Зүрхний төрөлхийн хавсарсан гажигтай 7 хүүхдэд Солонгос, Монгол эмч нар хамтран хийсэн хагалгаа амжилттай боллоо

Манай сурвалжлах баг Шастины нэрэмжит III төв эмнэлгийг зорьлоо. Ийн зорих болсон учрыг тодруулбал, Солонгос эмч нар хүрэлцэн ирж зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажигтай нярай хүүхдүүдэд хагалгаа хийж буй нь талаар сурвалжлага бэлтгэн хүргэхээр очсон юм.

Солонгос эмч нарын баг Монголд ирээд 70 гаруй төрөлхийн зүрхний гажигтай хүүхдэд үзлэг хийжээ. Энэхүү үзлэгээсээ нэн яаралтай хагалгаанд орох зүрхний хавсарсан гажигтай 8 хүүхдийг сонгосон байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 1 хүүхэд нь хагалгаанд орохын өмнөх өдрөө өнгөрсөн аж. Ингээд 7 хүүхдэд дөрвөн өдрийн турш хагалгааг хийжээ. Эхний өдөр 2 хүүхдэд хагалгаа хийж, дараагийн өдөр нь  3 хүүхдэд хагалгаа хийсэн байна. Маш хүнд хэлбэрийн хагалгаанд тооцогддог энэ төрлийн хагалгааг манай улсын эмч нар өөрсдөө хийхэд хараахан бэлтгэгдээгүй байгаа бөгөөд тоног төхөөрөмж байдаггүй гэдгийг мэргэжлийн эмч нар учирладаг.

Биднийг очиход 15:00 цагаас эмч нар дахин хагалгаанд орсон байв. Хагалгааг 2 цаг хэртэй хүлээсний дараа өнөөдрийн хагалгаа амжилттай боллоо гэсэн баяртай мэдээг дуулгасан юм. Ийн дөрвөн өдрийн турш нийт 7 хүүхдэд хагалгаа хийж амжилттай болсон бөгөөд эхний өдөр хагалгаанд орсон хүүхдүүд энгийн тасаг руу шилжсэн байна.

Ингээд та бүхэндээ өдрийн сурвалжлагаа хүргье!


-Шастины нэрэмжит III төв эмнэлгийн зүрхний тасгийн мэс заслын их эмч Э.Ариунцацрал: Солонгос, Монгол эмч нарын хамтран 7 хүүхдэд хагалгааг амжилттай хийлээ

-Зүрхний хүнд хэлбэрийн хагалгааг дөрөвдэхь өдрөө хийж байгаа юм байна. Хагалгааны талаар мэдээлэл өгвөл?


-Сөүлийн их сургуулийн Синчо эмнэлгийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг манай эмнэлгийн эмч нарын багтай энэ сарын 20-25-ны өдрүүдэд  хамтран ажиллаа. Энэ удаад маш хүнд хэлбэрийн шатандаа орсон төрөлхийн зүрхний гажигтай нийт 7 хүүхдэд хагалгаа хийлээ. Энэхүү хагалгааг Монголд анх удаа хийж байгаа юм. Монголын эмч нар маань зүрхний цоорхойны хагалгааг хийчихдэг. Харин хавсарсан зүрхний  гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийх боломж тун хязгаарлагдмал байдаг. Учир нь багаж тоног төхөөрөмж, эм тарианы хангалтгүй байдлаас үүдэн хийдэггүй. Цаашдаа энэ төрлийн хагалгааг хийхэд суралцах хэрэгтэй. Өнөөдрийн хувьд бол хагалгаа амжилттай боллоо.


-Ким профессортой хэрхэн хамтарч ажиллах болов?

-Ким эмч энэ 10 сард Монголд ротари клубын шугамаар ирсэн. Гэхдээ энэ удаад бол зөвхөн Сөүлийн их сургууль болон Жапайл клинк, гуравдугаар эмнэлгийн хамтарсан үйл ажиллагааны дагуу ирсэн. Өмнө нь ирэхдээ манай багтай хамтран ажилласан юм. Тэр үед танай эмч нарын багтай хамтран ажиллах нөхцөл байдал таалагдлаа гэж хэлсэн. Мөн маш олон хүнд өвчтэй хүүхдүүд яаралтай үзэж хагалгаа хийх шаардлагатай байсан учраас бидэнтэй холбогдож хагалгааг хийлээ.


-Цаашдаа та бүхэн хамтран ажиллах уу?

