төлсөн. Улсын төсвийн орлого бага, сан хөрөнгө хоосорсноор түрий барьж, алтнаас орлого олох хэрэгтэй. Бид алтан дээр суусан гуйлгачингууд байх ёстой юу. Ийм хэл ам тархаж, лобби явагдаж байв. Үнэхээр эдийн засаг санхүү хүнд л байсан. Үр дүнд нь бид “Алт хөтөлбөр” дээр унав. Эцэстээ тэр лобби хийгчид өөрсдөө хөлжсөнөөс алтаараа улс баян чинээлэгт хүрээгүй. Харин ч 2000 он гэхэд нийт хүн амын бараг гуравны нэг нь ядуурсан байлаа. Алтанд шунаснаар ард түмэн баяждаггүй, харин эсрэг үр дүнтэй гэсэн теорем энэ.
“Алт хөтөлбөр” П.Очирбат Ерөнхийлөгч, Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед төрсөн. Тэр үеийн УИХ алтанд татварын “жинтэй хөнгөлөлт” үзүүлж буулт хийж байсан юм даг. Нэгэн удаа сурвалжлагч надаас “та хууль тогтоож, бодлого боловсруулахад оролцохдоо харамсах сэтгэл төрөх хууль, шийдвэрийн төсөл баталсан уу, нэрлэхгүй юу?” гэсэн. “Алт хөтөлбөрийг дагалдсан татварын хөнгөлөлтүүдийн хуулийг батлалцсанаар хамгийн муу үйл үйлдэхэд оролцсон” гэж би шууд хариулсан юм даг. Алтыг татвараас эхний 5 жилд чөлөөлж, дараачийн 5 жилд 50 хувь хөнгөлөх саналыг улайран хөөцөлдөж, УИХ-аар шийдвэр гаргуулсан хүмүүс нэр, хаягаараа архивт баримт болон үлдсэн дээ. Тэд гадаад хөрөнгө оруулагчдыг “даллана”, дуудна, хөнгөлөлттэй нөхцөл олгоно, татвараас чөлөөлнө, тэднийг үргээж болохгүй, Монгол орон хөрөнгө оруулалтгүй бол хөгжихгүй хэмээн бусдыгаа сэнхрүүлэх, “сүрдүүлэх” зэргээр хөгжил дэвшилд хүрэхийг амладаг байлаа. Ардчилсан нам засгийн эрхэнд гарч, М.Энхсайханы Засгийн газар 1997 онд Ашигт малтмалын хуулийг өөрчилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хэн эхэлж өргөдөл гаргасанд нь ямарч шаардлага, шалгуургүйгээр олгох болсон юм. Ийм болчимгүй бодлого, хийрхлийн улбаагаар ашигт малтмалын зөвшөөрлийг тарааж, нутаг дэвсгэрийн 40 гаруй хувьд үл үзэгдэх эзэд хайгуул, олборлолтоор байгалийг хайр найргүй сүйтгэн хохироож байв. Үүний дотор алт олборлолт жинтэй байр суур эзэлж байв. Дагаад нийгэмд олборлосон алтны үнэ цэнээс илүүтэй эдийн засгийн хохирол учруулдаг хээл хахууль, авлига цэцэглэсэн. Яахаас ч буцахгүй ёс суртахууны ялзрал хамтдаа явагджээ. 20 жилийн энэ гашуун сургамжаас бид дүгнэлт хийсэн. 2008-2012 оны УИХ энэ талаар зарим шийдэмгий арга хэмжээ авсан нь үнэн.
