Эмнэлгийн тусламж авч байгаагүй даатгууулагчид нэг удаагийн давуу эрх эдэлнэ

Нэг автобусанд явж байгаад нэгэн сонирхолтой яриа сонссон юм. Мэдээж бичих гэж байгаа сэдэвтэй маань холбоотой учир энд өгүүлэхийг хүслээ. Нэг нь төсвийн байгууллагад нөгөө нэг нь хувийн байгууллагад ажилладаг бололтой залуухан хоёр бүсгүй ийн ярилцаж байлаа.

-Хувийн байгуууллага юм чинь өндөр цалин авдаг байх даа. Танай цалин хэд вэ. Амьдралд чинь хүрэлцэж байна уу?

-Яахав дээ, хүмүүстэй адилхан л цалин авдаг юм. Гэхдээ би нэг зүйл ерөөсөө ойлгохгүй юм. Цалингаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гээд баахан мөнгө суутгаад авчихдаг. Би энэ компанид таван жил ажиллаж байна. Байнга л эрүүл мэндийн даатгал төлдөг. Гэсэн ч би нэг ч удаа эрүүл мэндийн дэвтэр ашиглаж үзээгүй.

- Ямар сонин юм. Чиний бие өвдөж байгаагүй гэж үү. Нэг ч удаа эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй юм уу даа?


 -Үгүй. Би ямар эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөө ашиглах гэж байна гээд хүчээр эмнэлэгт хэвтэж, эм тариа авалтай нь биш дээ. Эсвэл тэгж үздэг ч юм бил үү. Эрүүл мэндийн даатгал төлдөг л бол эмнэлэгт хөнгөлөлт эдэлдэг гэсэн биз дээ...гэх зэргээр тэр хоёр бүсгүйн яриа үргэлжилсэн юм.

Эцэст нь тэр хоёрын ярианаас нэг нь эмнэлэгт хэвтэхээр болох шиг болсон. Мэдээж ийм тохиолдол хаа сайгүй гарч байгаа биз ээ. Уншигч та эрүүл мэндийн даатгалаа жил бүр төлдөг үү? Тэгвэл байнга төлдөг атлаа эмнэлгийн байгууллагад ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал эдлэхгүй, хэнд ч хэрэггүй даатгал төлж байгаа юм шиг санагдаж байвал эндүүрэл. Та өөрийн эрүүл мэндийн төлөө заавал даатгал төлөх нь юу юунаас илүү чухал гэдгийг тус салбарт ажилладаг хүмүүс хэлж байна. Учир нь хэзээ нэгэн цагт эмнэлгийн тусламж таньд зайлшгүй хэрэгтэй болсон тэр цагт хамгийн түрүүнд таниас эрүүл мэндийн даатгалын дэвтрийг чинь асуух болно. Харин эрүүл мэндийн даатгалаа байнга төлдөг. Гэсэн ч хөнгөлөлт урамшуулал авдаггүй байж болно. Тэгвэл эдгээр хүнд хуулийнхаа дагуу нэгэн боломжийг нийгмийн даатгалын ерөнхий газраас олгож байгаа юм байна. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр хугацаанд нь төлсөн, даатгалын сангаас гурван жилийн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчдад нэг удаагийн үзлэг оношлогооны 80 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон байна. Тэгэхээр та эрүүл мэндийн даатгал хэрэггүй төлсөн гэж санаа зовох шаардлагагүй болж байна гэсэн үг. Ингэхдээ энэ онд багтаан 100 мянган хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн гэнэ. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнээс бусад 16 хүртэлх насны хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 18 нас хүртэл, тэтгэврээс өөр орлогогүй иргэн болон хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч нарт жил бүр 8040 төгрөгийг эрүүл мэндийн даатгалд улсын төсвөөс албан ёсоор төлдөг. Харин их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин болон тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд өөрийн хүсэлтээр 8040 төгрөгийг төлөх ёстой байдаг. Ингэж эрүүл мэндийн шимтгэл төлснөөр тухайн жилдээ найман төрлийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхээр хангагддаг гэдгийг албаны хүн хэллээ. Тухайлбал, хэвтэн эмчлэх, нөхөн сэргээх, амбулаторын тусламж, үйлчилгээ, оношилгоо шинжилгээ, уламжлалт, өдрийн эмчилгээ, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт зэрэг багтдаг юм байна. Эрүүл мэндийн даатгалаа гурван жил хугацаанд нь төлсөн, энэ хугацаанд даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй хүнд нэг удаагийн үзлэг оношилгооны 80 мянган төгрөгийн урамшуулал олгох болсон. Энэ талаар иргэдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс Эрүүл мэндийн даатгалын газрын тусламж үйлчилгээний чанарын хэлтсийн дарга Б.Баярболдоос зарим зүйлийг тодрууллаа.

