Эмнэлгүүд хүлээгдлээ бууруулж эхэлжээ

Эрүүл мэндийн сайд 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 427 дугаар тушаалаараа Өвчтөн, үйлчлүүлэгчдийн эмчид үзүүлэх, оношилгоо, шинжилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэх хүлээгдлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог бий болгох зорилгоор “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бүртгэх, мэдээлэх журам” баталсан.

Үүнтэй уялдуулан 2013 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн өвчтөн үйлчлүүлэгчдийг эмчид үзүүлэх, оношилгоо, шинжилгээ хийлгэхийн тулд 2-оос дээш, эмнэлэгт хэвтэхийн тулд 3-аас дээш хоног тус тус хүлээлгэж байгаа тусламж, үйлчилгээний нэр төрлийг тасаг, нэгжээр гарган мэдээлэхийг эмнэлгийн дарга, захирал нарт даалгасан юм.

 Энэхүү тушаалын дагуу эмнэлэг бүр өөрсдийн тайланг Эрүүл мэндийн хөгжлийн төвд ирүүлжээ. Эмнэлгүүдэд доорх шалтгаанаар хүлээгдэл, чирэгдэл сар бүр гарч байна. Үүнд:

 - оношилгооны аппарат эвдрэх

 - эмч өөрөө өвчтэй эсвэл чөлөөтэй байх

 - химийн тариа тасрах

 - үйлчлүүлэгч эмнэлэг сонгон үйлчлүүлэх

 - өртөг өндөртэй хиймэл эдийг эмнэлгээс хангадаггүй тул иргэд өөрсдөө худалдан авдаг

 - үйлчлүүлэгч дугаар аваад ирэхгүй байх

 - эмнэлгийн тасагт барилгын засвар үйлчилгээ хийгдэж байгаатай холбоотой.

 Ингээд үүсээд буй хүлээгдэл, чирэгдэлийг хэрхэн бууруулан ажиллаж байгаа мэдээллийг эмнэлэг тус бүрээр хүргэж байна.

 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

Амбулаторийн эмчийн үзлэгийн хүлээгдлийг кабинетаар авч үзэхэд:

 • Нүд- 27.1%

 • Урологи- 20.0%

 • Бөөр- 11.3%

 • Зүрх судас- 10.6%

 • Дотоод шүүрэл- 10.6%

 • Мэдрэл-9.2%

 • Харшил- 8.9%

 • Хоол боловсруулах эрхтэн систем-2.2%-ийг тус тус эзэлжээ.

 Ачаалал ихтэй дээрх кабинетүүдийг 2 ээлжтэй болгох ажлыг зохион байгуулж, эмчийн тоог нэмэгдүүлэн үзлэгийн хуваарийг шинээр баталж ажилласнаар хүлээгдлийг 1-2 хоногоор бууруулж чаджээ.

 30 хоног буюу хамгийн их хүлээгдэлтэй байгаа бөөрний болон бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын орны хүлээгдэл буурахгүй байсаар байна. Энэ нь улсын хэмжээний үйлчилгээг үзүүлдэг 45 ортой тасаг, хагалгааны өрөө хүрэлцэхгүй, эмчийн орон тоог нэмэх төсөв батлагдаагүй, эмчийн хүрэлцээ дутагдалтай байгаагаас үүдэлтэй гэдгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн хэлж байна.

 Тиймээс дээрх хүлээгдлийг багасгахын тулд бөөрний болон бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн орны эргэлтийг хурдасгаж, боолтыг амбулаторийн нөхцөлд хийх болжээ. Мөн үений хагалгааны хүлээгдлийг ерөнхий мэс заслын хүлээгдлээс тусад нь бүртгэн авч байгаа аж. Хагалгааны блокны хүрэлцээ муугаас долоо хоногт зөвхөн нэг өдөр /мягмар гаригт/ 2-4 хагалгааг төлөвлөж байна.

