Монголын арван сумоч дээд зиндаанд барилдана

Японы сумогийн холбооноос ирэх сарын тэмцээний банцүкэг гаргалаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн ёкозүна Харүмафүжи таван башёгийн дараа зүүний манлай бөх болсон байна. Озэки Котоошюү озэки цолоо алдсанаар мэргэжлийн сумо хоёр жил хагасын дараа дахин гурван арслантай боллоо. Нэгдүгээр сарын тэмцээнд Монголын хоёр бөх дээд зиндаанд дэвшин барилдахаар болжээ. Кагамияма дэвжээний Кагамио хэмээх Б.Нанжид 62 тэмцээнд барилдсаны эцэст дээд зиндаанд дэвшиж байгаа нь гадаад бөхчүүдийн хувьд удаан дэвшсэн амжилтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна. Түүний өмнө Америкийн Сэнторюү 72 башёгийн дараа дээд зиндаанд гарсан амжилттай байгаа бол ард нь Чехийн Таканояма 58 тэмцээнд барилдаад макүүчид гарч байсан. Таканоива хэмээх А.Баасандорж Таканохана дэвжээнээс төрсөн анхны макүүчи зиндааны бөх болжээ. Манай хоёр бөх Монголоос төрсөн 18, 19 дэх макүүчи зиндааны бөх болж байгаа юм. Ирэх сарын тэмцээнд дээд зиндаанд Монголын 10 бөх барилдана. Мөн ирэх тэмцээнээс Шибатаяма дэвжээний бөх Сакигакэ Я.Баттүшиг жюүрёо зиндаанд дэвшин барилдах юм. Тэр Монголоос төрсөн 29 дэх цолтой бөх болж байна. Мөн Араваши Э.Дөлгөөн жюүрёод дахин барилдана.


Б.СЭЛЭНГЭ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • mongol (180.235.180.179)

    2013-12-28

    uuhaiiii