Б.Баярболд: ЭНЭ АЖЛЫН ХҮРЭЭНД 100 МЯНГАН ХҮНИЙГ БҮРЭН ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

-Даатгуулагч нэг удаагийн үзлэг оношилгооны 80 мянган төгрөгийн урамшуулалд хамрагдахын тулд ямар шаардлагыг зайлшгүй хангасан байх ёстой вэ?

 -Мэдээж даатгуулагч хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой. Хэн дуртай болгон нь энэ урамшуулалд хамрагдах ёсгүй. Нэгдүгээрт, тухайн иргэн дараалан гурван жил эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй байх ёстой. Хоёрдугаарт, энэ хугацаанд эрүүл мэндийн шимтгэлээ төлж байсан. Эдгээрийг хангасан тохиолдолд тухайн иргэн нэг удаагийн бүрэн үзлэгт хамрагдах эрхтэй болж байгаа юм.

-Дээрх хоёр шаардлагыг хангасан иргэн бүрэн үзлэгт хамрагдахын тулд хаана хандах ёстой вэ. Харьяалал харгалзах уу?

-Даатгуулагч урамшуулалд хамрагдах эрхээ авсан болон урамшуулал олгох эмнэлэг нь сонгогдсон тохиолдолд тухайн хүн хаана ч үзүүлж болно. Заавал харьяалал харгалзахгүй. Бидний хамгийн түрүүнд хийж байгаа ажлын нэг нь иргэдэд урамшуулал олгох эмнэлгийн байгууллагыг сонгох юм. Ирэх наймдугаар сарын 1 хүртэл эмнэлгийн байгууллагын материалыг хүлээн авч байна. Үүнээс хойш эмнэлгийн байгууллагуудаа сонгож, шаардлага хангасан байгууллагаар дамжуулан иргэддээ энэхүү урамшууллыг олгох болно.

- Хөдөө орон нутаг болон гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийн хувьд энэ үйлчилгээ нээлттэй юү. Яаж хамрагдах ёстой вэ?


-Мэдээж нээлттэй. Түрүүний миний хэлсэн хоёр шаардлагыг хангасан Монгол Улсын бүх иргэнд нээлттэй. Хөдөө орон нутгийн иргэн заавал хөдөө үзүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Нийслэл хотод ажлаар явж байгаад энд үзүүлж болно. Хаана ч гэсэн чөлөөтэй. Сонголтоо хийх эрх нь иргэн танд байгаа шүү.

-Энэ урамшуулалд хамрагдахад хугацаа зааж өгсөн үү?

 -Тогтоож өгсөн хугацаа байхгүй. Хэзээ ч байсан хамаагүй бүрэн үзлэгт хамрагдаж болно. Тэдэн сарын тэдний дотор дуусна. Түүнээс өмнө хамрагдаарай гэсэн юм байхгүй. Энэ ажил албан ёсоор эхэллээ. Цаашид үргэлжлээд л явна. Хугацаанд хязгаар тавихгүй.

-Танайхаас тавьж буй энэ шаардлагыг хангасан хэчнээн хүн байгаа бол. Хэдэн төгрөг зарцуулахаар тооцоолсон бэ?