 Оношилгооны кабинетын хүлээгдлийн хувьд хэвлийн Эхо үзлэг 8 дугаар сард 1,168 хүн хүлээгдэлтэй байсан бөгөөд үүнийг өдөрт 1-2 эмчийг ээлжлүүлэн ажиллуулж хүлээгдлийг бууруулжээ. Уг үйлчилгээг авахаар хүлээж буй хүмүүсийн талас илүү хувь /780 хүн/ нь 7-14 хоног, харин 21 хувь /244 хүн/ нь 15 хоногоос дээш хүлээгдэлтэй байжээ.

 Мөн ходоодны дурангийн нэг аппарат эвдэрч 15 хоногийн хүлээгдэл үүсгэсэн байна. Дээрх байдлыг үзлэгийн хуваарийг шинээр баталж, нэг үзлэгийн кабинетад дөрвөн эмч ажиллахаар тоог нэмэгдүүлснээр хүлээгдлийг бууруулж чаджээ.

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

 Амбулаторын эмчийн үзлэгийн хүлээгдлийн хугацааг хоногоор авч үзвэл нийт үйлчүүлэгчдийн 83% нь өдөртөө үйлчлүүлж, 15% нь нэг хоногийн хүлээгдэлтэй үлдсэн 2% нь 2-3 хоногийн хүлээгдэлтэй байжээ. Үүнд мэдрэл, нүд, болон зүрх судасны кабинетуудын хүлээгдэл 1-3 хоног байжээ.

 Эдгээр хүлээгдлийг бууруулахад амбулаторийн эмч нарын амралтын хуваарийг үйлчлүүлэгчдэд ээлтэй, чирэгдэл, хүлээгдэл гаргахгүй байдлаар гаргаж, нарийн мэргэжлийн кабинетыг 2 эмчтэй /урологийн/ болгон, мэс заслын болон мэдрэлийн кабинетийн эмч нарыг тойрч үзлэг хийдэг болгожээ. Ингэснээр нэг хоногийн хүлээгдлийг 60 хувь, 2-оос дээш хоногийн хүлээгдлийг 15 хувиар тус тус бууруулсан тооцоо гарсан байна.

 Хэвтүүлэн эмчлэх тасагт шинээр хэвтэгсэдийн 18% нь яаралтай, 4 % нь бусад тохиолдлоор хэвтсэн байна. Харин 78% нь амбулаториор дамжин хэвтжээ. Тодруулбал,

 • Амбулаториор хэвтэгсэдээс

 o 1-3 хоног хүлээсэн 85%

 o 3-6 хоног хүлээсэн 12%

 o 7-14 хоног хүлээсэн 2,2%

 o 15 ба түүнээс дээш хүлээсэн 0.8% тус тус хүлээжээ.

 • Ор хүлээж байгаа үйлчүүлэгчийг тасгаар авч үзвэл

 o Уламжлалт эмчилгээ нийт хүлээгдлийн 40% эзэлж хамгийн их хүлээгдэлтэй байсан. Дотрын тасгууд 20-24% хүлээгдлийг эзэлж байна.

 o Мэс заслын тасгийн үйлчүүлэгчдийн 45%-ийг яаралтай журмаар үйлчлүүлсэн хэвтэгсэд эзэлж байна.

 Дээрх хугацаанд 47%-ийн 3-6 хоногийн хүлээгдэл болон 28%-ийн 3-6 хоногийн хүлээгдлийг бууруулах зорилго тавин ажиллажээ.

 УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ 

Амбулаторийн үзлэгийн хүлээгдэл 7-14 хоног байсан бол одоо дотоод шүүрлийн булчирхай, бөөр судлалын кабинет, зүрх судас, элэг цөс, мэдрэлийн кабинетууд 4-6 хоногийн хүлээгдэлтэй, бусад кабинетууд нэг хоногийн хүлээгдэлтэй болтлоо ахиц гаргажээ.

 Яаралтай журмаар ирсэн үйлчлүүлэгчийн эмчийн үзлэг чирэгдэлгүй хийгдэж байна.

