Си Жимпиний айлчлал хятадын эдийн засгийн хурдыг нэмэв

-СИ ЖИНПИНИЙ ЛАТИН АМЕРИК ДАХЬ АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ-

Хятадын Ерөнхийлөгч Си Жинпин энэ сарын 14-16-нд Бразильд болсон “БРИКС”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа 17-23-ны өдрүүдэд Бразиль, Аргентин, Венесуэл, Кубыг хамарсан өргөн хэмжээний айлчлал хийлээ. Латин Америкийн хамгийн том эдийн засагтай, нөлөө бүхий дөрвөн орныг багтаасан түүний айлчлалын үр дүнг Хятадын албаныхан болон олон улсын эдийн засгийн шинжээчид сайтар ажиглаж байна. Хятадын өмнөх Ерөнхийлөгчдийг бодвол харьцангуй “айлчлалсаг” Си Жинпин хэдийнэ 20 гаруй оронд зочилжээ. Тэрбээр Хятадын Ерөнхийлөгчөөр 2013 оны гуравдугаар сарын 14- нөөс хойш ажиллаж байгаа бөгөөд жил зургаан сар хүрэхгүй хугацаанд 20 гаруй оронд айлчилсан нь өндөр үзүүлэлт юм.

Си Жинпиний энэ удаагийн айлчлал Бразилиар эхэлж, Кубаар өндөрлөв. “БРИКС”-ын уулзалтад оролцох далимд Бразильд төрийн айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч, хатагтай Дилма Руссефтэй хоёр орны хоорондох макро эдийн засгийн хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэх гэрээ байгуулав. Үүний дараа тэрбээр Аргентинийг зорьж, тус улсын Ерөнхийлөгч, хатагтай Кристина Фернандес де Киршнертэй уулзаж, Аргентинд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Тодруулбал, усан цахилгаан станц, хөлөг онгоцны үйлдвэр, төмөр зам болон Аргентиний цөмийн эрчим хүчний дөрөв дэх үйлдвэрийг барихад туслах гэрээнд гарын үсэг зуржээ. Тэрбээр Бразилийг бодвол худалдаа, эдийн засгийн салбарт илүү таардаг Аргентинд Латин Америкт хийх зургаан өдрийнхөө айлчлалын гурван өдрийг зарцуулж, 20 гаруй хэлэлцээр байгуулжээ. Тэгвэл Си Жинпин Аргентинаас Венесуэлийн нийслэл Каракаст газардаж, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуротой уулзав. Хоёр орны хоорондох хэлэлцээр газрын тос, ашигт малтмал, худалдааны салбарт түлхүү өрнөж 10 орчим тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Гэхдээ Си Жинпин нэр хүнд нэлээн буурч, суудал нь ганхаж буй Николас Мадурогоос түүхий газрын тос, боловсруулаагүй ашигт малтмал авах сонирхолтой байв. Тэрбээр Венесуэлд хятад бараа, бүтээгдэхүүн нийлүүлж, оронд нь түүхий газрын тос, боловсруулаагүй ашигт малтмал авах болон өмнөх 17 тэрбум ам.долларын өрөнд өдөрт дунджаар 640 мянган торх түүхий газрын тос авах гэрээ байгуулжээ. Венесуэл нь АНУ-ын дараах Хятадын хоёр дахь газрын тос нийлүүлэгч том орон бөгөөд эртний холбоотон Бээжингийн саналыг бүгдийг нь хүлээн зөвшөөрчээ.
Аргентин, Венесуэл улсын хувьд олон улсын санхүүгийн зах зээл хаалттайн улмаас энэ хоёр улсад хөрөнгө оруулалт асар их дутагддаг юм. Харин Хятад мэтийн хөрөнгө ихтэй орны хувьд Латин Америкийн эдгээр орон нь ашигтай зах зээл бөгөөд хөрөнгө олох маш том боломж. Нөгөөтэйгүүр, Венесуэл газрын тос, Бразиль хөдөө аж ахуйн салбарт дэлхийд тэргүүлэгч байр суурь эзэлдэг учраас олон улс, тэр дундаа АНУ ч анхаарахгүй орхидоггүй. Си Жинпин Бээжингийн холбоотон агсан Уго Чавесын залгамжлагч, бодлогыг нь үргэлжлүүлэгч Николас Мадуротой уулзаж, Венесуэлийн хувьд том гэрээ байгуулсны дараа Латин Америкийн хамгийн хаалттай орон Кубаг зорив. Тэрбээр Кубын нийслэл Гаванад тус улсын удирдагч Рауль Кастротой уулзсаны дараа түүний ах, Кубын хувьсгалт удирдагч Фидель Кастротой уулзаж, биеийн байдлыг нь асуужээ. Мөн Хятадын олон мянган ард иргэдийн өмнөөс удахгүй болох түүний 88 насны төрсөн өдрийн баярт сайн сайхныг хүсчээ. Куба, Хятад нь адилхан коммунист системтэйн дээр нэг намын тогтолцоотой. Тиймдээ ч улс төрийн удаан хугацааны холбоотон байж ирсэн. Тэрбээр Кубатай худалдаа, эдийн засгийн салбар гэхээсээ илүү хоёр орны харилцааг бэхжүүлж, бүс нутаг болон олон улсын асуудалд хэрхэн хандах, бие биенээ дэмжих талаар хэлэлцжээ. Си Жинпин энэ удаагийн айлчлал Латин Америкт хийж буй хоёр дахь төрийн айлчлал бөгөөд тэрбээр өнгөрөгч онд Мексик, Коста-Рика, Тринидад Тобаго улсад айлчилж байв. Ер нь Си Жинпин Латин Америктай холбоогоо сайжруулахад хамгийн өндөр хувь нэмэр оруулсан тэргүүнээр нэрлэж байна. Тэрбээр хурдацтай өсч буй Хятадын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд голлон анхаарч, үүний хажуугаар авлигатай хүчтэй тэмцэнэ гэж Ерөнхийлөгчийн албаа авахдаа мэдэгдсэн.
Энэ амлалтдаа хүрэх гэсэн үү түүнийг “Зогсоо зайгүй хэсэх” зуур Хятадад авлигын хэргээр олон хүнийг баривчилсаар байна. Хамгийн сүүлийн дуулиан нь Хятадын ард түмний бахархал болсон нэвтрүүлэгч, хөтлөгч “ССТV”- гийн тэргүүлэх нэвтрүүлэгч Руй Ченганг байв. Түүнийг саатуулаад байгаа бөгөөд одоогоор хэргийг нь шалгаж байгаа юм байна. Харин Хятадын олон нийтийн сүлжээнд түүнийг баривчилсныг эсэргүүцэж, олон улсын тавцанд гарч буй шилдэг нэвтрүүлэгчийг суллах ёстой гэв. Руй Ченгангийг манайхан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас ярилцлага авснаар нь сайн мэдэх агаад тэрбээр Дэлхийн эдийн засгийн форум Давосын уулзалтад уригдаж байсан нөлөө бүхий сэтгүүлч аж. Ямартай ч, Хятадын төрийн өндөр албан тушаалтнууд дотор Си Жинпиний дараа хилийн чанадад хамгийн идэвхтэй ажиллаж буй төрийн түшээгээр Гадаад харилцааны сайд Ван И нэрлэгдэж байна.