Үүнээс өмнө УИХ 2006 онд 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг зарим бүтээгдэхүүнд тавьсан. Зарим гээд нэрлэсэн болохоос үндсэндээ алт, зэс шүү дээ. Үнэндээ энэ бол үлэмж ашгаас нь төр хуваалцаж чадахгүй үлдсэн гоморхол байв. Гомдлоо барагдуулахын мөр, анхны оролдлого доо. Яахав, дөрвөн жилд улс 87.5 тэрбум төгрөг олсон. Харин олборлогчид алтаа нууцлан борлуулах замаар засгийг боомилов. Төр дахиад л алтны өмнө хүчгүйдэн хөөрхийлөлтэй үлдсэн. Бас зэс, алтны гадаад талын оролцогчдын зүгээс ялгаварлан үзсэн, шударга бус шийдвэр болохыг шүүмжлэх болсон юм. Тухайлбал, Оросын талаас танайд Эрдэнэтийн бидэнтэй хамтарсан үйлдвэрээс өөр зэс олборлодоггүй. Ингэхэд тусгайлсан бодлогын үүднээс зэсэд 68 хувийн өндөр татвар тавьсан гэж үзэх болов. Намайг 2009 оны сүүлээр ОХУ-д айлчлахад Думын дарга Б.В.Грызлов надтай уулзахдаа энэ асуудлыг сөхөж, өөрийнхөө компаниудад адил тэгш нөхцөлөөр хандахыг хүсэж байв.
Эдийн засгийн утгаараа байж болох ч эрх зүйн шударга бус орчин, улс төрийн бодлого талаасаа учир холбогдол багатай болсон зэс, алтны гэнэтийн ашгийн энэ татвараас ухрах хэрэгтэй болов. Төр алтнаасаа хишиг хүртэх гэж горилсны үр дүн, гашуун үнэн нь энэ. Алт аа гэж. Энэ ихэмсэг шар металлыг уу? яалтай билээ.
Орлогын 68 хувийн татвар авах хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан энэ үед Засгийн газар Оюутолгойн гэрээг хөрөнгө оруулагчтай хийж байв. Хоёр тал гэрээг Монгол улсын тухайн үед мөрдөгдөж байсан татварын хуулийн хүрээнд хийх зарчмаар ажиллаж байв. Гэрээ хийгч талууд (Засгийн газар, Айвенхоу Майнз) энэ татварыг гэрээнд тусгах аргагүй, үүнийг зохистой өөр татвараар орлуулбал харин түүнийг чинь гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх замаар авч болохыг ажлын хэсгийнхэн санал болгож байв. Энэ бол олон нийтэд ил тод болсон зүйл. Оюутолгойн 1800 тонноор хэмжигдэх алтнаас улс бас л хоосон хоцрох уу? Ийм асуудал тавигдаж байв.
УИХ зарим бараанд ногдох 68 хувийн орлогын татварыг зогсоож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (роялтийг) олон улсын жишгийг харгалзан тогтоосон юм. Хуулийн заалтыг УИХ-аар батлах үед Оюутолгойн гэрээнд гэнэтийн татварыг орлох роялтийн татварыг тусгах нь зүйтэй хэмээн би алх цохисон билээ. Энэ бас тухайн үедээ нийтэд ил зарлагдсан. Үүнийг Айвенхоу Майнз, Рио Тинтогийн нөхдүүд ч сайн мэдэж байгаа. Оюутолгойн гэрээнд байгалийн нөөц ашигласны төлбөр тухайн үед яригдсанаараа тусгагдах ёстой юм.
2009 онд УИХ-ын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төвөөс Алт хөтөлбөрийн хэрэгжилтээс үүссэн сөрөг үр дагаврын тухай УИХ болон нийтэд, Төв, Баянхонгор, Сэлэнгэ, Архангай аймгуудын нутагт хэдэн зуун гектар газар, газрын хэвлий эвдэгдсэн. Зөвхөн 1990-1998 онд шороон ордын алтыг олборлосноос 100-120 сая шоо метр, 1999 оноос хойш 276 сая шоо метр газрын хэвлийг эвдсэн. Ихэнх шороон орд голын хөндийд байрладаг тул голын гольдролыг өөрчилдөг, гол горхи ширгэх болсон. “Нөхөн сэргээлт гэгч” нь нүд хуурсан, үр ашиггүй ажиллагаа болохыг харуулсан баримтыг дэлгэн танилцуулж байв. /Бодлогын судалгаа шинжилгээ II боть. 108 дахь тал. 2009 он/. Эндээс алт гадаад валютын нөөц нэмэгдүүлэх сайн талтай гэхээс, илүү хохиролтой болох нь харагдаж байна.

Байгаль, экологи хүнд нөхцөлд орж, 20 жил эрхэлсэн алтны олборлолт Монголд үр дүн багатай болсноор “урт нэрт” хууль төрсөн юм.