 Ачаалал ихтэй кабинетууд болох зөвлөх поликлиникийн зүрх судасны, мэдрэлийн, хоол боловсруулах эрхтэн судлалын кабинетийн ачааллыг тэнцүүлж 2013 оны 07 сарын 01-нээс эхлэн “Чиглүүлэх кабинет “болгон тус бүр 60 үйлчлүүлэгч үзүүлэхээр програм хангамжид дугаарыг тохируулан үзлэг хийж эхэлснээс хойш эмчийн үзлэгийн хүлээгдэл буурч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж сайжирчээ. Түүнчлэн хүлээгдлийг бууруулахын тулд цахим бүртгэл мэдээллийг төрөлжүүлэх, утсаар захиалга авах, ачааллыг судлан тэнцвэржүүлэх, орны ашиглалтыг оновчтой болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ.

 Тус эмнэлгийн хувьд хэвтэн эмчлүүлэх тасгийн орны хүлээгдэл 7-14 хоног байсан бол сүүлийн сард 1-3 хоног болж буурсан байна. Чих хамар хоолой, нүдний мэс заслын тасаг орны хүлээгдэлгүй болж чаджээ.

Харин мэдрэлийн мэс заслын орны хүлээгдэл 1 сараас дээш байна. Үүний гол шалтгаан нь:

 1. Мэдрэлийн мэс заслын хагалгаа нь улсын хэмжээнд зөвхөн тус эмнэлэгт төвлөрөн хийгддэг.

 2. Нурууны бэхэлгээтэй хагалгаанд хэрэглэдэг багажийн иж бүрдэл ганцхан байдаг тул дараагийн хагалгаа ороход ариутгал хийгдэж хүлээгддэг.

 3. Энэхүү хагалгааг хийдэг мэргэшсэн нарийн мэргэжлийн мэдрэлийн мэс заслын эмч одоогийн нурууны хагалгаа хийлгэх үйлчлүүлэгчдийн эрэлттэй харьцуулахад харьцангуй цөөн байна.

 4. Нурууны бэхэлэгээтэй хагалгааны үед дискэнд хэрэглэдэг төрөл бүрийн иртэй ясны пистолет ганцхан байдаг тул ир нь амархан мохож, чанар нь мууддаг. Мөн нурууны бэхэлгээтэй хагалгаанд хэрэглэгддэг хиймэл диск, шруп нь өртөг өндөртэй тул эрүүл мэндийн даатгалаас санхүүждэггүй учраас иргэд өөрсдөө худалдан авч байна.

 5. Нурууны бэхэлгээтэй хагалгаа заавал рентген хяналт дор хийгддэг учраас ангиографийн хагалгааны өрөө хүрэлцээгүй зөвхөн долоо хоног бүрийн Пүрэв гарагт хуваарийн дагуу хийгддэг. Мөн уг хагалгаа нь 4-6 цаг үргэлжилдэг тул хуваарьт өдрөө зөвхөн 1-2 хагалгааг л хийж амждаг.

 Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тус эмнэлгийн захиргаа, Мэдрэлийн төв, Мэдрэлийн мэс заслын багийнхан 2013 онд “Хүзүү, цээж, бүсэлхийн нурууны, нугалмын нугас ба нугасны ёзоор дарагдлын оношилгоо, мэс заслын эмчилгээний арга технологи нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд нурууны бэхэлгээт хагалгааны үеийн Carm рентген аппарат,ариутгалын ор, шаардлагатай багаж хэрэгслээр хангагдаад байна. Ингэснээр эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал түлхэц болж байна.

 ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн амбулаторын эмчийн үзлэгийг хүлээгдэлгүй хийж, орны хүлээгдлийг бүрэн бууруулснаа тайландаа тусгажээ.

 

ЭХЭМҮТ-ийн орны хүлээгдлийн талаарх мэдээлэл 

 

Тасгийн нэр

Сар

3

4

5

6

7

8

9

10

Чих, хамар, хоолойн мэс заслын тасаг

17

9

9

15

0

0

0

0

Мэдрэлийн эмгэг судлалын тасаг

2

5

0

3

0

10

0

0

Ерөнхий мэс заслын тасаг

1

0

2

8

23

75

0

0

Бөөрний мэс заслын тасаг

1

0

0

0

0

0

0

0

Эрүү нүүрний мэс заслын тасаг

4

5

0

12

30

0

0

0

Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг

9

14

6

2

3

10

4

0

Эмэгтэйчүүдийн  эмгэг судлалын тасаг

4

3

4

1

3

11

0

0

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2013 оны 3- 8 саруудад чих, хамар хоолойн мэс заслын тасаг, мэдрэлийн эмгэг судлалын тасаг, ерөнхий мэс заслын тасаг, эрүү нүүрний мэс заслын тасаг, эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг, эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгууд тус тус хүлээгдэлтэй байсан.