-Энэ ажилд нийт найман тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон. Өөрөөр хэлбэл, шаардлага хангасан 100-аад мянган хүн байна гэсэн үг. Урамшууллын журам, Эрүүл мэндийн даатгалд дааатгуулагчийг урамшуулах үзлэгийн оношилгоо, шинжилгээний багц, төлбөрийн хэмжээ, үзлэгийг зохион байгуулах эмнэлгийг сонгох журмыг манай www.ndaatgal.mn сайтад байршуулсан. Тиймээс даатгуулагч эдгээр журамтай танилцах бүрэн боломжтой.

-Даатгуулагч тухайн ухамшуулалд хамрагдах эрхтэй болсон тохиолдолд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?


-Нэг удаагийн бүрэн үзлэгт хамрагдсан байна уу гэдгээ даатгуулагч өөрөө регистерийн дугаараараа манай вэб хуудсанд хандаж, шалгах боломжоор хангах тал дээр ажиллаж байна. Ингэж шалгаад хэрвээ эрх нь үүссэн тохиолдолд харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагадаа хандан, даатгалын дэвтэртээ тэмдэглэгээ хийлгэснээр урамшуулалд хамрагдах эрхтэй болох юм.

-Эрүүл мэндийн даатгалд дааатгуулагчийг урамшуулах үзлэгийн оношилгоо, шинжилгээний багц гэж ярьж байна. Хэдэн багцаас иргэд сонголтоо хийж шинжилгээнд хамрагдана гэсэн үг вэ?

-Гурван багцаас сонголт хийнэ. Нэгдүгээр багцад нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, бамбай булчирхайн шинжилгээ багтаж байна. Хоёрдугаар багцад нь цусны дэлгэрэнгүй, шээсний ерөнхий, биохимийн, багажийн, хавдрын, эмэгтэйчүүдийн шинжилгээ багтаж байна. Тэгвэл гуравдугаар багцад нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн, харшлын шинжилгээ, серологийн шинжилгээ багтаж байгаа юм. Эдгээр багцаас сонголтоо хийж урамшуулалдаа хамрагдах юм.

-Өмнө нь ийм төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байсан уу?

-Өмнө нь бол байсан. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байдаг. Дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ аваагүй иргэнийг нэг удаагийн бүрэн үзлэгт хамруулж урамшуулах гэсэн заалт байдаг. Урамшууллын үйлчилгээ нь 22 мянган төгрөгөөр санхүүждэг байсан. Үүнийг зөвхөн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлдэг байсан л даа. Тийм учраас хамралт маш бага байсан. Энэ жилийн урамшууллын онцлог нь өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад тусламж, үйлчилгээг үзүүлж болно. Нэг удаагийн үнэ тарифийн хувьд гэхээр урамшууллын тусламж үйлчилгээг 80 мянган төгрөгөөр санхүүжүүлэхээр болсон.

С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • suren (202.126.91.104)

    2014-07-30

    bayrlalaa ih saihan medeelel bna

  • Novsh (103.14.36.18)

    2014-07-29

    Uls hudlaa mongo avaad baihaas bish ergej harj uzdeggui sh dee, hudlaa davuu erh ene ter gej ner todii showdoj bhaar 3 jil tutam eruul mendee sain harj hamgaalj baisan geed 1 jiliin shimtgeliig ni butsaaj ogdog boloosoi, er ni tor tatvaraar damjuulj bodlogo heregjuulne gedgiig meddeggui yum shig ee, zarim ni hudlaa ajil hiihgui act atnil talaaraa avaad l teneed yavdag sh dee, zah zeeliin niigem l yum bol buh yumiig tolbortei bolgood buh hund jigd bolomj olgodog bolosoi, mongold ajil hiij bgaa humuus unen daramtan door baidag gedgiig tord suuj bgaa maluud medehgui l deee. hudlaa tsetserhej huuli shineer batalj baihaar hogjiltei hun arddaa unelemj ondor uls ornoos huulj suraasai