ОХУ-д ирэх дарамт ихэслээ

“Малайзиа Эйрлайнс” компанийн “Эм-Эйч 370” нислэгийн онгоц болон зорчигчид олдоогүй байхад “Эм-Эйч 17” нислэгээр хөөрсөн “Боинг 777” онгоц осолдож, 298 хүн амиа алдлаа. Энэ нь онгоцонд сууж явсан бүх хүн аж. Зорчигч, онгоцны багийн гишүүн нийлсэн 298 хүний бүрэлдэхүүнтэй уг онгоц Нидерландын нийслэл Амстердамаас Малайзын нийслэл Куала-Лумпурыг чиглэн ниссэн бөгөөд иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Украины зүүн зүгийн Донецк мужийн дээгүүрт нисч явахдаа босогчдын харвасан пуужинд өртсөн байж болзошгүй байна. Уг онгоцоор олон орны иргэн зорчиж явсан бөгөөд Нидерландын 193 /үүний дотор АНУ-ын давхар иргэншилтэй нэг/, Малайзын 43 /15 нь хөлгийн багийн гишүүн/, Австралийн 27, Индонезийн 12, Британийн 10 /Өмнөд Африкийн давхар иргэншилтэй нэг/, Германы дөрөв, Бельгийн дөрөв, Филиппинийн гурав, Канад, Шинэ- Зеландаас тус бүр нэг иргэн сууж явжээ. Олон улс энэ хэрэгт ихээхэн бухимдаж, ослын шалтгааныг мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдийг олж тогтооход хамтран ажиллахаа мэдэгдэв. Тэр дундаа Британийн Засгийн газар маш их анхаарал хандуулж, төрөл бүрийн мэдэгдэл хийв. Жишээлбэл, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кемэрон “Хэрвээ энэ осолд Донецкийн босогчид холбоотой бол хариуцлагыг нь ОХУ үүрнэ” гэж эрс шийдэмгий мэдэгдэл хийв. АНУ ч мөн адил Их Британийн Ерөнхий сайдын энэхүү байр суурийг дэмжив. Нөгөөтэйгүүр, Британийн бусад албаныхан хэргийг мөрдөн шалгахад ОХУ-д туслахаа илэрхийлэв. Их Британийн Батлан хамгаалахын сайд Майкл Фаллон Ерөнхий сайд Дэвид Кемэрон болон Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте нарыг Донецкт осолдсон онгоцны хэргийн дараа ОХУ-д хандаж байр сууриа эргэн харахыг Европын холбоонд хандсаны дараа “Малайзиа Эйрлайнс”-ийн “Эм-Эйч 17” нислэгийг Донецкийн босогчид устгасан байвал ОХУ-ын эсрэг чангаруулсан хориг арга хэмжээ авна гэв. Түүнчлэн Их Британи барууны холбоотнуудыг ОХУ-ын эсрэг чанга байр суурь баримтлахыг хүсэв. Үүнээс Украины зүүн зүгийн Донецк мужийн босогчдыг ОХУ-ыг дэмжиж, цаашлаад зэр зэвсэг нийлүүлсэн гэж барууныхан буруутгаж байсан юм. Дээрх ослын улмаас ОХУ-ын дэлхийд тэргүүлэх байр суурь ганхаж эхлээд байна. Мөн энэ хэргээр далимдуулан Владимир Путины нөлөөг бууруулахыг барууныхан чармайж байна. Барууны орнууд өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт осолдсон Малайзын онгоцны ослын газарт саадгүй нэвтрэхэд Украины босогчдод дарамт үзүүлэхийг ОХУ-аас шаардсан. Энэ дагуу Украины Засгийн газар болон босогчид ослын газрыг аюулгүй бүс нутаг болгосноо зарлав. Үүний дараа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид болон хэд хэдэн орны шинжээчид ослын газарт хүрэлцэн ирлээ. Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ярьж, энэ цаг үед өөрт нь туслахыг хүсчээ. Онгоцны ослоор амь үрэгдсдийн хамгийн олон нь Нидерландын иргэд юм. Тиймдээ ч Нидерландын Засгийн газар 193 иргэнийхээ үхлийн шалтгааныг заавал тогтоож, гэм буруутныг олохоо илэрхийлсэн. Барууны холбоотнууд болон онгоцны ослоор амиа алдагсдын эх орнууд ОХУ-д шүүмжлэлтэй хандаж буй энэ үед Москвагийн ойрын холбоотон Хятад болон шинээр зузаан харилцаа тогтоогоод буй Аргентиний Засгийн газар боингийн ослын газарт ажиллах ОХУ-ын шинжээчдийн багийг бие даан шалгалт явуулахыг уриалав. Си Жинпин, Кристина Фернандес де Киршнер нар мөрдөн шалгах ажиллагааг яаралтай явуулахыг шаардаж, Донецкийн босогчид өндөр технологи бүхий зэвсэг байхгүй гэв. Ямартай ч, долдугаар сарын 17-ны орой осолдсон “Боинг-777” онгоцны хяналтаа алдаж, осолдсон газар ОХУ-ыг дэмжигч босогчдод харьяалагддаг бүс нутаг. Украины Засгийн газар энэ хэрэгт Донецкийн босогчдыг буруутгаж байгаа бол Донецкийн босогчид Киевийг энэ хэрэгт холбоотой гэв. Юутай ч, шинжээчдийн баг хэргийн газарт очсон бөгөөд буруутай этгээдийг олох нь цаг хугацааны асуудал болоод байна. Нөгөөтэйгүүр, энэ хэрэгт Донецкийн босогчид холбоотой гэх таамаг арай илүү байна. Украины Ерөнхийлөгч Петро Порошенко Малайзын онгоцыг буудан сөнөөсөнтэй холбогдуулан зүүн зүгийн босогчидтой яриа хэлэлцээ хийх байр сууриа өөрчилж, хэлэлцээ хийхгүй гэв. Түүгээр барахгүй тэдний эсрэг томоохон хэмжээний цэргийн ажиллагаанд бэлтгэж буйг албаныхан нуусангүй. Хамгийн харамсалтай нь амь үрэгдсэн 298 хүний 85 нь хүүхэд байжээ. Малайз болон Украины Засгийн газар тээврийн онгоц эрүүл мэндийн багийн хамт илгээгээд байгаа ба олон улс ул мөрийг баллахгүйгээр үнэнч шударгаар пуужинд оногдсон болон Донецкийн босогчид буудсан эсэхийг тогтооно гэдэгт найдаж байна. Өнгөрөгч гуравдугаар сарын 8-нд 14 орны 227 зорчигч, багийн 12 гишүүн нийт 239 хүний бүрэлдэхүүнтэй “Эм-Эйч 370” болон энэ сарын 17-нд 298 хүний бүрэлдэхүүнтэй “Эм-Эйч 17” нислэгийн улмаас Малайзын иргэний агаарын тээврийн хамгийн том компани “Малайзиа Эйрлайнс”-ийн хувь заяа бүрхэг болоод байна. Өнгөрөгч 17-ны ослын дараа “Малайзиа Эйрлайнс”-ийн хувьцаа 11 хувиар буурч, олон тэрбум ам.долларын өрөнд унав. Тэгвэл “Эм-Эйч 17”-гийн осолтой холбогдуулан Австралийн Ерөнхий сайд Тони Абботт ОХУ- ын Ерөнхийлөгч Владимир Путины зохион байгуулах “Их-20”-ийн уулзалт бойкотлогдож магадгүй гэв. Тэрбээр “Хэрвээ Москва Боингийн ослын газарт бие даасан шинжээчдийн багийг ажиллуулахгүй бол Их-20-ийн уулзалт болохгүй байх талтай” гэжээ. Учир нь ослын газарт ОХУ-ын шинжээчид болон цэргүүд хэдийнэ очиж, “хяналт” тавьж байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр Донецкийн босогчид давчуу хугацаа өгснийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тэд заасан хугацаанд гарч явахгүй бол амиа алдах эрсдэлтэй. Дашрамд дурдахад, эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч их 20 орны бүлгийн дээд хэмжээний уулзалт ирэх арваннэгдүгээр сарын 15-16-нд Австралийн Брисбен хотод болно.

Эх сурвалж: Монголын үнэн сонин
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)