Харин Ерөнхий мэс заслын тасгийн 75 эмчлүүлэгчийн хүлээгдэл нь нэгдсэн хагалгааны тасаг засварт орсонтой холбоотойгоор төлөвлөгөөт хагалгаа хойшлогдсонтой холбоотой ажээ. Мөн 8, 9 саруудад чих хамар хоолойн болон эрүү нүүрний мэс заслын эмч нарын баг Баян-Өлгий, Дундговь, Архангай зэрэг аймгуудад очиж мэс заслын тусламжийг газар дээр нь үзүүлсэн тул орны хүлээгдэл 7-9 сард гараагүй байна.

ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

 Тус эмнэлэг нь цахим бүртгэлгүй учраас гараар бүртгэлийг хөтөлж байгаагаас бүртгэгчийн ачаалал ихсэж, удаашрах, хийсэн бүртгэл тооцоондоо тулгуурлан нарийвчилсан судалгаа гаргаж, шуурхай шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Хэвтэн эмчлүүлэх тасгийн орны хүлээгдэл үений эмгэгийн насанд хүрэгчдийн тасаг, хүүхдийн гэмтэл согогийн тасаг дунджаар 7-14 хоногийн хүлээгдэлтэй байгаа аж. Амбулаториор ор хүлээж буй үйлчлүүлэгчид төлөвлөгөөт хагалгаагаар хадаас авахуулах, үений протез хийлгэх, хүүхдийн төрөлхийн согог засуулахаас гадна хагалгааны дараах сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг учраас амбулаторийн хүлээгдэл гарч байна.

 Харин дээрх нөхцөл байдлыг шийдвэрлэх үүднээс амбулатори болон мэдээллийн лавлагаан дээр хоёр сувилагч, нэг хөтөч сувилагч нэмж ажиллуулснаар үзлэг, шинжилгээний дугаарлалтад үүсэх дарааллыг багасгаж чаджээ.

  ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Хавдар судлалын үндэсний төвийн амбулаторийн эмчийн үзлэгийн хүлээгдлийг хоногоор авч үзвэл нийт үйлчлүүлэгчдийн 35% нь өдөртөө, 43% нь 1-2 хоногийн хүлээгдэлтэй, үлдсэн 22% нь 3-14 хоногийн хүлээгдэлтэйгээр үйлчлүүлж байв. 1-3 хоногийн хүлээгдлийг кабинетаар авч үзвэл:

 o Эмэгтэйчүүд 38%

 o Мэс засал 12%

 o ЭЦНБМЗ-I, II 17%

 o Толгой хүзүүний мэс засал 12%

 o Туяа 11% гэсэн үзүүлэлттэй байгаа юм.

 Тус эмнэлэг дээр лабораторийн хүлээгдэл бүртгэгдээгүй, харин оношилгооны кабинетуудад ЭХО-оношилгоо 3-6 хоног, дурангийн оношилгоо 7-14 хоногийн хүлээгдэлтэй байжээ. Дугаар аваад үзлэгтээ ирээгүй хүмүүсийн тоо сард 30 гаруй байдаг байна.

 Хэвтэн эмчлүүлэхээр хүлээж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь 7-14 хоног, харин 33 орчим хувь нь 3-6 хоногоор хүлээж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Үүний зэрэгцээ ор хүлээж байгаа үйлчлүүлэгчдийн 50 орчим хувь нь өдрийн хими эмчилгээ, 26 хувь нь хими эмчилгээний тасгийн үйлчлүүлэгчид эзэлж хамгийн их хүлээгдэлтэй байжээ. Түүнчлэн химийн тарианы өртөг өндөр төсөв хүрэлцдэггүй, эм ханган нийлүүлэх байгууллагууд тендерийн гэрээгээ зөрчсөнөөс химийн тариа тасрах зэрэг шалтгаанууд байна хэмээн нэрлэжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)