Бодит байдал, шаардлагаас урган гарсан энэ хуулиар усны сав, ойн сан бүхий газарт ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох, ашиглахыг хориглосон.
Хуулийн үндсэн шаардлага энэ. Хатуудсан мэт боловч экологийн доройтлын дэргэд энэ хориглолт өчүүхэн зүйл. Хуулийн энэ шаардлагаас монголчууд ухрах газаргүй. Бидний ард ухсан нүх, ангал үлдсэн, түүндээ унах гээгүй юм бол. Алт олборлогчдын лоббинд орсон Засгийн газар хууль гарахаас эхлэн тун хүнд байдалд орсныг бид мэднэ. Эрс эсэргүүцэлтэй тулсан 4 жил эдүгээ ард үлджээ. Хуулийн дагуу усны сав, ойн сангийн талбайг Засгийн газар тогтоох ёстой ч энэ ажил түмэн гачаал, мянган зовлонтой тулжээ. Компаниудын зүгээс хөрөнгө оруулсны “асар их” хохирол гарав, төр үүнийг төлөх ёстой гэдгээр далайлгаж байна. Зөвхөн компаниуд төдийгүй зарим улс төрчид, Засгийн газрын зарим гишүүдийн ашиг сонирхолтой энэ хууль угаасаа л зөрчилдсөн. Одоо тэд л асуудлаа оруулж ирэв. “Урт нэртэй” хууль шинэчлэлийн Засгийн газрын өнгийг дагаж өнгөө бүр ч алдах боллоо. Энэ хуульд арай л төгсгөл ирэхгүй болов уу. Нэр нь уртын адил нас нь урт байх гэж найдъя. Ингэхэд хүрвэл газар шороо, мод, гол ус дахин зовлонгоо эдэлж, цөөн хүний нүүрэнд нь гэрэл тодорно. Өөр үр дүн ирэхгүй.
Алтны асуудалд төр нухацтай хандаж, харьцахыг би санаанаасаа сануулаад байгаа юм биш ээ. Монгол улсын сүүлийн 20 жилийн алтны алт шиг сургамжтай болсон үйл явдал, амьдралд тохиолдсон зүйлээ л сануулж байна. Сөрөг нөлөөтэй бодлого, үйлдлийг төр давтахаас сэргийлэх үүднээс хэлж байна. Алт хөтөлбөрөөс татгалзан, алт олборлолтыг хязгаарлах амин шаардлага тулгарсан шүү дээ. Ард түмэн ингэж шаардсан. Энэ нь төрийн бодлого болсон юм. Эдийн засгийн доройтол, хөрөнгө оруулалт хомстсоноор шалтаг тайлбар тавиад нэмэргүй. Эдийн засгийг авч явах үлэмж нөөц боломж буй болсон.

Алтыг орлох, валют олох нөөцийг бид эргэлтэд оруулсан шүү дээ.
Нүүрс, зэс, цайр, төмөр гээд өнөө үеийнхэнд хангалттай бус уу. Жилд 30 сая тонн нүүрс олборлох Тавантолгой ашиглалтад орж байна. Аливаа улс байгалийн баялгаа нөөж, бас хойч үеийнхэндээ үлдээдэг. Өнөөдөр алт, ашигт малтмал руу хэтэрхий шунаж, 20 жилийн өмнөхтэй адил ханцуй шамласан бодлогоо азнах боломжтой. Оюутолгойн зэсийн ил уурхай ашиглалтад орсон. Эдийн засгийн бусад салбарт нөхөх чадавхи үлэмж нэмэгдсэн. Ноолуур бол алт, бид дэмжсэн. Төрийн дэмжлэгийн үр дүнд үр тариа гадаадад гаргахыг тариаланчид хүсдэг боллоо. Бас л валют олъё гэж байна. Мах, сүү боловсруулж гаргавал алт, валютын л үнэтэй. Эдгээрийг хийх хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого хавьгүй ирээдүйтэй. Газар шороогоо төнхөн дахин хэзээ ч нөхөгдөхгүй алтыг ухаж хялбархан амьдрах уу? Өнөөгийн Засгийн газар амар хялбар амьдралын энэ замыг сонгож байх шив. Нэг Засгийн газар дөрвөн жилээ бялхалзан, сайхан нэртэй өнгөрөөж болно. Улс төрчид орд газар дээр нь оролцож “юм унагаж” болно. Өөрсдөө лиценз, зөвшөөрлийг нь авчхаад хөөцөлдөөд буй хүмүүс байгааг бид харж л байна. Гэхдээ улс ийм сонирхолд хөтлөгдөж болохгүй. Хожмоо ирээдүйгээ бодсон ч, баялгийг хямгатай, хязгаартай зарах, байгалиа хамгаалах, дан эрдсийн баялгийн хамааралтай өрөөсгөл эдийн засгийн бүтцийг засах чамбай бодлогоосоо төр ухрах ёсгүй. Харин тодотгож болно. Ерэн оны алтнаас эхэлсэн байгалиа цөлмөсөн явуургүй бодлогыг 20 жилийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар шинээр амилуулах гэж байна. Хэсэг компани, хэсэг хүн хөлжиж, байгаль хохирох явц үргэлжилнэ. Өөр юу байгаа юм.

