Хар хайрцагнаас ул мөр олдсонгүй

 Их Британийн шинжээчид Украинд осолдсон Малайзын “боинг-777” онгоцны хар хайрцгаас ослын шалтгаантай холбоотой ноцтой ул мөр олоогүй тухайгаа мэдээллээ. Хар хайрцгаас энэ осолд Украины зүүн нутгийн босогчид, цаашлаад ОХУ шууд бус байдлаар оролцсоныг тогтоох боломжтой гэж барууны хэвлэлүүдэд бичиж байсан. Гэхдээ энэ нь уг осолд Украины зүүн нутгийн босогчид болон шууд буруутгахыг хүсээд буй ОХУ-ыг оролцоогүй гэдгийг баталсан нотолгоо биш аж. Нөгөө талаас энэ осолд Украины Засгийн газрын цэргүүд, магадгүй тус улсын зүүн нутагт хөлсөөр үүрэг гүйцэтгэж буй гадаадын цэргүүдийг холбоотой байх таамгийг улам ихэсгэж байна. ОХУ Малайзын онгоцыг Украины зүүн нутгийн дээгүүр нисч явах үед Киевийн мэдлийн байлдааны “Су- 25” онгоц араас нь дагаж байсныг тогтоосноо мэдэгдсэн. Мөн “Су-25”-ыг яагаад “боинг-777”-той ижил хугацаанд, нэг төвшинд нисч байсныг тайлбарлахыг Украины эрх баригчдаас хүссэн. Тэгвэл саяхан Малайзын иргэний агаарын тээврийн “боинг-777”-г нэг биш хоёр “Су-25” онгоц дагаж байсныг мэдээллээ. Үүгээр ч зогсохгүй Киевийн эрх баригчдыг Малайзын онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдсэн юм. Үүнд Киевийн эрх баригчид ихээхэн бухимдаж, ОХУ-ын энэ мэдэгдлийг буруушаасан байна. Хэрвээ энэ осолд Украины Засгийн газар холбоогүй бол Украины зүүн нутгийн босогчид холбоотой болох нь гарцаагүй юм. Учир нь Украины нутаг дэвсгэрт өөр орон халдах эрхгүй. Мөн ОХУ- ын Батлан хамгаалах яам “Малайзын онгоц манай пуужингийн хамгаалалтын системийн тойргийн гадна сүйрсэн” гэж мэдэгдсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Аль улсын агаарын хилд осол болно. Тэр улс хариуцлагыг нь үүрэх ёстой” гэж мэдэгдсэн. Мөн “Малайзын онгоцыг 10 мянган метрийн өндөрт нисч явсан. Украины зүүн нутгийн босогчдод ийм өндөрт нисч буй биетийг устгах хүчин чадалтай зэвсэг байхгүй” гэж Оросын талаас мэдэгдсэн. Харин Украин болон АНУ Москвагийн эрх баригчдыг Украины зүүн нутгийн ОХУ-ыг дэмжигч салан тусгаарлагчдад өндөр технологийн зэвсэг, түүний дотор “Бук” хэмээх 10 мянган метрийн өндөр дэх агаарын биетийг устгах чадвартай пуужин харвагч систем нийлүүлсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Харин олон улсын шинжээчид “Хэрвээ ОХУ үнэхээр босогчдод ийм систем нийлүүлээгүй бол тэд Украины зэвсэгт хүчнээс олзолсон Бук-аар Малайзын онгоцыг сөнөөсөн” гэж таамаглаж байна. Үүнийг батлах бичлэг Украины зэвсэгт хүчинд байгааг тус улсын Ерөнхийлөгч Петро Порошенко мэдэгдсэн ч зүүн нутгийн босогчид үүнийг хуурамч зүйл гэж эсэргүүцжээ. Петро Порошенкогийн хэлснээр, тагнуулынхан босогчдын утасны яриаг чагнаж, тэдний толгойлогчдын нэг Игорь Безлерийн Оросын цэргийн албан тушаалтантай утсаар холбогдож онгоцыг унагасан тухай мэдээлжээ. Үүгээр ч зогсохгүй онгоц осолдсон газраас 25 орчим км- ийн зайд босогчдын дотроос хоёр хүн хоорондоо утсаар пуужин харваж, онгоц унагасан тухай ярьжээ. Украины тагнуулын алба үүнийг баримтжуулан