-Ер нь зүрхний хагалгаа багаараа сайн ажиллаж байж амжилттай болдог. Тухайлбал, зүрхний мэс заслын эмч, унтуулгын эмч, сэхээний эмч гээд олон хүний бүрэлдэхүүнтэй ордог. Өнөөдрийн хагалгааны хувьд бидний хамтран ажиллах сургалт эхэлж байна. Солонгос эмч нарын баг бол монгол эмч нарыг сургахдаа ганц нэгээр нь биш багаар нь хүнд хэлбэрийн хагалгааг хэрхэн бэлтгэх үү, яаж хийх үү гэдэгт анхаарч ажиллаж байна. Цаашдаа бид нар нэлээн удаан хугацааны тогтвортой хамтран ажиллах талаар ярилцаж байгаа. Олон жил үргэлжлэх байх гэж найдаж байна. Ингэж бид хамтран ажилласнаар монгол эмч нар маань хүнд хэлбэрийн хавсарсан хагалгааг өөрсдөө гардан хийх боломжтой болно.


-Хүүхдүүдийг хэрхэн сонгож хагалгаа хийсэн бэ?

-Бид нар энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн урьдчилсан байдлаар манай монгол эмч нар өвчтнүүдээ бэлдээд оношийнх нь дагуу солонгос эмч нартаа хагалгаанд хэрэглэхэд шаардлагатай зүйлүүдийг нь хэлсэн. Ингээд Солонгос эмч нар маань ирснийхээ дараа 70 гаруй төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг хийсэн. Энэ үзлэг хийсэн хүүхдүүдээсээ хамгийн хүнд, нэн яаралтай хагалгаа хийлгэх хүүхдүүдийг сонгон авч хагалгаанд орууллаа.


-Тоног төхөөрөмжөө Солонгос эмч нар өөрсдөө авч ирдэг гэлээ. Энэ талаар тодруулбал?

-Манай эмнэлэгт дутагдаж байгаа нярай хүүхдэд зүрхний хагалгаа хийхэд шаардлагатай багаж төхөөрөмжийн жагсаалтыг гаргасан. Сая ирэхдээ худалдаж авч болох тоног төхөөрөмжөө худалдан авч ирж хагалгаагаа хийсэн одоо бидэнд үлдээгээд явах юм. Цаашдаа бол бүрэн мэс заслын иж бүрдэл, унтуулгын аппарат, энэ төрлийн хагалгааг хийхэд зайлшгүй шаардлагатай байдаг тоног төхөөрөмжийг хөтөлбөрийнхөө дагуу үе шаттайгаар авч ирнэ.


-Хагалгааг үнэ төлбөргүй хийж байгаа. Санхүүжилтын хаанаас гаргадаг вэ?

-Энэ бүх хагалгааг үнэ төлбөргүй хийж байгаа. Санхүүжилт нь Солонгос талаасаа гардаг.


-Манайд төрөлхийн зүрхний гажигтай хэчнээн хүүхэд байгаа вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Солонгос эмч нарыг ирэхээс өмнө Америкийн эмч нарын багтай хамтран бид судалгаа явуулсан. Бидний хийсэн судалгаагаар урьдчилсан байдлаар 100-т 4 хүн тутам гэсэн дүн гарсан. Дэлхийн түвшинд 100-т 1 хүн гэсэн судалгаа бий. Энэхүү судалгааны дүнгээс харахад арай өндөр байна гэж үзэж байгаа. Энэ тоо баримтаа бид судалгаагаа бүрэн хийж дуусгаад эргэн мэдээлнэ. Сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажиг ялангуяа хүнд хэлбэрийн гажигуудтай хүүхдүүд төрөх болсон. Энэ нь төрөлт ихэссэнтэй холбоотой нөгөө талаараа оношлогоо сайжирсантай холбоотой байх. Харин дараагийн шалтгаануудыг бид цаашдаа олж тогтоох шаардлагатай. Одоогийн байдлаар бид хүнд хавсарсан хэлбэрийн зүрхний гажигтай хүүхдүүдэд өөрсдөө бие дааж хагалгаа хийх зорилго тавин ажиллаж байна. Хүнд хэлбэрийн хагалгаагаа хийчихвэл бусад хагалгааг бол хийчихнэ гэсэн үг. Монгол эмч нар монголдоо энэ хагалгааг хийх зорилготой ажиллаж байна.

"Сөүлийн их сургуулийн хүүхдийн эмнэлгийн Woong-Han Kim профессор: Тоног төхөөрөмжөө гаалиар оруулж ирэхэд хүндрэлтэй байдаг"

-Хагалгаанд орсон хүүхдүүдийн биеийн байдал ямар байна?