Өнөө Засгийн газрын өргөн барьсан хуулиас бодлогынх нь нүүр царай нь тодорхой байна.
Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх хууль, “урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл төрөөс хөнгөлөлт авах гэсэн санаагаараа утга нэгтэй юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт ч үүнтэй амьсгаа нь адил юм. Үүнийг жич авч үзнэ. Манай хэвлэлийнхэн урьд эдгээр “урт нэртэй” хууль, стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг гаргаж байхад яаж дэмжиж “байгаль сүйрэв”, “баялаг цөлмөгдөв”, “үндэсний компаниа дэмжье” гэж байлаа. Одоо Засгийн газрын оруулж буй бодлого шиг гайхалтай юм алга гээд шагшиж байна. Алтныхан рекламын зардлыг нь ахиухан өгдөг болж дээ.
“Урт нэртэй” хуулийн мөрөөр мөшгөхөд “Эдгээр талбайд хэсэгчилсэн болон бүхэлдээ давхцалтай нийт 909 хайгуулын тусгай зөвшөөрөл, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл тоологдон”, “Хөрөнгө оруулалтын зардал 559,5 тэрбум төгрөг болсон”-оос үзэхэд алт, бусад ашигт малтмал руу ямар гүнзгий шургасан нь ойлгомжтой.
Засгийн газар хууль зөрчсөн компаниудын үйлдлийг эс харгалзан “Урт нэртэй” хуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахад 242 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэхэмжилсэн 222,5 тэрбум төгрөгийг төр төсвөөс төлөх учиртай юм гэсэн тайлбарыг хийж, ард түмэнд үүрүүлж байна. “Амар байна уу гэсэн биш гай болов” гэгчийн үлгэрээр алт ашиглуулсны хариуд ард түмэн өр төлбөрт унаж байна. Гэтэл уул уурхайн компаниудын байгаль экологид учруулсан хохирлыг 1,8 их наяд гэж яам тогтоосон атал энэ талаар хэн ч ам ангайхгүй байгаа нь хачирхалтай. Алт бүхний амыг барьж чаддаг.
