Хамас БНАСАУ-тай нууц гэрээ хийжээ

Газын зурвасын “ХАМАС” бүлэг Хойд Солонгос улстай цэргийн нууц гэрээ байгуулсныг Их Британийн “The Telegraph” медиа групп илрүүлснээ мэдээллээ. Тус мэдээллийн байгууллагын мэдээлснээр, “ХАМАС”-ынхан Хойд Солонгосоос пуужин худалдан авч, пуужингийн нөөцтэй болохоор шийдсэн гэнэ. Илт давуу хүчтэй Израильтай 20 өдрийн турш зэвсэгт мөргөлдөөн хийсэн “ХАМАС” бүлэг нөөцөө шавхсан учир ийнхүү пуужингийн нөөцөө дүүргэхээр Хойд Солонгостой пуужин худалдан авах гэрээ байгуулсан бололтой. “ХАМАС”- ын удирдлагууд пуужингийн нөөц ихтэй Хойд Солонгосоос пуужин болон холбооны тоног төхөөрөмж худалдан авахаар төлбөрийн эхний хэсгийг Пхеньян руу шилжүүлсэн аж. Олон улсын шаардлагын дагуу одоогийн байдлаар Газын зурваст түр гал зогсоод байгаа. Гэхдээ Израйль улс 24 цагийн найрамдал зарласан. Өөрөөр хэлбэл, Газын зурваст 24 цаг гал зогсохоор болоод байна. Нөгөөтэйгүүр Израйлийн Засгийн газар хүмүүнлэгийн үүднээс Газын зурваст дахин нэг өдөр гал зогсоох боломжтой гэж мэдэгдсэн ч “ХАМАС” бүлэг Израйлийн цэргүүд Газын зурвасыг орхиогүй нөхцөлд дахин нэг өдөр гал зогсоохоос татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. Барууны аюулгүйн албаныхан “ХАМАС”- ын дайчдын Хойд Солонгосоос пуужин, холбооны тоног төхөөрөмж худалдан авах шинэ гэрээний талаар Ким Чен Ун тэргүүтэй Пхеньяний талтай хэлэлцэж буй хэлэлцээрийн нөхцөлийн талаар тагнаж эхэлсэн байна. Тэдний үзэж буйгаар олон мянган ам.долларын үнэ бүхий энэхүү гэрээний зарим хэсэгт Ливаны худалдааны компани оролцож, төлбөрийн эхний хэсгийг Хойд Солонгос руу дамжуулжээ. Нэг үгээр хэлбэл, “ХАМАС”-ынхан Ливаны худалдааны компаниар дамжуулан Хойд Солонгостой харьцаж байна. Аюулгүйн албаныхан “ХАМАС”-ын удирдлагуудыг төлбөрийн эхний хэсгийг Пхеньян руу аль хэдийнэ шилжүүлсэн болохыг тогтоосон агаад Хойд Солонгос болон “ХАМАС”-ынхан Газын зурваст хэрхэн зэвсэг авчрахыг ажиглаж байна. Хэдийгээр “ХАМАС”-ын эсрэг өршөөлгүй дайралт явуулж, үүнийхээ улмаас олон улсаас зэмлэл хүлээж буй Израйль улсыг АНУ ганцаараа өмгөөлж байгаа ч террорист бүлгээс улс төрийн хөдөлгөөн болж буй “ХАМАС”-ыг үгүй болсноор Ойрхи Дорнод дахь байдал улам муудна гэж үзэж байна. АНУ-ын зэвсгээр бүрэн зэвсэглэсэн Израйль улс Ойрхи Дорнодын хамгийн хүчирхэг орноор нэрлэгддэг бөгөөд Вашингтоны Ойрхи Дорнод дахь хамгийн чухал холбоотон. Хэдий тийм ч АНУ “ХАМАС” бүлгийг Ойрхи Дорнодын тогтвортой байдалд хэрэгтэй гэж үзэж байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны Тагнуулын хэлтсийн дарга Майкл Флинн “Хэрвээ ХАМАС-ыг мөхөөвөл бид тэднээс илүү муу зүйлтэй учрах болно” гэж мэдэгджээ. Ямартай ч энэ намар тэтгэвэртээ гарах Майкл Флинн “ХАМАС”-ын сүйрэл энэ хөдөлгөөнөөс илүү аюултай, шинэ бүлэг гарч ирэх эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс “ХАМАС”-ыг мөхөлгүйгээр “Исламын улс” мэтийн бүлгүүдийг бүс нутагт ноёрхох боломжийг хаах хэрэгтэй