“Хариуцлага алдан, ажлаас халагдсан эмчийг дахиад мэргэжлээрээ ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих боломжгүй”

Он гарсаар эрүүл мэндийн салбарт цөөнгүй хэрэг зөрчил гарсан. Тэр дундаа эмч нарын хариуцлагагүйгээс үүдсэн доголдлоос болж бага насны хүүхэд эндэх тохиолдол хэд хэд гараад буй. Эдгээрийн хамгийн сүүлийнх нь Баян- Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт амаржсан Н.Зулааг эх барьсан эмч ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хүүхдийг эхийн хэвлийгээс татахдаа хавчаараа буруу барьснаас охин тархиндаа хүнд бэртэл авсан. Харин үүнээс өмнө өнгөрөгч долдугаар сард Нэгдүгээр амаржих газарт төрсөн бүсгүйн саванд нь бохир орсон гэсэн оноштойгоор төрөөд хоёр хоносныхоо дараа нас барсан хэрэг гарсан юм. Эдгээр болон нийтэд ил болсон эмч нарын хариуцлагагүй үйлдэлд салбар яам хэрхэн анхаарал хандуулж буй талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаатай ярилцлаа.

-Өнгөрөгч долдугаар сард Нэгдүгээр төрөхөд амаржсан эмэгтэй нас барсан. Ар гэрийнхэн нь эмч нарын буруугаас болж ийм асуудал гарсан гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Чухам хаана, хэн хариуцлага алдсанаас ийм асуудал гарсныг тогтоохоор тухайн үед яамнаас ажлын хэсэг гарч байсан. Тодорхой дүгнэлт гарсан уу?
-Ер нь эхийн эндэгдэл дэлхий нийтэд байдаг асуудал. Үүний гол таван шалтгаан байдаг. Үжил халдвар, цус алдалт, жирэмсний манас таталт, манас таталтын урьтал, ураг орчмын шингэнээр бөглөрөх гэсэн дэлхий нийтэд тогтоогдсон шалтгаан бий. Энэ эхийн тухайд үжил халдварын улмаас амиа алдсан гэсэн эцсийн дүгнэлт эхний ээлжид гарсан. Цаашлаад юунаас үүдээд ийм халдвар авсан байв гэдэг нь мөн л олон шалтгаантай. Төрөх үед тухайн эхэд тусламж үзүүлсэн эмч нар халдвар оруулсан гэж ойлгож болохгүй. Энэ эхэд халдварын архаг голомт байсан, дээрээс нь төрсний дараа эхийн бие, дархлаа сулардаг. Үүнтэй холбоотой халдвар нь гүнзгийрч, улмаар үжил халдвар авах тохиолдол элбэг байдаг. Ямар нянгаар үүсгэгдсэн халдвар вэ гэдгээсээ шалтгаалаад богино хугацаанд хариу урвал үзүүлдэг, их хоруу чанартай нян л даа.

-Тэгэхээр ингэж халдвар авсан нь тухайн эхийн буруу байв уу эсвэл танай эмч нартай холбоотой юм уу?

-Эцсийн дүгнэлтийг шүүх хяналтын байгууллага тогтооно. Одоогоор ямар ч байсан тухайн үед талийгаачид тусламж, үйлчилгээ үзүүлсэн бүх эмч нараас мэдээлэл цуглуулах ажил үргэлжилж байна. Гэхдээ төрөөд хоёр хоносон эмэгтэй эндсэн нь мэдээж харамсалтай. Иймээс тухайн байгууллага талийгаачийг төрөхөд ажилласан эмч нарт цалингийн арга хэмжээ авсан байгаа.

-Яамнаас энэ асуудалд тухайлан арга хэмжээ авсан зүйлгүй байна гэж ойлгож болох уу?
-Тухайн байгууллагад гарсан асуудлыг тэр байгууллагын дарга, удирдлагууд нь авч хэлэлцээд хариуцлага тооцно шүү дээ. Хэрвээ орон даяар гарсан томоохон асуудал бол яам бодлогын хэмжээнд оролцож болно.

-Энэ асуудлыг яам авч хэлэлцээд ажлын хэсэг гарсан учраас л асуугаад байна л даа?
-Тухайн байгууллага дотооддоо арга хэмжээгээ авчихаад дараа нь манайх уруу энэ хүнд ийм арга хэмжээ авъя гэж хандвал бид тухайн асуудлыг судалж үзэх ёстой л доо. Тэгээд ч ар гэрийнхэн нь шүүхэд хандсан байгаа учраас бид наанаас нь давхар оролцох хэрэггүй гэж үзсэн. Хууль, хяналтын байгууллага удахгүй хэн нь хаанаа алдаа гаргаад хүний амь эрсэдчихэв гэдгийг тогтоох байх.