Эрх баригчдын бодлоор хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлж, дараа нь олгогдсон зөвшөөрлийг цуцлах юм байна. Энэ талаар гэрээ байгуулах загварыг Засгийн газар батлах нь ээ. Тэгвэл энэ тохиолдолд ордыг хэдэн жил ашиглахыг маш тодорхой болгох хэрэгтэй. Хууль гарахаас өмнө зөвшөөрөл авсан гэдгээр хожиж буй компаниуд хязгааргүй ашиглах эрхтэй үлдэх нь шударга бус. Байгаль экологид учирсан хохирлыг мэргэжлийн байгууллага тооцон хасаж, үлдэж буй зардлыг олох орлогоор нь нөхөх хугацааг тооцон тогтоох хэрэгтэй. Хугацаа дуусмагц цаашид ашиглахыг бүрмөсөн зогсоох нь зүй. Анх зөвшөөрөл авахдаа болон ашиглалтын явцад хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрлийг сунгах ёсгүй нь хэнд ч ойлгомжтой. Ихэнх нь хуулийн шаардлагыг зөрчсөн шүү дээ. Нөхөн сэргээлтийг зохих түвшинд хийгээгүй аливаа тохиолдолд уг зөвшөөрлөө буцаан авах чамбай заалтууд өргөн барьсан төсөлд дутагдаж байна. “Урт нэртэй” хуулиа өөрчлөөгүй гэсэн мөртлөө журмын хуульд өөрчлөлт оруулан эх хуулиа зөрчиж байна. Засгийн газраас ээлжит бус чуулганд нэн чухал, яаралтай гэж оруулж буй Алтны худалдааг ил тод болгох хуульд ийнхүү хуудуутай зүйл их. Алт үйлчилгээний болон төлбөрийн хэрэгсэл гэдгийг хэн ч мэднэ. Бас валют, төгрөгийн баталгаа ч мөн. Энэ тухайд ач холбогдлыг яривал олон зүйл бий.  

Монгол банк гадаад валютын нөөцийг дундрахад нүдэнд нь тод харагдсан нь алт ажээ. Одоо 1,5 тэрбум ам.долларын бондоор амиа зогоож буй учир арга ч үгүй. Тэгвэл ямар гарц байна вэ? Алт хамгийн бага олборлож, банканд бага тушаасан гэх 2008-2012 онд гадаад валютын нөөцийг 3 тэрбум долларт хүргэсэн байх аа. Хямралын жилүүдэд шүү. Тэр үнэт металлыг тэгтлээ хөөцөлдөөгүй, ийм үр дүнд хүрсэн бодлого, туршлагаа судалж хараарай.
Хуулиар төрөөс алтанд хяналт тавих, худалдаалахыг ил тод болгох гэсэн Засгийн газрын эрмэлзлийг дэмжих нь зүйтэй. Монгол банкаар дамжуулан худалдан авах нь зөв. Монгол банкинд алт тушаасныг урамшуулахыг буруу гэж бас үзэхгүй. Харин алт олборлохыг төрөөс “дэмжинэ”, “тусална” гэх зэргээр өнөөгийн Засгийн газрын хөхиүлээд байгаа нь хүрээг нь хумих өмнөх бодлогоос эрс ухарчээ. Алтанд ашигт малтмал ашигласны төлбөр 5 хувийг багасгаж, 2,5 хувь болгох, өсгөн нэмэгдүүлэх төлбөрийг “0” болгоно гэж улаан цайм оруулан ирж буйг хар даа. Хувааж идэх боломжоо гаргаж авах нь ээ. Алтны худалдааг ил тод болгох нь зөв мөртлөө далим болгон сиймхийгээр татваруудаа хөнгөлж чөлөөлж авахаар оролдож буй нь хэтэрсэн хэрэг. Дээр дурдсан Оюутолгойгоос олборлох алтнаас авах татвар энэ цоорхойгоор гоожно. Монгол Улсын алт олборлолт буурах биш өснө. Оюутолгой ашиглалтад орсноор улс жилдээ 30 орчим тонн алт олборлох боломжтой. Нэг тонн алтны борлуулалтын үнэ ойролцоогоор 55 тэрбум. 30 тонноос 1 их наяд 655 тэрбум төгрөгийн орлого оллоо гэхэд 5 хувийн татвар 82.5 тэрбум. Шинэчлэлийн Засгийн газрын оруулж ирж байгаагаар нэг жилд 41 тэрбумыг эндээс алдана. Хэнд, юуны төлөө ингэж найр тавих ёстой болж байна. Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл ч өөрцгүй. “Даварсаар даварсаар Дагвын орон дээр” гэдэг шиг алтны амтанд орогсод энэ хуулиас болж хөрөнгө оруулалт муудсан, валют хомстсоны нэг шалтгаан гэж ярьж шуугиан дэгдэж байв. Одоо байтлаа “алдаа” гэх хүртэл ярьж байна. Больж үз дээ. Ийм бодлого хол явахгүй. Бид урьдын гашуун сургамжаа давтах ёсгүй.

Улсын Их Хурлын гишүүн Д.ДЭМБЭРЭЛ
2013.09.17

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...