Эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хорт хавдрын эрсдэлээс хамгаалж чадна

-Дэлхийн Цэвэршилтийн Өдөрт зориулав-

Жил бүрийн 10 дугаар сарын 18-ны өдрийг дэлхий нийтээр “Дэлхийн Цэвэршилтийн Өдөр” болгон тэмдэглэдэг.

Олон Улсын Цэвэршилтийн Нийгэмлэг (International Menopause Society)-ээс 2013 онд энэ өдрийг “40-өөс дээш насанд хорт хавдрын эрсдлээс урьдчилан сэргийлье!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр санаачилсан байна. Монголын Менопауз, Андропаузын Зохицуулалтын Нийгэмлэг (ММАЗН) нь Олон Улсын Цэвэршилтийн Нийгэмлэг (IMS) болон Ази Номхон Далайн Орнуудын Цэвэршилтийн Нийгэмлэгүүдийн Холбоо (APMF)-ны гишүүн байгууллага тул өөрийн оронд “Дэлхийн Цэвэршилтийн Өдөр”-ийг сурталчлах, мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү Цэвэршилт судлалын нийгэмлэг нь 40-өөс дээш насны эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн даавар буурсантай холбоотой эрүүл мэндийн өвөрмөц байдал болон өвчлөлийг судлах, эрүүл хэлбэрээр насжих, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор олон улсын стандартын мэдээлэл хүргэж, сургалт зохион байгуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээний шинэ аргачлалыг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

Цэвэршилт бол амьдралын нэгэн үе шат бөгөөд өвчин эмгэг биш юм. Цэвэршилт нь бие махбодийн физиологийн шилжилтийн үе ба эмэгтэй бүрт онцлог өвөрмөц байдлаар явагдана. Цэвэршилтийн нас ойртох тусам /цэвэршихийн урьдал шилжилтийн үе буюу перименопауз үед/ эмэгтэй бүрт эстроген, прогестерон болон тестостерон зэрэг бэлгийн даавруудын түвшин буурч эхэлдэг. Эдгээр дааврын өөрчлөлтийн улмаас эмэгтэйн биед өндгөн эс боловсрон, үр хүүхэдтэй болох нөхцөл үгүй болж, улмаар сарын тэмдэг огт ирэхээ болино.

Цэвэршилтийн шилжилтийн үе хэдэн жил үргэлжлэх /дунджаар 4 жил/ бөгөөд, сарын тэмдэг  зогссоноос хойш бүтэн 12 сар болсны дараа л эмэгтэйг бүрэн цэвэршсэн гэж үздэг. Хэвийн жамаар эмэгтэйчүүд ойролцоогоор 45-аас 55 насандаа цэвэршиж,  сарын тэмдэг зогсох дундаж нас 51 байна \үндэстэн, гарал үүслээс хамаарч өөр байж болно\. Цэвэршилтийн насны Монгол эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар Монгол эмэгтэйн цэвэршилтийн дундаж нас 49,2 боловч, цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн 90 хувьд нь цэвэршилтийн шинж тэмдэг, зовиур ямар нэгэн байдлаар илэрсэн байдаг. Мөн удамшил болон нийгэм, эдийн засгийн байдал, цэвэршилтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, хувь хүний амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйлээс шалтгаалж эрт цэвэршилт нэмэгдэх хандлагатай болсон.

Насжихын хирээр бие махбодид эд эсүүдийн хорт хавдрын хувирлын эрсдэл нэмэгдэх хандлагатай байдаг ч, эрүүл амьдралын хэвшлийг хэрэгжүүлэн, мэдээлэлтэй байснаар хавдрын эмгэгээс урьдчилан сэргийлэхэд тусалж чадна.