-Өнгөрсөн сарын 4-нд Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт амаржсан нярайд тусламж үзүүлсэн Н.Сүрэнжав гэх эмч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Үүний улмаас нярай тархиндаа хүнд гэмтэл авсан хэрэг гарсан. Энэ асуудалд яам хэрхэн анхаарал хандуулав. Энэ мэт тодорхой асуудалд тухай бүрт нь хариуцлага тооцдог байх гэж бодож байна?

-Дээрх тохиолдолд эмч согтуу байсан нь үнэн. Энэ бол цэвэр тухайн эмчийн хариуцлагын асуудал. Гэхдээ аймаг, орон нутагт гарсан хэрэгт яам шууд оролцох ёсгүй, бид бодлого, чиглэлээр хангана. Тухайн аймаг нийслэл, орон нутагт байгаа хүн амынхаа эрүүл мэндэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээг чанартай, аюулгүй үзүүлэхтэй холбоотой гарсан асуудлыг улсын хэмжээнд тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцдаг. Тиймээс бид тухайн асуудал үүссэн газарт дамжиж л хариуцлага тооцно гэсэн үг. Гэхдээ энэ хэрэг дээр бол эмнэлгийн тусламж үйлчилгээ гэхээсээ илүү тухайн эмч цэвэр хариуцлагын алдаа гаргасан. Хэрвээ тухайн үед тэр эмч ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бол тийм асуудал гарахгүй шүү дээ.

-Ажлын байрны дүрэм журам зөрчсөн эмчид хэрхэн хариуцлага тооцсон талаар яамнаас мэдээлэл авсан байх. Н.Сүрэнжав эмчийн ажлын туршлагын талаар тодруулбал?
-Энэ асуудлаар яаманд мэдээлэл ирүүлсэн. Тухайн эмчийг асуудал гаргасан даруйд ажлаас нь халсан. Ер нь асуудал даамжраад ар гэрийнхэн нь хууль, хяналтын байгууллагад хандвал түүгээрээ л шийдэгдэнэ. Энэ эмчийн тухайд олон жил ажилласан туршлагатай л эмч юм билээ. Гэхдээ тухайн үед архи уусан байсан нь ийм асуудал гарах үндэслэл болчихож байгаа юм.

-Оны өмнөхөн Увсын Зүүнхангай суманд эмч нярайд тусламж үзүүлээгүйгээс амиа алдсан тохиолдол гарсан. Мянганбаяр эмчийн асуудал хууль, хяналтын байгууллагаар явж байгаа сураг дуулдсан ч таг болсон. Та бүхэнд энэ талаар мэдээлэл байна уу?

-Мянганбаяр эмчийн асуудал хууль, хяналтын байгууллагаар шалгагдаад шүүхэд очсон. Гэвч анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон байгаа. Гэхдээ сумын Засаг даргын захирамжаар энэ хүнийг ажлаас нь халсан.

-Энэ хэргийн дараахан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярайг сувилагч түлсэн асуудал олныг цочирдуулсан. Хэнд, хэрхэн хариуцлага тооцов?
-Энэ асуудлыг аймгийнх нь хэмжээнд шалгасан. Ингээд аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн дарга нар болон нэгдсэн эмнэлгийн орлогч дарга нарыг ажлаас нь халсан. Түүнчлэн Төрөх тасгийн эрхлэгчид албан тушаал бууруулах арга хэмжээ авсан. Мөн тухайн үед нярайг усанд оруулах гэж байгаад түлсэн Цэрэнлхам сувилагчийг ажлаас халж, шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан.

-Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт амаржсан Б.Зул- Эрдэнэ гэх бүсгүй эмнэлгийн нэр дээр гомдол гаргасан. Мөн л эмчийн буруутай үйл ажиллагаанаас болоод хүүхдийнх нь бие муу байгаа гэх мэдээллийг өгч байсан л даа?
-Энэ асуудлын тухайд удааширсан төрөлт байсан. Тухайн асуудлаар бид Булган аймгийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт бичиг явуулж, дүгнэлт гаргуулсан. Б.Зул- Эрдэнийн зүгээс өөрт нь тусламж үзүүлсэн Маналжав эмчийг согтуу байсан гэх мэдээллийг өгдөг. Гэвч дээр дурдсан байгууллагуудаар шалгуулж, дүгнэлт гаргуулахад эмчийн согтуу байсан нь тогтоогдоогүй.

-Тэгэхээр энэ асуудалд хэн нэгэн хариуцлага хүлээгээгүй гэсэн үг үү. Одоо хүүхдийн бие ямар байгаа талаар мэдээлэл авсан уу?
-Хүүхэд тархины саажилттай, одоогоор эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа. Холбогдох эмч нарт захиргааны хариуцлагын арга хэмжээ авсан.