-Нийт 8 хүүхдэд хагалгаа хийхээр төлөвлөсөн. Биеийн байдал нь хүнд зүрх судасны гажиг согогтой хүүхдүүд байсан. Хагалгаа харьцангуй амжилттай сайн болж 7 хүүхдээ хагалгаанд орууллаа. Харамсалтай нь 1 хүүхэд маань хагалгаанд орохоос өмнөх өдрөө өнгөрсөн. Бид нарын хувьд хүмүүнлэгийн шугамаар ирээд зүрх судасны хавсарсан төрөлхийн гажигтай нярай хүүхдүүдийг амийг аврахыг хүссэн. Эм эмнэлгийн тоног төхөөрөмжөөр нь хангаж, Монгол эмч нарын баг энэ төрлийн хагалгааг хийж чаддаг болно гэдэгт бид найдаж байна.

-Цаашдаа хамтарч хичнээн хагалгаа хийх вэ?

-Ерөнхийдөө бол монголд 10 мянган хүүхэд төрлөө гэхэд зууны нэг хувь нь төрөлхийн зүрх судасны гажигтай хүүхэд төрж байгаа гэж үзэхэд цаана нь маш олон хүүхэд хагалгаанд орж чадахгүй үлдэж байгаа гэж хэлж болно. Энэ байдлаараа бид нар маш олон хүүхдийн амь насыг  аварч чадахгүй байгаадаа маш их харамсаж байна.

-Юунаас болж зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрж байна?

-Тодорхой шалтгааныг нь бол мэдэхгүй. Юунаас болж зүрх судасны төрөлхийн гажиг, согогтой хүүхэд төрөөд байгааг одоогийн байдлаар олж тогтоогоогүй байна. Гэхдээ энэ хүүхдүүдийг эмчлэх тодорхой хугацаа гэж байдаг. Энэ хугацаанд нь эмчлэхгүй бол ямар ч арга байхгүй. Тийм болохоор тэр хугацаанд нь л эмчлэхгүй бол амь насанд аюул учирна тэгээд бид тусламж үзүүлж чадахгүй болдог. Эцэг эхчүүд хүүхдээ ийм төрлийн өвчтэй төрлөө гэдгийн мэдээд мөнгө төгрөгөө цуглуулаад эмчлүүлэхээр ирэхэд аль хэдийнээ хожимдсон байдаг. Энэ нь бид нарын хувьд маш их харамсалтай явдал. Тэгэхээр тэрхүү эмчлэх хугацааг алдахгүй байх хэрэгтэй.

Бид нарын хувьд богино хугацаатай монголд ирдэг. Богино хугацаанд хүрч ирэхэд дээд удирдлагын зүгээс зохицуулах асуудлууд их төвөгтэй байдаг л даа. Энэ ажилд бэлтгэл ажил маш их хугацаа шаардагддаг.

-Монголд ирэхэд хүндрэлтэй зүйл байдаг уу?

-Бид нарт гаалиар орж ирэх асуудал маш их асуудалтай байдаг. Энэ эмнэлэгт маань тоног төхөөрөмж байхгүй. Эм тариа, тоног төхөөрөмжөө бид нар өөрсдөө авч ирдэг учраас гаалиар нэвтрэхэд хүндхэн.

-Өөрийнхөө талаар манай уншигчдад танилцуулбал?

-Би Солонгос улсын Сөүлийн их сургуулийн дэргэдэх хүүхдийн эмнэлэгт ажилладаг. Зүрх судасны их эмч мэргэжлээрээ 20 жил ажиллаж байна.

-Та өмнө нь манай улсад ирж энэ төрлийн хагалгааг хийж байсан уу. III төв эмнэлгийн эмч нартай яаж холбогдов?

-Монголд 4-5 удаа ирж байсан. Өмнө нь ирэхдээ өөр байгууллагуудын хүсэлтээр ирсэн. Энэ удаад Рапил гээд төрийн бус байгууллагаар дамжуулж ирлээ.

-Дараагийн төлөвлөгөөний хувьд?

-Одоогийн байдлаар төлөвлөсөн зүйл байхгүй байгаа. Цаашдаа яах талаар одоо болох гэж байгаа хурлаараа бид ярилцана.

-Тоног төхөөрөмж манай улсад байхгүй гэсэн. Энэ талаар?

-Мэс заслын багаж, тоног төхөөрөмж нэлээд дутмаг. Нярай хүүхдэд хэрэглэдэг багажаа бид нар тодорхой нэг хэсгийг нь худалдан авч ирээд хагалгаагаа хийсэн. Үүнийгээ бид үлдээнэ, хандивлаж байгаа юм.

-Монгол улсыг яагаад сонгож ирэв?

