Х.Хатанбаатар: Хүн өдөрт хамгийн багадаа 30 минут ном уншиж байх хэрэгтэй

2013 оны 10 сарын 10
Х.Хатанбаатар 2008 онд Туркэд болсон олон улсын “Ой тогтоолт болон хурдан уншлагын аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол улсынхаа нэрийн өмнөөс оролцож мөнгөн медалийн эзэн болж Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг эх орондоо анх удаа авчирч байсан. Энэ цаг мөчөөс хойш Монголын хүүхэд залуус оюун ухааны спортод олон улсад дээгүүрт жагсах болсон билээ. Ийнхүү Монголын хүүхэд, залуусын гаргаж буй амжилт, оюуны спортын талаар Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатартай ярилцлаа.

-Өнгөрсөн саруудад манай тамирчид оюун ухааны олон улсын тэмцээнд нэлээд амжилт үзүүллээ. Энэ амжилтуудаас дурдаж яриагаа эхлүүлье?
-Монголын Оюун ухааны академи 2010 онд үүсгэн байгуулагдсан. Бидний эрхэм зорилго оюуны спортын зарим төрлүүдээр дэлхийд үнэлэгдэх тамирчдыг бэлтгэн гаргах явдал. Тухайлбал, цээж бодолт, ой тогтоолт, судоку, тааварт бодлого, хурдан уншлага, рубик шоо, спорт өрөлт зэрэг арваад төрлөөр тамирчдыг бэлтгэж байна. Мэдээж эдгээр оюуны спортын төрлүүд шатар, даамыг бодвол хэдий хожуу үүссэн ч гэсэн сүүлийн жилүүдэд тэмцээнд хамрагдаж буй улс орон, тамирчдын тоо эрс нэмэгдэж байгаа. Жишээ нь, ой тогтоолтын тэмцээн 1991 оноос зохиогдож эхэлсэн. Өнөөдөр 48 улсад улсын аваргын тэмцээн нь зохиогдож байгаа бөгөөд тамирчдын тоо 1700-д хүрсэн байна. Манай орны хувьд 2008 оноос хойш өнөөг хүртэл академийн тамирчид оюуны спортын олон төрлөөр олон улсын болоод дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож байна. Өнгөрсөн хугацаанд манай тамирчид оролцсон тэмцээн болгондоо өндөр амжилт үзүүлж хоёр олон улсын их мастер төрж, цээж бодолт, ой тогтоолтын зарим төрлүүдэд дэлхийн аварга, мөн Mental Olympics буюу дөрвөн жилд нэг удаа явагддаг оюуны олимпийн цээж бодолт, ой тогтоолт зэрэг төрлүүдэд аваргатай болж чадсан. Энэ жилийн хувьд гуравдугаар сард гурав дахь удаагийн ой тогтоолтын улсын аваргаа амжилттай зохиосон ба манай бага, дунд насны ангилалд өрсөлдсөн хүүхдүүд дэлхийн 11 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Жишээ дурьдахад, 12 настай Г.Тэмүүлэн таван минутын дотор 565 цифр тогтоон нэг ч алдалгүй нэрлэсэн нь шүүгчдийг гайхшруулж чадсан. Мөн есдүгээр сард Туркийн Ой тогтоолтын тэмцээнд гурван тамирчны хамт оролцож 30 медалийн 12-ыг нь хүртлээ. Хамгийн сүүлд Хонконгийн ой тогтоолтын нээлттэй тэмцээнд 11 орны 110 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдлөө. Академийн 10 тамирчин бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж нийт 90 медалийн 39-ийг авч багаараа Филиппин улсын дараа хоёрт орсон. Гуравт Хонконг, дөрөвт Япон, тавд Хятад орлоо. Мөн есдүгээр сарын 21-нд анх удаа “Монгол-2013” рубик шооны нээлттэй тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээн нь Дэлхийн Шооны Холбооны албан ёсны тэмцээн бөгөөд оролцогчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигддэг, тэмцээний ерөнхий шүүгчээр Дэлхийн Шооны Холбоог үүсгэн байгуулагч Рон ван Брухем ажилласан. Мөн дараагийн тэмцээн болох Ой тогтоолтын дэлхийн аварга 11-р сард Их Британы Лондон хотод болно.