Олон Улсын Цэвэршилтийн Нийгэмлэг (IMS) нь цэвэршилтийн физиологийн явц ба эмгэг хам шинж нь хорт хавдрын эрсдлийн зэрэглэлд хэрхэн нөлөөлдгийг судалсан олон улсын судлаачдын эрдэм шинжилгээний ажлуудыг нэгтгэн дүгнэж, өөрийн тогтмол хэвлэгддэг Климактерик сэтгүүлд нийтэлдэг.

Архи тамхины хэрэглээг багасгах, илүүдэл жингээ хасах, эрүүл хооллох хэвшилтэй болж дасгал хөдөлгөөний идэвхтэй байх зэрэг урьдчилан хамгаалах арга хэмжээ авахын хамт эрүүл мэндийн тогтмол үзлэгт хамрагдсанаар хорт хавдрын тохиолдол болон эндэгдлийг эрс бууруулах боломжтой байдаг. Хорт хавдрын эндэгдэл\тохиолдлын харьцаа хөгжиж буй орнуудад хөгжингүй орнуудаас илүү өндөр байдаг ба орлого багатай бүлгийн хүмүүсийн хавдрын эндэгдлийн тоо өндөр орлоготой бүлгийнхнээс их байдаг нь судалгааны үр дүнгээс илэрхий харагдана.

Хорт хавдар нь нас баралтын гол шалтгаануудын нэг мөн боловч, тэргүүлэх шалтгаан биш юм. Ихэнх хөгжингүй орнуудад нас баралтын шалтгааны 35-40 хувийг зүрх судасны өвчин эзэлдэг бол Баруун Европ, Австрали, орлого өндөртэй Хойд Америк, Ази Номхон Далайн орнууд, Зүүн Ази, Өмнөд Латин Америк зэрэг орнуудад эмэгтэйчүүдийн 20-25 хувь нь хорт хавдрын улмаас эндэж байна. Хөхний хорт хавдар, уушиг, бүдүүн гэдэсний хорт хавдрууд дэлхийн ихэнх улс орнуудад хамгийн түгээмэл тохиолддог. Умайн хүзүүний хорт хавдар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хангалтгүй байдлыг илтгэнэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг (тамхи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах, илүүдэл жингээ хасах, зөв зохистой хооллох, хөдөлгөөний идэвхтэй байх) авч, хавдрын эрт илрүүлгийг хийж чадвал хорт хавдрын тохиолдол/эндэгдлийг ихээр бууруулах бололцоотой.

http://stat.gogo.mn/news/2013/10/15/picture1.jpg

Оношлогооны өндөр үзүүлэлттэй аргачлалыг нэвтрүүлж, хавдрын эмчилгээ үйлчилгээний тусламжийг орон нутгийн хүрээнд шийддэг байж чадвал хөгжиж буй орнуудын хавдрын нас баралтын тоог багасгах боломж ихээр нэмэгддэг. Мөн өрхийн орлого багатай давхаргын хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нөхцлийг нэмэгдүүлж, нийгмийн тэгш бус байдлыг арилгахад чиглэгдсэн арга хэмжээ зохион байгуулах нь нэн чухал.

Дэлхий нийтээр дундаж наслалт уртасч байгаагийн үр дагавар болж хавдрын тохиолдол нэмэгдэх хандлагатай болдог тул эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулах, эмчилгээний аргачлалыг хувь хүн бүрт тохируулан хянах нь үндэсний эрүүл мэндийн тусламжийн зайлшгүй шаардлагатай хөтөлбөр болж мөрдөгдөх ёстой.

2013 оны 10 сарын 18-20 өдрүүдэд “Дэлхийн Цэвэршилтийн Өдөр”-ийг угтан Япон улсын нийслэл Токио хотод Ази, Номхон Далайн Орнуудын Цэвэршилтийн Нийгэмлэгүүдийн Холбоо (APMF)-ны Эрдэм шинжилгээний 5-р их хурал хуралдах бөгөөд Монголын Менопауз, Андропаузын Зохицуулалтын Нийгэмлэг (ММАЗН)-ийн гишүүд уг хуралд оролцож байна.

Вэб хуудас: www.mmas.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)