 Тэгвэл ирэх найм юм уу есдүгээр сард Монгол Улсад айлчилна гэгдэж буй Си Жинпинийг монголчуудын үр удам байж болох талаархи мэдээллийг Оросын “аsiarussia.ru” цахим хуудаст мэдээлсэн байна. МУИС- ийн багш, Хятад судлаач доктор Ж.Баясах “Си Жинпинийг Шаньси мужийн уугуул бол монголчуудын үр удам” мөн гэв. Чингис хааны үед түүний үнэнч туслах Мухулай баатар одоогийн Шаньси мужийг захирч байсан агаад Мухулай вангийн хойч үеийн нэг гэнэ. Ж.Баясахын судалгаагаар Шаньси мужийн иргэд монгол угсаатай аж. Ямартай ч, Хятадын Ерөнхийлөгч Си Жинпин Шаньси мужаас гаралтай гэдгээ хэлж, өнгөрсөн Еэвэн сарын баяраар Шаньсид очжээ. Юутай ч, Си Жинпиний Монгол улсад хийх айлчлал анхных нь биш. Тэрбээр Ерөнхийлөгч асан Ху Жинтаогийн орлогч байхдаа Монгол Улсад зочилж байсан юм. Харин ирэх найм юм уу есдүгээр сар хийх айлчлал түүний Монголд хийж буй хоёр дахь, төрийн тэргүүний хувиар анхны айлчлал нь болох юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)