-Дэлхийн аваргад оролцох тамирчдаа сонгосон уу?
- 22 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн зургаан тамирчин дасгалжуулагчийн хамт оролцохоор бэлтгэлээ хийж байна. Тус тэмцээнд бага насны ангилалд Г.Тэмүүлэн, дунд насны ангилалд Ц.Бат-Эрдэнэ, Б.Намуунтуул, З.Цэцэгзул, насанд хүрэгчдийн ангилалд Ө.Сэнгэсамдан, их мастер С.Цогбадрах нар оролцоно.

-Монголын баг тамирчид дэлхийн чансаанд хэддүгээрт жагсдаг вэ?
-Дэлхийн чансааг жил бүр гаргадаг. Тэмцээн уралдаанд багаараа хэдэд жагсч байна гэдэг нь гол үзүүлэлт. Оюуны спорт 20 гаруй жилийн түүхтэй манай улсын хувьд хожуу нэвтэрсэн ч бидний амжилт чамлахааргүй байна. Манай тамирчид 2010 оноос хойш олон улсын чанартай тэмцээнд оролцож амжилтаа ахиулсаар ирсэн. Тухайлбал, дэлхийн аваргаас багаараа хүрэл медаль, оюуны олимпоос мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ жилийн хувьд Хонконкийн нээлттэй тэмцээнд багаараа Филиппин улсын дараа хоёрдугаар байрт орлоо. Дэлхийн чансаанд 1700 гаруй тамирчдаас хамгийн өндөр оноотой Монгол тамирчин 15 настай Ц.Бат-Эрдэнэ 28 дугаар байрт бичигдэж байна. 21 настай Ө.Сэнгэсамдан 40, 17 настай Б.Намуунтуул дэлхийд 51 дүгээрт жагсч байна.

-Энэ олон тэмцээнд оролцох зардлаа хэрхэн зохицуулж байна?
-Гадаад оронд тэмцээнд оролцох, дотооддоо сар бүр тэмцээн зохион байгуулах нь их зардал гардаг. Өнөөдөр дотоодод зохиож буй тэмцээнүүдийн зардлыг академийн сургалтаас олсон хуримтлалаас санхүүжүүлдэг. Энэ жил гадаадад болсон тэмцээнүүдэд оролцоход шаардлагатай зардлыг академийн зүгээс болон тамирчдын гэр бүлийн туслалцаатай шийдсэн. Мэдээж бүх тэмцээн уралдаануудад оролцох боломж зардлаас шалтгаалаад хязгаарлагдаж байдаг. Одоо тамирчдын дэлхийн аваргад оролцох зардлыг шийдэх талаар оюуныг дэмжигч хувь хүмүүс, албан байгууллагатай хамтарч ажиллах санал тавина. Хамгийн гол нь тамирчид маань оюун ухаанаараа дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргана гэдэг нь бидний бахархал шүү дээ.

-Ямар аргаар хүүхдүүдээ бэлтгэж ийм өндөр амжилт үзүүлдэг юм бол?
-Оюуны спортоор хичээллэхэд арга техник, дасгал сургуулилтад суурилна. Хамгийн гол нь энд ашиглаж буй арга нь хүний тархины ажиллах механизмд яг тохирдог. Мэдээллийг системтэй тогтоох чадварт суралцаж, үүнийгээ цааш нь хөгжүүлж байгаа юм. Мэдээлэл тогтооход ихэнх хүний хувьд түгээмэл байдаг зуршил хэд хэд давтах байдаг. Харин манайд бол мэдээллийг ганцхан хараад эсвэл сонсоод тогтоох аргачлалд сургана гэсэн үг. Жишээ нь, ой тогтоолтын тэмцээний нэг төрөл болох тооны марафон гурван цаг үргэлжилдэг. Тамирчид нэг цагийн турш хэдэн мянган цифрийг дэс дараатайгааар тогтоож хоёр цагийн хугацаанд нэг ч алдалгүй нэрлэх ёстой. Үүнийг хийхэд анхаарал төвлөрөлт, тэсвэр тэвчээр гээд маш олон чадвар хэрэг болно. Зарим хүмүүс утга учиргүй цифр тогтоож, хөзөр болон нэр, зүс царай цээжлэх шаардлага байна уу гэж хэлдэг л дээ. Энэ бол тэмцээний төрөл учраас хийж байгаа дасгал. Тэгвэл өнөөдөр гүйлтийн тэмцээнд заавал 100, 400 метр байх яагаад шаардлагатай гэж. Үүнтэй л ижил зүйл. Ер нь хүн нэгж хугацаанд хоорондоо холбоогүй +-7 мэдээлэл тогтоох боломжтой. Жишээ нь танд 20 цифр хэлээд дарааллаар нь сана гэхэд дээд тал нь 9-ийг санах боломжтой гэсэн үг. Гэтэл энэ хүүхдүүд нэг дор хэдэн мянгаар нь тогтоож байна. Б.Намуунтуул Туркт болсон тэмцээнд 30 минутанд нийт 3105 цифр тогтоон алдалгүй нэрлэж дэлхийн рекорд тогтоосон. Ер нь олон улс, дэлхийд нэг ч гэсэн зүйлээр амжилт гаргаад явж байгаа хүмүүсээ монголчууд хараар будахаас илүү дэмжих ёстой болов уу. Энэ чадвар тухайн хүний ажил, амьдрал, сурлагад шууд нөлөөлж байдаг учраас хичээллэгсэд сэтгэл хангалуун байдаг. Ийм түвшинд хүрэхийн тулд бид бүхэн олон аргачлал боловсруулж, туршиж мөн маш их бэлтгэлийн үр дүнд амжилт гаргаж байна.

