Л.Болд: ”Цагаан толгойн дөрвөн үсэг хасахыг нийгэм хүлээж авахгүй”

2013 оны 11 сарын 25
Шинжлэн ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн өнгөрөгч баасан гаригт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Тодруулбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн бүтээл туурвилаа олон нийтэд танилцуулж, тайлагнах зорилготой юм. Тэртээ 1921 оны арваннэгдүгээр сарын 19-нд Судар бичгийн хүрээлэн байгуулах тогтоолыг тухайн үеийн төр засгаас гаргажээ. Тэр үеэс манай улсад шинэ цагийн шинжлэх ухааны байгууллага үүссэн хэмээн үздэг. Тиймээс жил бүрийн энэ сард дээрх түүхэн өдрийг тохиолдуулан нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг юм. Тус хүрээлэнгээс өнөө жилийг “Бид нийгмийн төлөө” гэсэн уриатайгаар зохион байгуулж буй аж. Өдөрлөгийг нээж Хэл зохиолын хүрээлэнгийн захирал академич Л.Болд нээж хэлсэн үгэндээ “Үнэхээр бид нийгмийн төлөө үйлчилдэг. Бидний туурвисан бүтээл, хийсэн судалгаа бүгд нийгмийн оюун санааны хэрэгцээнд зориулагдсан байдаг. Манай хүрээлэнгээс эрхлэн гаргасан олон бүтээл бий. Энэ бүгд ард түмэнд л зориулагдсан. Өнөөдөр бид судалгааныхаа ажлыг өөр зүгт хандуулах шаардлага тулгарч байна. Энэ жил Хэл зохиолын хүрээлэнгийн хувьд онцгой хариуцлагатай жил болж байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, ирээдүйн зорилго зорилтоо ч мөн адил тодорхойлно” хэмээсэн. Тус хүрээлэнд аман зохиол судлал, түвд судлал, утга зохиол зэрэг салбар харьяалагддаг юм. Утга зохиолын хүрээлэнгээс өнгөрсөн гурван жилийн хугацаанд XX зуун буюу 1980-2000 он хүртэлх Монголын орчин үеийн уран зохиолын тасалдсан түүхийг бүтээсэн байна. Эл бүтээл нь дээрх хугацааг хамарсан хоосон орон зайг нөхсөн оюуны бүтээл болж чаджээ. Мөн XX зууны уран зохиолын төлөөлөл болсон 99 зохиолчийг сонгож, намтар уран бүтээлийг нь хавсаргасан бүтээл туурвисан байна. Эдгээр бүтээлүүд ард түмний оюун санаанд томоохон хөрөнгө оруулалт болох бүтээл болжээ. Энэ талаар тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаяр “Манай улс шинжлэх ухаанд тулгуурласан бодит баримтаас илүүтэй бөө эсвэл зөн билэгч нэгний дуу хоолойг иргэд илүү хүлээж авдаг болсон байна. Энэ нь нийгэм харанхуй байгааг харуулж байгаа юм. Яг үнэндээ бодитой баримт, судалгаанд итгэдэг хүн алга. Тиймээс бид тодорхой байр суурь эзэлдэг, нийгэмд үйлчилдэг гэдгээ таниулах нь бидний зорилго. Өнөөг хүртэл Монголын уран зохиолын тайлбар толь бичиггүй явж ирсэн. Тиймээс эл бүтээлийг ч мөн адил туурвисан. Эдгээр бүтээл өмнө нь утга зохиолд хийгдээгүй хоосон зайг нөхсөн, ард түмэн үгүйлж байсан бүтээлүүд” хэмээн өгүүлсэн.

Энэ үеэр Хэл зохиолын хүрээлэнгийн захирал академич Л.Болдоос цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Зөв бичгийн шинэ дүрэм сүүлийн үед нэлээн яригдаж байна. Үүнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс ямар байр суурьтай байна вэ?

-Манай улс зөв бичгийн нэг дүрмийг олон жил хэрэглэж ирлээ. Энэ хугацаанд зөв бичгийн дүрмийн ололттой талыг нь ч тодорхой харлаа. Бас засч, засварлахаар ч юмыг нь харж байна. Тийм учраас монгол хэлний зөв бичгийн дүрмийг журамлан тогтоох толь бичгийг зохио гэсэн тогтоол, шийдвэр гарсан. Үүний дагуу БШУЯ-наас ажлыг хэсэг байгуулсан. Бид ч энэ ажлын хэсэгт багтаж байгаа. Манай за рим нэг нөхөд өөрсдийнхөө амбицдаа хөт лөгдөн цаг нь болоогүй байхад олон нийтэд зарлачихлаа л даа. Одоо бол энийг тэгнэ, тэрийг ингэнэ гэж хэлж боломгүй байна.

-Тэгэхээр дөрвөн үсгийг хасахгүй гэж ойлгож болох уу?

-Бичиг үсэг ард түмний хэрэглээ учраас тэр бүгдийн санаа бодлыг сонсох ёстой. Түүнээс биш 10-хан хүний асуудал биш. Өөрөөр хэлбэл, “боль” гэдэг үгийн зөөлөрч байгаа тэмдэгтийг байлгах ёстой эсэх бид бүгдэд хамаатай. Монголын ард түмэн одоо л бичиг үсэгтэй болж байгаа биш шүү дээ. Олон зуун мянган жилийн уламжлалтай. Өнөөдөр бид нэг үгийг олон янзаар бичиж байна. Ялангуяа ЕБС-д энэ байнга давтагдаж байгаа. Энэ үгүүдийг л цэгцлэх шаардлагатай байгаа юм. Үүнийг л шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх гэж ажлын хэсэг байгуулагдсан. Дөрвөн үсгийг хаслаа гэхэд нийгэм хүлээж авахгүй. Хатуу, зөөлний тэмдэггүйгээр асуудлыг шийднэ гэдэг их бэрхшээлтэй. Яахав, шинжлэх ухааны үүднээсээ болоод байдаг юм байж, нийтийн дунд арай л боломгүй санагдаж байна. Тийм учраас миний бодлоор зөв бичгийн дүрмийг аль болох өөрчлөхгүй байвал зүгээр.

-Хэн дуртай нь зөв бичгийн дүрэм зохиож байна гэлцэх юм. Мөн иргэд ч гэсэн өөрөө өөртөө зориулж дүрэм зохиогоод түүнийгээ дагаж мөрдөж байна гээд байгаа шүү дээ?

-Энэ асуудалд цэг тавихын тулд ажиллаж байна. Яг өнөөдөр манай улсад зөв бичгийн дүрмийн нэгдмэл нэг толь байхгүй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 1983 онд Да багшийн гаргасан 20 гаруй мянган үгтэй толь бичиг бий. Гэтэл өнөөдөр өчнөөн шинэ үг бий болж байна. Гаднаас ч олон үг орж ирж байна шүү дээ. Тэгэхээр энэ толь нийтийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа гэсэн үг.

С.ДУЛАМ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...