Метроны осолтой холбогдуулан Москвад гашуудал зарлажээ


Москва хотын метронд гарсан осолтой холбогдуулан өнөөдөр тус хотод гашуудал зарлажээ. Өчигдөр өглөөний “оргил цаг”-ын үеэр "Славянский бульвар",  "Парк Победы" станцуудын хооронд хурдтай явж байсан метроны гурван галт тэрэг замаас гарсны улмаас 22 зорчигч амь эрсдэн, 140 гаруй хүмүүс бэртэж гэмтсэн юм.

Эмнэлэгт хүргэгдсэн зорчигчдоос 63 хүн маш хүнд байдалтай, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж. Ослын сэргээн засварлалтын ажлын үеэр осолдсон галт тэргүүдийг хэрчиж, задалж метроны хонгилоос гаргах их ажил өрнөсөн байна.

Метроны ослын улмаас амь эрсэдсэн зорчигчдын ар гэрийнхэнд Москвагийн метрополитены дарга Иван Беседин эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр “Энэхүү эмгэнэлт явдлыг сонсоод би маш их цочирдсон. Осолд өртөгсдийн ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье. Ялангуяа хамгийн ойр дотны хүмүүсээ алдсан тэдгээр гэр бүлийнхнийг тайвшруулж хэлэх үг ч олдохгүй байна” хэмээн өгүүлсэн аж.

Осол гарах үед Беседин дарга ээлжийн амралттай байсан бөгөөд уг гамшгийн тухай сонсонгуут Москвад яаравчлан ирсэн байна. Нийслэл хотын дарга Сергей Собянины тушаалаар уг ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн олговор өгөхөөр болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)