-Та энэ спортоор хичээллэх цаашлаад Монголын Оюун ухааны академийг байгуулах сэдэл хаанаас олж авсан юм бэ?
-Миний хувьд 2002-2009 онд Туркт хуулийн сургуульд суралцаж бакалавраа төгсч, магистраа хамгаалсан. Тухайн үед буюу 2007 оноос энэ төрлийн мэдээллийг анх телевизийн мэдээгээр сонсоод миний хувьд хуулийн зузаан номыг хурдан уншиж, тогтоон боловсруулж хэрэгтэй үедээ санахад дөхөм юм байна гээд энэ сэдвийг анх сонирхсон юм. Үр дүнг нь үзсэний эцэст багш, найз нөхдийнхөө зөвлөснөөр анхныхаа тэмцээнд 2008 онд оролцож хоёрдугаарт орж байлаа. Үүнээс хойш тогтмол тэмцээн уралдаануудад оролцож байгаад энэ жилээс ерөнхийдөө дасгалжуулагч болж хүүхэд, залуусыг бэлтгэж байна. Ер нь ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага зэрэг тэмцээнд оролцсон анхны Монгол тамирчин гэж бүртгэгдэж байсан. Мэдээж ийм төрлийн тэмцээн уралдаанд ганцаараа оролцоод байх биш цаашдаа өөрийгөө нээж чадаагүй олон хүүхэд залуусыг бэлтгэж, миний амжилтаас илүүг гаргах ёстой гэсэн үүднээс эх орондоо ирсний дараа Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл амжилттай удирдаад явж байна.

-Оюун ухаанаа хөгжүүлэхийн тулд өдөр бүр дасгал хийх хэрэгтэй юу. Оюуны спортоор хичээллэдэггүй хүмүүс оюунаа хөгшрүүлэхгүйн тулд ямар дасгал хийж болох вэ?
-Ер нь өдөр тутам дасгал хийх хэрэгтэй. Ой санамж бидний алхам тутамд хэрэг болдог. Гэтэл ой санамжтай холбоотой бэрхшээл маш их байдаг. Жишээ нь, уншсан зүйлээ мартах, танилцсан хүнийхээ нэр, барьж байсан зүйлээ хаана орхисноо мартах зэрэг зүйл бидний амьдралд элбэг тохиолддог. Энэ байдлаас хүн гарах ёстой. Өдөр тутам уураг тархиа хөгжүүлэх дасгал хийх хэрэгтэй. Зөвлөхөд хамгийн энгийн арга нь хүн өдөрт хамгийн багадаа 30 минут ном унших ёстой. Мэдлэг олж авахын тулд ном уншиж байгаа хүний уураг тархи маш сайн ажиллана гэж үздэг. Мөн оюун ухаан хөгжүүлэх тоглоом болох шатар, даам хааяа тоглох, үгийн сүлжээ, судокуг бөглөх, цаашлаад ой тогтоолтын арга техникт суралцаж байгаа бол үүнтэй холбоотой өдөр тутам хэдэн минут дасгал хийх нь оюуны хөгжлийг нэмэгдүүлдэг.

