Ийм амархан гэж үү, Эх дэлхийгээ хайрлахад

- Ногоон хөгжилд иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэй -


Саяхны нэг өдөр танилындаа зочиллоо. Нүдэнд харагдах хэсэгт цахилгаан эрчим хүч, цэвэр усаа хэмнэе гэсэн бичиг наажээ. Тэрүүхэн үедээ ус, цахилгааныхаа мөнгийг хэмнэх л арга гэж бодон ойшоосон ч үгүй. Гэтэл танилын минь энэ үйлдэл ногоон хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр юм гэдгийг мэдэв. БОНХЯ-наас “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийн төслийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Эл төслийг Эдийн засгийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яамтай хамтран боловсруулжээ. Ногоон хөгжил гэж юу вэ. Энгийнээр тайлбарлабал хүрээлэн буй орчны бохирдол, экологийн хомсдлыг бууруулахын сацуу иргэдийн амьжиргаа болон нийгмийн шударга байдлыг хангах замаар эдийн засгаа хөгжүүлэхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ногоон хөгжлийн үзэл баримтлалд хувь хүний ухамсраас эхлээд аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага ихээхэн чухал үүрэгтэй. 2012 онд Бразил Улсын Рио де Жанерод чуулсан НҮБ-ын тогтвортой хөгжлийн хурлаас өнөө болон хойч үедээ тогтвортой хөгжлийн ирээдүйг баталгаажуулахын тулд эдийн засаг, нийгэм байгаль орчны уялдаа холбоог цогцоор нь авч үзэх шаардлагатай байгааг чухалчлан ногоон хөгжлийн чиг хандлагыг тогтвортой хөгжилд хүргэж, ядуурлыг бууруулах чухал хэрэгслийн нэг болохыг зөвлөсөн байдаг. Тиймээс улс орон бүр - Ногоон хөгжилд иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэй - өөрийн үндэсний онцлогт тохирсон хөгжлийн чиг хандлага, зорилго, зорилт түүнд хүрэх арга замыг тодорхойлж, хөгжлийн бодлого хэрэгжүүлэхийг дээрх чуулганаар уриалсан. Үүний дагуу манай улс “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”-ын төслийг хэрэгжүүлсэн гэхэд болно. Эл төслийг хэрэгжүүлснээр манай улсын хөгжлийн чиг хандлагыг “Үндэсний байгаль, соёл, түүхийн өв уламжлалыг орчин үеийн хөгжлийн ололт, амжилттай хослуулсан, Монгол хүнээ эрхэмлэн дээдэлсэн “сайн” засаглалтай, байгаль орчинд ээлтэй технологи ба мэдлэгт суурилсан эдийн засагтай, уур амьсгалын өөрчлөлтөд ухаалгаар дасан зохицсон, ногоон соёл иргэншлийн үндсийг бий болгосон хөгжингүй улс болно” хэмээн үзэж буй аж.

НОГООН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ

Ногоон хөгжилд оруулах бидний хувь нэмэр энгийн зүйлээс эхэлнэ. Өөрөөр хэлбэл, цаасны хэрэглээгээ багасгах, эрчим хүчээ хэмнэх, машины хэрэглээгээ багасгаж явган алхах, дугуй унах, цэвэр усны хэрэглээндээ хяналт тавих, мод тарих, гэх мэтчилэн бидний сэтгэл хийгээд зүтгэлээс шалтгаалах зүйлс нь хүлэмжийн хийг бууруулж, эх дэлхийгээ эрүүл байлгахад томоохон хувь нэмэр оруулж байна гэсэн үг юм. Бидний өдөр тутмын албан хэрэгцээнд хэрэглэдэг цаасанд хэдий хэмжээний мод, цэвэр ус ордгийг тэрбүрчлэн мэддэггүй. Тэгвэл нэг тонн албан хэрэглээний цаас үйлдвэрлэхэд 24 ширхэг мод ордог бол мөн хэмжээний сонины цаас үйлдвэрлэхэд 12 мод огтолдог байна. Тэгэхээр хэрэглэсэн цаасаа цуглуулж дахин боловсруулах, цаасны хоёр талд хэвлэх, үсгийн хэмжээгээ багасгах зэргээр цаасаа ариг гамтай хэрэглэх нь зүйтэй юм. Нэг мод хоёр хүний амьсгалах хүчилтөрөгчийг ялгаруулдаг гээд бодохоор олон арван шинэ, залуу модыг огтлохгүйгээр хамгаалж чадна. Түүнчлэн байгаль экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах юм. Өнөөдөр дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярьж буй. Гэтэл манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа орны тоонд багтжээ. Өнгөрсөн зуун жилд дэлхий 07 хэмээр дулаарчээ. Харин манай улс 1940 оноос хойш 2.1 хэмээр дулаарсан байна. Үүнийг нь дэлхийн дундажтай харьцуулахад даруй гурав дахин их уур амьсгалын өөрчлөлт явагдсан гэсэн үг юм. Үүнээс улбаалан сүүлийн жилүүдэд цөлжилт ихсэх, мөнх цэвдэг хайлах, ой мод устах, гол мөрөн ширгэх, ус бохирдох зэрэг асуудал нэмэгдсэн. Тодруулбал, манай улсын нийт усны эх үүсвэр буюу 18786 нуур, гол, булаг, рашаан байдаг. 2003 онд хийсэн судалгаагаар усны зургаан эх үүсвэр тутмын нэг нь, 2007 онд усны дөрвөн эх үүсвэр тутмын нэг нь хатаж ширгэдэг болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, 5121 гол горхины 887, 9340 булаг, шандын 2096, 3732 нуур тойрмын 1166 нь ширгэжээ. Тэр байтугай “Хатан Туул” гол нь ДЭМБ-аас энэ онд гаргасан нэгэн таагүй судалгаанд дээгүүрт бичигдсэн байх юм. Туул гол дэлхийн хамгийн их бохирдолтой голын тавдугаарт бичигджээ. Экологийн тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой эдгээр сөрөг үзэгдлийг бид өөрт тулгамдаж буй асуудал хэмээн ухамсартайгаар хандах цаг болжээ. Учир нь байгаль экологийн тэнцвэр алдагдаж байгаа нь хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Та, бид шүршүүрт орох хугацаагаа багасгаж, цахилгаан хэрэгслээ ашиглаагүй үедээ унтрааж, аль болох байгалийн гэрэл ашиглахад л болоо. Ногоон хөгжилд оруулах бидний хувь нэмэр ердөө л энэ.

С.ДУЛАМСҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (124.158.74.2)

    2013-11-07

    Шаардлагагүй, илүү тансаглал, маяглалаа багасгачихад л хангалттай ш дээ.