Украины салан тусгаарлагчид болон ”Барууны сектор” зэвсгээ хураалгаж эхэлжээ



Украины Славянск хот дахь Оросын талыг дэмжигчид болон Житомир хот дахь “Барууны сектор”-ын төлөөлөгчид Женевт байгуулсан хэлэлцээрийг биелүүлэх эхний алхмуудыг хийж эхэлсэн тухай мэдээлжээ. Энэ ажлын хүрээнд армиас булаан авсан хуягт тээвэрлэгчүүдийг удахгүй хүлээлгэн өгөх ба Барууны сектор”-ынхон Украины аюулгүйн албанд шатдаг шингэн бүхий лонхнууд, шатах шингэнээ хүлээлгэн өгчээ. Ийнхүү Украин дахь хууль бус зэвсэглэсэн байгууллагынхан Женевийн хэлэлцээрийн дагуу эрх баригчдад зэвсгээ хураалгаж эхэлсэн байна. Оросын талыг баримтлагчид өмнө нь булаан авсан дөрвөн хуягт тээвэрлэгчийг хүлээлгэн өгөхөөр болжээ. Түүнчлэн Житомир хот дахь “Барууны сектор”-ын идэвхтнүүд 21 хайрцаг бүхий шатдаг шингэнтэй лонх болон шатдаг шингэн бүхий 50 литрийн хоёр торхыг Украины аюулгүйн албанд хүлээлгэн өгчээ. Украины аюулгүйн албаныхан “Эдгээр алхам нь талууд нийгэм дэх хурцадмал байдлыг бууруулах шаардлагатайг ойлгож буйн үр дүн” хэмээн үнэлсэн байна. Зэвсэг хураалгах болон олон нийтийн газруудыг хууль бус зэвсэгт байгууллагууд чөлөөлөх тухай заалт амар хэрэгжихгүй гэдэг нь олон зүйлээс тодорхой байна. Тухайлбал, Украины Гадаад хэргийн сайд Киевийн Майдан дахь эсэргүүцэгчдийг хууль ёсны байгууллагууд тул эзэлсэн байшин, гудамж талбайг чөлөөлөх болон зэвсгээ хураалгах шаардлагагүй тухай мэдэгдсэн нь “Айлын хүүхдийг алаг үзнэ” гэдгийн үлгэрээр адилхан хууль бус байгууллагуудад адил шаардлага тавихгүй хэт нэг талыг баримталж буйг харуулсан аж. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Барууны сектор” хэмээх Украины үндсэрхэг үзэлтнүүдийн бүлэглэл Славянск хотын ойролцоох шалган нэвтрүүлэх цэг рүү довтолж, тэнд хамгаалалтад гарч байсан салан тусгаарлах үзэлтнүүдийн гурвыг нь буудан хөнөөжээ. Хоёр тал харилцан буудалцсанаас “Барууны сектор”-ын хоёр хүн мөн амиа алдсан байна.

С.Лавров: Киев Үндсэн хуулийн хүрээнд яриа хэлэлцээр хийж, хүчирхийллээс татгалзах ёстой


ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керритэй утсаар ярьжээ. С.Лавров Киев дэх эрх баригчид Женевийн тохиролцоог бататгах, үүний тулд хүчирхийллийг зогсоох, шинэ Үндсэн хууль боловсруулах ажил эхлүүлэх шаардлагатайг өгүүлсэн байна. Оросын Гадаад хэргийн сайд Украины эрх баригчдын зүгээс Женевийн хэлэлцээрийг нэн даруй бүрэн хэрэгжүүлж эхлэх шаардлагатайг хэлжээ. Женевт өнгөрсөн өдрүүдэд ОХУ, АНУ, Европын холбоо болон Украины шинэ Засгийн газрын Гадаад хэргийн сайд нар уулзалдсан юм. Уг уулзалтаар талууд доорх нөх- цөлүүдийг харилцан тохиролцсон билээ. Үүнд, хүч хэрэглэсэн аливаа үйлдлээс татгалзах, шинэ Үндсэн хуулийн тухай хэлэлцүүлэг эхлүүлэн улс төрийн болон бүс нутгуудын бүх хүчнийг энэ үйл явцад татан оролцуулах зэрэг заалт орсон юм. Хоёр тал АНУ-ын санаачилгаар ийнхүү утсаар ярилцжээ. Түүнээс гадна хоёр тал өмнө нь болж өнгөрсөн дөрвөн талын уулзалтын амжилтыг бататган Украин дахь улстөрийн хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэсэн аж. Женевт болсон дөрвөн талт уулзалтад оролцогсод сөргөлдөгч талуудыг хууль бус зэвсэглэсэн байгууллагуудыг зэвсгээ хураалгах, эзэлсэн барилгуудыг хууль ёсны эздэд нь хүлээлгэн өгөх, Украины бүх хотод гудамж, талбай зэрэг олон нийтийн газруудыг чөлөөлөхийг уриалсан юм. Түүнээс гадна эсэргүүцэгчдээс онц хүнд гэмт хэрэг үйлдэгдсдээс бусдад нь өршөөл үзүүлэхээр төлөвлөжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)