-Энэ мэт маш олон хэргүүдийн талаар та бид ярилцлаа. Ер нь эмч ч бай, иргэн ч бай хэн нэгний буруутай үйлдлээс л алдаа гардаг. Гэхдээ бидний ярьсан хэргүүдийн тухайд ихэвчлэн эмч нарын хариуцлагын асуудал яригдаад байна л даа. Тэр бүрт хариуцлага алдсан хүмүүсийг ажлаас халаад өнгөрөх нь хэр зохимжтой шийтгэл юм бэ?
-Дээр хэлсэнчлэн алив асуудал хууль хяналтын байгууллагын шатанд очоод, тухайн ар гэрийнхэн нь шүүхэд хандвал асуудал тэр журмаараа л шийдэгдэнэ. Харин тэгээгүй тохиолдолд эрүүл мэндийн газар өөрийнхөө дотоод журмын дагуу л хариуцлагаа тооцож байгаа нь энэ.

-Хэдийгээр тухайн эмч олон жил ажилласан, туршлагатай сайн байлаа ч гэсэн тэр хүний нэг удаагийн буруутай үйлдлээс болоод хүн амиа алдчихаад байхад цалингийн хувиар торгох, цаашлаад хамгийн дээд тал нь ажлаас халаад өнгөрч байгаад гомдолтой иргэн маш их байдаг?
-Эрүүл мэндийн байгууллагын өөрийнх нь зохицуулалт л тэр. Ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад хандвал асуудал түүгээрээ шийдэгдэнэ. Бид бол байж болох хамгийн дээд арга хэмжээгээ авч байгаа нь л тэр шүү дээ.

-Хариуцлага алдаад ажлаас халагдсан эмчийг өөр газар мэргэжлээрээ ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьдаг уу. Нэг алдсан хүн хоёр алдаж болох гэдэг үүднээс асууж байна л даа?
-Тэр эмчийг өөр эмнэлэг ажилд авсан эсэхийг үнэндээ мэдэх боломжгүй. Гэхдээ нэг хэсэгтээ л ажиллахгүй байх л даа.

-Ажлаас халж байгаа эмчийг мэргэжлээрээ ажиллаж болох эсэхийг нь тухайлан зааж өгдөггүй гэсэн үг үү?
-Зөвхөн ажлаас нь хална. Чухам хэдий хугацаанд мэргэжлээрээ ажиллаж болох үгүйг жил тооцож зааж өгдөггүй. Харин эмчийн эрх хасах тохиолдолд л жил тооцдог.

-Та бүхний хариуцлага тооцож байна гээд ажлаас халаад өнгөрч байгаа чинь тухайн хүний толгойг илээд өнгөрч байгаатай л адил гэсэн байр суурьтай хүн олон бий шүү дээ. Энэ байдлыг таслан зогсоохын тулд яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Ажлаас халж байгаа нь багадсан шийтгэл гэж байгаа бол хууль хянал- тын байгууллагад хандах хэрэгтэй. Тэгээд асуудал нь тэр журмаараа л шийдэгддэг л дээ. Тэр хүнд яаж хариуцлага тооцсоныг тухайн албан байгууллагаас нь бидэнд мэдээлэл ирдэг. Гэхдээ бид асуудал гарсан тохиолдолд тухайн эмчийг мэргэжил дээшлүүлэх сургалтад албадан хамруулдаг. Энэ чинь бас нэг шийтгэл шүү дээ. Гэхдээ алдаа гаргах бүрт нь эмч нарынхаа эрхийг хасаад салбараас нь хөөгөөд байвал энэ салбарт чинь хэн ажиллах юм бэ. Эмч алдаа гаргах бүрт нийтээрээ жигшээд, үзэн ядаад байгаа нь бусад мэргэжил нэгтнүүдэд нь ч гэсэн муугаар нөлөөлж байна шүү дээ. Эмч гэдэг чинь байнга хүн алж, алдаа гаргадаг хүн биш шүү дээ. Тэр хүн чинь өчнөөн олон хүнд амьдрал бэлэглэсэн, тусламж үзүүлсэн гээд тэр хүний байгуулсан гавьяаг бас дурддаг баймаар байна шүү дээ.

-Ингэж нийгмийн сэтгэлзүйг эерүүлэхийн тулд яамны зүгээс бодлогын төвшинд чухам ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Бид бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа шүү дээ. Асуудал үүсэх бүрт хэнд яаж хариуцлага тооцож байгааг бид эргээд судалж, хянаж шалгаж байна. Хүн алдаа гаргалаа гэхээр л нийтээрээ түүнийг муучилдаг болохоос үхлийн ирмэг дээр байсан хүнийг энэ эмч ингээд аварчихлаа гэхэд үнэндээ хэн ч тоодоггүй шүү дээ.