-Хүүхдийн оюун ухааныг хэдэн наснаас нь хөгжүүлэх вэ?
-Мэдээж хүүхдийн оюуны хөгжилд эхийн хэвлийд байхаас нь анхаарах ёстой. Архи, тамхи зэрэг амьдралын буруу хэвшил, зуршлаас хүн татгалзах хэрэгтэй. Ухамсартайгаар хүүхдийг хөгжүүлж эхлэх нь 3-4 нас гэдэг. Судлаачид тухайн хүний оюун ухааны 75 орчим хувь нь 4-7 насанд бүрэлддэг гэж үздэг. Дөрвөн наснаас бол суурийг нь сайн тавих ёстой. Ер нь тархиа хөгжүүлэхэд насны хязгаар байхгүй. Академийн хувьд хамгийн ахмад төгсөгч 73 настай хүн байсан. Хүний санаанд оромгүй ой тогтоолтын даал- гаврыг телевизээр хийж харуулахад хүмүүс маш их гайхаж байсан. Сая болсон Хонконгийн тэмцээнд хамгийн бага нь таван настай, хамгийн ахмад нь 80 настай хүн оролцлоо.

-Танай академи өнгөрсөн сард Монгол Улсад анх удаа рубик шоо- ны нээлттэй тэмцээнийг зо- хион байгуулсан. Тэмцээн хэр амжилттай болов?
-Өнгөрсөн сард “Монгол 2013” рубик шооны нээлттэй тэмцээнийг анх удаа зохион явууллаа. Энэ тэмцээн нь дэлхийн шооны холбооны албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн тэмцээн гэдгээрээ онцлогтой болсон. Учир нь энэ тэмцээнд оролцсон тамирчин бүрийн амжилт дэлхийн чансаанд бүртгэгдсэн. Мөн тус тэмцээнийг дэлхийн шооны холбооны үүсгэн байгуулагч Рон Ван Брухэм хэмээх голланд хүн ирж ерөнхий шүүгчээр ажил ласан юм. Рубик шооны нээлт- тэй тэмцээнийг бид долоон төрлөөр явуулсан. Зар эртнээс гарсан учраас хүүхдүүд маш сайн бэлтгэл хийсэн нь харагдаж байлаа. Хүүхэд залуус өөрсдийгөө хэрхэн бие даан хөгжүүлж байгааг бид энэ тэмцээнээс харсан. Рубикийн шоог хамгийн хурдан хугацаанд буюу 11 сек 14 дольд эвлүүлсэн. Бэлтгэл дээрээ найм, 10 секундэд ч эвлүүлсэн хүүхэд бий. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Манай байгууллага дан ганц ой тогтоолтын төрлөөр биш хоёр сар тутам, судоку, рубик шоо, цээж бодолт, спорт өрөлт зэрэг олон төрлийн тэмцээн зохион байгуулж байна. Сүүлийн үед өөрсдийгөө сорих, оюуны чадвараа хөгжүүлье гэсэн хүн олон болж тэмцээн уралдаанд оролцох тамирчдын тоо ч ихэссэн байгаа. Энэ нь бидний эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч байна гэж боддог. Жишээлбэл, биднийг бага байхад л шоо эвлүүлдэг байсан нь орхигдсон. Манай хамт олон шоог дэлгэрүүлж хөгжүүлэх гэж 2010 оноос ажилласан. Өнөөдөр аль ч сургуулийн ямар нэгэн ангид ороод харахад дор хаяж 3-4 хүүхэд шоо эвлүүлээд сууж байгаа. Шоо барьсан хүүхдүүд хаа сайгүй явж байна. Шоо сонирхогчдын тоо ч эрс өссөн. Сонирхлын олон клубууд байгуулагдсан. Хүүхдүүд нэг ч гэсэн зүйлд сонирхлоо төвлөрүүлж хобби болгон цагийг үр дүнтэй өнгөрүүлж байна.

-Рубик шооны ач холбогдол?

-Шоо эвлүүлнэ гэдэг нь тусгай алгоритм байдаг. Хамгийн гол ач холбогдол нь хурдтай эвлүүлэхдээ л байдаг. Хүүхэд бодохгүй эвлүүлэх ёстой. Нэг талыг нь эргүүлээд хараад зогсоод байх ёсгүй. Чөлөөтэй, хурдтай сэтгэх бөгөөд гар бол шоог тасралтгүй эргүүлж байх ёстой. Шоо эвлүүлснээр хурдтай сэтгэх, тоо цоо- лох, орон зайн баримжаа бий бол- гох, ой тогтоолт зэрэг олон дувуу тал тай. Шооны үндсэн төрөл болох рубикийн 3х3-тай шоог эвлүүлж сурсан тохиолдолд бусад шоог бие даан сэтгэж эвлүүлж чадах чадвартай бол дог. Манайд 11х11-тэй том шоог хүртэл хүү хэд бие даан эвлүүлж чадаж байна. Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Г.НЯМСҮРЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...