гэдгийг сануулжээ. Өнгөрсөн сарын эхээр Иракт суннит шашны “Исламын улс” буюу “Ирак, Левантын исламын улс” хэмээх бүлэг хүчээ авч, бүс нутагт учруулах заналхийлэл нь нэмэгдсээр байгаа юм. Зургадугаар сарын 29-нд байгуулагдсан уг бүлэг Иракийн баруун болон хойд нутгийг асар богино хугацаанд эзэлж, Сирийн нутагт хүртэл тэмцэл явуулж эхэлжээ. Уг бүлэгт Иракийн үндэсний олонхи суннитууд болон талийгчаач Саддам Хуссейний армийн цэргүүд, жижиг террорист бүлгүүд нэгдэж, улам хүчирхэгжиж байна. Сонирхуулахад, Саддам Хуссейний үед Иракийн суннитууд төр болон цэргийн эрхийг захирч байсан бөгөөд АНУ тэргүүтэй олон улсын цэргийн түрэмгийллийн дараа дээрх хоёр эрх үндэсний цөөнх шийтүүдийн гарт төвлөрсөн. Тиймээс суннитууд шийтүүдийн эсрэг чиглэсэн халдлага, дайралт ихээр явуулах болж энэ хэрээр Иракийн байдал улам хүндэрсэн юм. Одоогийн байдлаар “Ирак, Левантын исламын улс” бүлэг Сирийн хойд зүгийн Алеппо хотоос Иракийн зүүн зүгийн Дияла муж хүртэлх газар, нутгийг эзлээд байна. Тэгвэл Израилийн Тагнуулын албаныхан палестинчууд, тэр дундаа “ХАМАС” бүлэгт Хойд Солонгосын мэргэжилтнүүд зөвлөж байгааг тогтоосон байна. Хойд Солонгосын мэргэжилтнүүд Израйлийг ялахын тулд “ХАМАС”- ыг салбарласан сүлжээ хонгил байгуулахыг зөвлөжээ. Хойд Солонгос Өмнөд Солонгостой маргаантай ч цэрэггүй бүс нутаг болгосон газрын доогуур сүлжээ хонгил хэдийнэ ухсан юм. Тэгвэл “The Telegraph” сонинд бичсэнээр “ХАМАС”-т 16 км-ээс ихгүй тусгалтай Ираны “Кассам”, 48 км хүртэл тусч чаддаг хуучин ЗХУ- ын үеийн “Катюша”, “М-75” болон 160 км-т хүрдэг Сирийн “М0302” пуужингууд байгаа. Израйлийн тагнуулын байгууллагын тооцоогоор “ХАМАС” 10 мянга орчим пуужинтай аж. “ХАМАС”, Хойд Солонгос хоёр Палестины болон Ливаны цэргүүдэд зэвсэг тээвэрлэж явсан “Ил-76” онгоц Бангкокт саатуулагдсан 2009 онд бие биетэйгээ танилцаж, түүнээс хойш хамтран ажиллаж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, Палестины “ХАМАС” бүлэг нь Ливаны босогчидтой нягт холбоотой ажилладаг юм. Тухайн үед “Ил-76” онгоц гар бөмбөг шидэгч, зөөврийн зориулалттай онгоц эсэргүүцэгч, тэсрэх бодис зэрэг 35 тонн гаруй зэвсэг тээвэрлэсэн байсан ба Израилийн шаардлагаар Бангкокын албаныхан саатуулаад байсан юм. Харин Хойд Солонгос бүс нутаг дахь нөлөөгөө ашиглан Тайландад дарамт үзүүлснээр энэ онгоцыг сулласан байна. Ямартай ч, Израйль, Палестин, тэр дундаа “ХАМАС”- ын хоорондох 20 өдрийн тулааны улмаас Палестины талаас 1000 гаруй хүн амиа алдаж, Израйлийн талаас 40 цэрэг, офицер болон гурван энгийн иргэн амиа алджээ. Уг хоёр талын шинэ мөргөлдөөн Израйлийн өсвөр насны гурван хүүг гэмт этгээдүүд хулгайлан одож, улмаар амь насыг нь бүрэлгэснээс үүдсэн юм. Израйлийн тал энэ хэрэгт Палестин, тэр дундаа Палестинчуудын эсрэг Израйллтай тэмцэж буй, Газын зурвасыг хянагч “ХАМАС” бүлгийнхнийг буруутгасан бол “ХАМАС” үүнийг няцаасан юм.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)