Хачгаар дамжих халдвараас сэргийлцгээе(Зөвлөмж)



Хачгаар дамжин халдварладаг халдварт өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол хачгийн хөгжлийн үе шатаас хамааран 3-р сарын сүүл үеэс эхлэн бүртгэгдэж эхэлдэг. Дэлхий дээр 3000 гаруй хачиг байдгаас Монголд 18 төрлийн 43 зүйлийн хачиг тархаж үүнээс 2 төрлийн хачиг (Ixodes, Dermacentor) нь хүнд өвчин үүсгэдэг.

Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг. Гэвч хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй учир нь бүх хачиг халдвартай байдаггүй.

Ойн (Ixodes) хачиг нь Сэлэнгэ, Булган, Орхон, Хэнтий, Хөвсгөл аймагт тархалттай бөгөөд хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг, Dermacentor хачиг нь Монгол орны ихэнхи нутагт тархан, хачигт риккетсиоз өвчний гол дамжуулагч болдог. Одоогоор хачигт энцефалитын хүний өвчлөл 13 аймагт бүртгэгдсэний Сэлэнгэ аймагт, хачигт боррелиоз 10 аймагт бүртгэгдсэний Улаанбаатар, Архангай аймагт, хачигт риккетсиоз 17 аймагт бүртгэгдсэний Говь-Алтай, Архангай, Улаанбаатар хотод хамгийн өндөр байна.

 2014 оны 4-р сарын 17-ны байдлаар ЗӨСҮТ-д хачгаар дамжих халдварын сэжигтэй 45 тохиолдолд бүртгэгдэж лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Одоогоор батлагдсан тохиолдол байхгүй. Мэдээлэгдсэн сэжигтэй тохиолдолын ихэнхи хувь нь буюу 32% нь Говь-Алтай, 11.6% нь Архангай, 11.6% нь Улаанбаатар, 9% нь Орхон аймагт бүртгэгджээ.

Зөвлөмж:

- Хачигт энцефалитын голомтот бүс нутагт зорчихоос өмнө хачигт энцефалитын эсрэг вакцины бүрэн тунг нийслэлийн 9 дүүргийн ЭМН-д очиж хийлгэх

- Ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахдаа хачигт хазуулахаас болгоомжилж битүү тод өнгийн хувцас өмсөж, 2-3 цаг тутамд биедээ болон хувцсандаа хачиг ассан эсэхийг шалгаж байх

- Хачигт хазуулсан тохиолдолд хямсаа болон утас ашиглан хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж сугалан авч, хачгийг битүү саванд хийж, ЗӨСҮТ-д өгч шинжлүүлэх

- Хачигт хазуулсан тохиолдолд эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдах

- Хачигт хазуулсаны дараа өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, үе мөч, ууц нуруу өвдөх, бөөлжих, гүйлгэх, тууралт гарах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)