-Хүний төлөө тангараг өргөсөн хүмүүс учраас тэр шүү дээ. Мэдээж эмч нарын гавьяаг магтаад баршгүй. Гэвч тангараг өргөсөн хүн хариуцлага алдсаны цаана хүн насаараа өвчин хуучтай болох цаашлаад амь насаараа хохирох тохиолдол гардаг учраас эмч нарын хариуцлагын асуудал хэзээд чухал сэдэв байдаг.
-Хэчнээн хичээсэн ч аль ч газар алдаа гардаг. Цагаан цаас шиг өөгүй хүн гэж байхгүй. Санаатай гэхээсээ илүү санамсаргүй байдлаасаа болоод алдаа гарчихаад л байна.

-Эмч нар ингэж доголдол гаргаад байгаа нь хуучирч муудсан тоног төхөөрөмж мэтийн өөрөөс нь хамаарахгүй зүйлтэй холбоотой байна уу эсвэл тухайн хувь эмчтэй холбоотойгоор гараад байна уу?
-Манай улсад эмнэлгийн тоног төхөөрөмж дутмаг байдаг нь үнэн. Гэхдээ бид аль болох л дэлхийн төвшний техник, хэрэгслээр эмч нараа хангахыг зорьж байна. Доголдол гараад асуудал үүсээд байгаа тохиолдол бүрт харамсалтай нь ихэвчлэн тухайн эмчийн цэвэр хариуцлагатай холбоотойгоор гараад байна л даа.


М.ӨНӨРЖАРГАЛ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.70.34.244)

    2017-01-18

    тангараг өргөсөн эмч хүний амь насыг аврах, зөв эмчлэхгүй юм бол хариуцлага тооцох л хэрэгтэй. энэ болормаа гэгч алдаа гаргасан юмнуудыг хэт их өмөөрч байна шүү.

  • (202.70.34.244)

    2017-01-18

    тангараг өргөсөн эмч хүний амь насыг аврах, зөв эмчлэхгүй юм бол хариуцлага тооцох л хэрэгтэй. энэ болормаа гэгч алдаа гаргасан юмнуудыг хэт их өмөөрч байна шүү.

  • hlhl (180.235.186.176)

    2014-04-21

    moron

  • (103.23.51.4)

    2013-10-07

    ЭМБын хүнд суртал хэрээс хэтэрсэн гэдэгтээ санал нэгдэхгүй удирдах ажилтан байвал тэднийг өөхшүүлэгч тэгээд бас өөрөө хүнд сурталтан болно ЭМЯных нь удирдлага үнэхээр муу байна Би хүний мууд дурласандаа бишээ 2012 онд өвдөөд би өвчөө илээршүүлэх гэж дүүргийнхээ эмнэлэгээс 13-р маягт авч нэгдсэн 1-р эмнэлэгт танил талаараа хаалгадуулж төлбөртэй гэх тасагт 10 хоноход өвчин намдаагч л хийгээд байхаас энэ хүний өвчин нь юу бэ оношийг нь тодруулья гэж бодох эмнэлэгийн ажилтан ховор юм билээ Ядаж нэг зүрхний бичлэг хийгээд өгөхгүй л юм билээ Энэ хүн хэр бинчинтэй бол хаашаа ямар танил руугаа явуулбал би хувиа авч чадах вэ л гэж бодож явдаг юм шиг санагдсан Гараад 2-р эмнэлэгт төлбөртэй үзүүлэхэд мөн л Сонгодоогоор үнэтэй зураг авхуулж ир гэх жишээний 2р эмнэлэгт өөрт нь рентген зураг оношилгоо байсаар байхад Ер нь эмч нарын дийлэнхи нь сүлжээний бүтээгдхүүнийг шахдаг тохирсон эс тохирсон ч Үнэн энэ үзэгдэл нийтлэг болсон байналаа Хувийн эмнэлэгтэй эмч нар ихэнхидээ улсын эмнэлэгийн тасгийн архлэч ахлах гэх мэт албан тушаалтай ихэнхидээ л өөрийн эмнэлэг рүү хүмүүсийг татах зорилгоор бас давхар цалин эрх мэдлийн төлөө байдаг юм билээ Тийм л сүрхий хувийн эмнэлэг аваад явах чадалтай бол хувийн эмнэлэгээ л аваад явна биз улсын эмнэлэгт байх сонирхол нь арай өөр юм шиг Улсын эмнэлэгт ажиллах цагаараа хувийн эмнэлэгтэй байж л байдаг юм билээ гэх мэт ЭМийн тогтолцоонд асар их гажуудал байгаад байхад монгол хүн яаж эрүүлжих билээ Бурхан минь үхтлээ хүнд өвчин зовлон бүү тохиоогоосой л гэж залбирахаас өөр яах билээ Бурхан бөөгийн шүтлэг ихсч байгаа нь ч ЭМБын чадвар муу байгаагийн бас нэг жишээ бишүү