-Дэлхийн аль ч оронд зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд маш их төрдөг. 10 мянган хүүхдийн зууны нэг хүүхэд нь ийм төрлийн өвчтэй төрдөг гэж би хэлсэн дээ. Яагаад заавал Монгол улсыг сонгож ирэх болов гэвэл өмнө нь би Монголоос маш олон зүрхний өвчтэй хүүхдүүдийг Солонгос руу авч яван хагалгаа хийж амь насыг нь аварч байсан. Үүнээс хойш өөрөө ирж энд хагалгааг нь хийж олон хүүхдийн амь насыг аварч туслая гэдэг үүднээс ирдэг. Энэ удаад ирэхдээ эм, эмчилгээний багаж хэрэгслийг өгөх, эмч нарын багыг бэлдэж өгөхөд тус нэмэр больё гэсэн үүднээс ирсэн.

-Хагалгаанд орсон хүүхдүүдийн эцэг, эхтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо-

6 сартай Есөнхүслэнгийн аав “Өнөөдөр миний хувьд сэтгэл үнэхээр их догдолж байна. Хүүгээ хүнд хэлбэрийн хагалгаанд орох шаардлагатай гэдгийг төрсөн өдрөөс эхлэн эмч нараас сонссон. Ингээд монголд энэ хагалгааг хийх ямар бололцоо боломж байгааг бид судалж үзсэн. Гэвч бид шийдэлд хүрч чадаагүй. Гэсэн хэдий ч бидний сэтгэл зүрхийг сонссон Солонгос улсаас эмч нар ирээд хагалгааг хийж  өглөө. Сая эмчтэйгээ уулзахад хүүгийн маань хагалгаа амжилттай болсон гэдгийг хэллээ. Энэ явдалд үнэхээр их баяртай байна. Мөн маш яаралтай гадаадад очиж эмчлүүлэх шаардлагатай гэсэн хүүхдүүдийг хүлээлгэхэд тоног төхөөрөмж байхгүй байдаг юм байна гэдгийг нийт эцэг, эхчүүдийнхээ өмнөөс холбогдох хүмүүст нь хэлмээр байна. Солонгос улсаас эмч нар ирээд олон хүүхдүүдийг үзэж тэр дундаас нь яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийсэнд баярлаж байна. Манай хүү сая энгийн тасаг руу шилжсэн. Дараагийн шатны эмчилгээгээ хийлгэж байна.

Залуу гэр бүл болохоор хүүгээ эмчлүүлж, хагалгаа хийлгэх мөнгө санхүүгийн бололцоо байгаагүй. Монгол улсаас гаргах төсөв гэж байдаггүй юм байна. Монголд  байгаа том эмнэлгүүдээс зүрхний төрөлхийн хавсарсан гажиг, согогтой хүүхдэд хийх зөвхөн хагалгааны төлбөр нь 20-30 сая гэж хэлсэн. Цашдаа хийх эмчилгээний мөнгө орвол 100-15 сая төгрөг болж ч магагдгүй гэсэн. Энэ хариултыг сонссон эцэг, эхчүүд хүнд байдалд ордог. Манай хүү эх нялхасын харьяа, өрхийн эмнэлгийн, энэ 3-р эмнэлэг дээрээ давхар хяналтанд ороод явж байсан. Хүүгээ төрөхөөс өмнө 3D эхогоор харуулахад мэдсэн.

Хагалгаанд орсон 7 хүүхдийн цаана энэ  төрлийн хагалгаанд орох бидний ирээдүй болсон олон хүүхэд бий. Солонгос эмч нар хүүхдүүдийн биеийн байдлаас хамаараад 96 хувь гэж хэлж өгсөн. Харин 96 хувиас доош байвал хагалгаа хийх боломжгүй гэдгийг солонгос эмч нар хэлсэн. Ингээд 96 хувьтай хүүхдүүдийн хагалгааг хийнэ болно гээд бидэнд тусалсан эмч нартаа баярлалаа. Мөн тоног төхөөрөмжөө өөрсдөө авч ирж хийдэг болохоор болно гэж нүүр бардам хэлж чадсан байх гэж би бодож байна.

Н.Хороллхам 7 сартай охины өвөө О.Сэнгэдорж: “Миний зээ охин зүрхний төрөлхийн гажигтай төрсөн. Өнөөдөр хагалгаанд орлоо. Хагалгаа амжилттай боллоо. Ах нь маш их баярлаж байна. Алтан гартай эмч нар, хүмүүнлэгийн сайн үйлс дэлгэрүүлж байгаа байгууллагуудад баярлалаа. Миний зээ охин зүрх нь цоорхой, судасны нарийслалтай гэсэн оноштой хагалгаанд орсон” гэлээ.








Уншигч та бүхэндээ хагалгааны үеийн болон дараах үеийн гэрэл зурган сурвалжлагыг хүргье.

 

 

 

                                                                                                                                 Сурвалжлагч: Х.Даваа

                                                                                                                                 Гэрэл зургийг О.Дэлгэрхүү


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)