Н.Удвал сайд БНСУ-ын “Чэйл” эмнэлгийн төлөөлөгчидтэй уулзав


Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНСУ-ын анхны эмэгтэйчүүдийн эмнэлгийн нэг болох “Чэйл эмнэлэг”-ийн захирал ноён Тэ Хи Рю тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Тэ Хи Рю Эрүүл мэндийн сайдыг найрсаг, дотноор хүлээн авсанд талархлаа илэрхийлээд өөрийн эмнэлгийн талаар товч танилцуулж, хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов.
 
Өнгөрөгч оноос БНСУ-ын Чэйл эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн бөгөөд 2013 онд тус эмнэлэгт Монголын 17 эмч мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Бид эрүүл мэндийн салбарыг үе шаттайгаар шинэчлэх бодлого барьж байгаа. Та бүгдэд энэ жил хийж байгаа зарим ажлаасаа таницуулах нь зүйтэй болов уу. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлагаар бид удахгүй эрүүл мэндийн олон улсын форумыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол улсад эмчилж, оношилж чадахгүй байгаа өвчин эмгэгүүдийг эмчлэх гадны эмнэлэг, хөрөнгө оруулагчдыг урьж оролцуулах юм. Манай улсын иргэд ямар өвчнөөр гадагшаа явж байгаа болон явахаар хөөцөлдөж байгааг судалж байгаа. Үүн дээр үндэслээд гурван үндсэн чиглэлээр гадны эмнэлгүүдийг оролцуулна. Тухайлбал, гурав дахь шатлалын эмнэлгүүдээ олон улсын стандартад нийцсэн лавлагаа төвүүд болгоход дэмжлэг үзүүлэх, концессийн гэрээгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийг сонгон шалгаруулж, ажиллуулах, мөн бидний үзүүлж чадахгүй байгаа эрүүл мэндийн тусламжийг гаднаас шууд экспортлох гэсэн гурван чиглэлтэй. Ингэснээр бид улсын болон хувийн хэвшлийн түншлэлийг бататгаж чадна гэж үзэж байгаа. Танай эмнэлгийг ч энэхүү форумд оролцож, үргүйдэл, эмэгтэйчүүдийн хорт хавдарыг эмчлэх тал дээр саналаа өгөхийг хүсэж байна” хэмээв. 

Ноён Тэ Хи Рю хэлэхдээ, “Манай эмнэлэг Солонгос улсын эмэгтэйчүүдийн шилдэг эмнэлгүүдийн нэг бөгөөд үргүйдэл болон эмэгтэйчүүдтэй холбоотой бүхий л төрлийн өвчлөлийг нэг өдрийн дотор бүрэн оношилдог. Мөн хамгийн их төрөлттэй эмнэлэг. Энэ жил 50 мянга дахь төрөлтөө хүлээн авсан. Би эрүүл мэндийн форумд дуртайяа оролцох болно. Манай эмнэлгийн эмч нар Монгол эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар олон судалгаа хийсэн” хэмээгээд цаашид эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн үргүйдлийг эмчлэх, боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байлаа.

П.Баатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)