авч үлдсэн аж. Тэгвэл Игорь Безлер нь ОХУ-ын тагнуулын б а й г у у л л а г а д ажиллаж байсан бэлтгэл офицер аж. Украины тагнуулын а ж и л т н у у д түүнийг ОХУ-ын зэвсэгт хүчний нэг том цолтонтой утсаар холбогдож, ослын талаар илтгэсэн гэдэгт итгэж байгаа ба Украины Засгийн газар дээрх баримт дээр тулгуурлан салан тусгаарлагчдыг Малайзын онгоцны осолд буруутгаж байгаа ч баттай нотолж чадахгүй байна. Ямартай ч энэ осолд, Киев болон Украины зүүн нутгийн босогчид бие биенээ буруутгаж байна. Харин ОХУ ямар ч холбоогүй гэдгээ нотлохыг хичээсээр байна. Тэгвэл Киев юм уу Украины зүүн нутгийн босогчдыг ОХУ- ын Ерөнхийлөгч Владимир Путины онгоцыг сөнөөх гэж байгаад андуурч Малайзын онгоцыг устгасан байж болзошгүй талаар олон орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл тагнуулын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн таамаг дэвшүүлж байна. Учир нь, Малайзын онгоц Владимир Путины онгоц нисдэг чиглэлд нисч явжээ. Нөгөөтэйгүүр Малайзын иргэний агаарын тээврийн хамгийн том компани болох “Малайзиа Эйрлайнс”-ийн “боинг-777” онгоц ОХУ- ын Ерөнхийлөгчийн онгоц шиг хажуу талдаа цэнхэр, улаан судалтай. Энэ нь арван мянган метрийн өндрийн төвшинд андуурагдах асар өндөр магадлалтай аж. Владимир Путины онгоц ОХУ-ын төрийн далбааны адил цагаан, цэнхэр, улаан өнгөтэй агаад Малайзын онгоцны адил хөндлөн судал нь цагаан, цэнхэр, улаан өнгөтэй. Харин цагаан судал нь онгоцны ерөнхий өнгө болох цагаанд уусч мэдэгдэхгүй байх талтай юм байна. Үүнээс гадна Малайзын онгоцны нислэгтэй ОХУ-ын Ерөнхийлөгчийн онгоцны нислэг таарч байжээ. Кремлийн албаныхны хэлснээр. В.Путины онгоц долдугаар сарын 17-нд Москвагийн цагаар 16.41 минутад Польшийн нийслэл Варшав хотын дээгүүр нисч байсан бол Малайзын “Эм-Эйч 17” нислэг 15:51 минутын үед Украины зүүн нутгийн дээгүүр нисч яваад пуужинд өртжээ. Тэгэхээр Украины аль нэг тал В.Путины амь насанд халдах зорилготой байсан байж магадгүй гэсэн таамаг гарч ирж байгаа аж. Юутай ч, “Эм-Эйч 17” нислэг буюу Малайзын “боинг-777” онгоцны хар хайрцгийн мэдээллийг олон улсын хамтарсан баг дахин шалгахаар болж, Их Британийн шинжээчид сүйрсэн онгоцны нислэгийн мэдээллийг шалгахаар боллоо.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.193.5)

    2014-07-26

    Тиймээ, угаасаа ойлгомжтой. Учир шалтгааны үүднээс хандвал Орос Украйны асуудалд маш болгоомжтой хандаж байгаа, иргэний онгоц буудах ямар ч ашиг байхгүй. Харин Путиныг хөнөөнө гэж удаа дараа заналхийлж байгаа Украйны армийнхан, бандерууд андуурч пуужиндсан байх маш өндөр магадлалтай. Энд орос хамаагүйг АНУ мэргэжилтнүүд мэдэгдсэн. Бүх зүйл ойлгомжтой. Зүгээр үзэл суртлын дайны л өгөө аваа явж байна.

  • dfg (202.21.100.146)

    2014-07-25

    За за, ойлгомжтой юм биш үү. АНУлсын тагнуулын алба хиймэл дагуулын бичлэгээ үзээд Оросууд энд хамаагүй юм байна гэж Обамад тайлагнасан гэсэн. Украйнууд Путины онгоцыг гэж андуураад Малайзын онгоцыг унагаасан гэж ойлгогдож байна.