Дэлхийн I дайны алдааг давтахгүй байхыг уриаллаа

Пап Фрэнсис долдугаар сарын 28 буюу өнгөрсөн даваа гаригт Дэлхийн I дайн эхэлсний 100 жилийн ойг олон улс дурсан санаж тэмдэглэхдээ зэрэгцэн энэ дайны алдааг давтахгүй байхыг хүслээ. Тэрбээр бөмбөрцгийн төлөө энд тэнд болж буй зэвсэгт мөргөлдөөнөөс болж хүүхдүүд зовж байгааг онцлоод өнгөрсөн үеийн алдаанаас сургамж авах хэрэгтэй гэв. Мөн одоогийн хүмүүсийг өнгөрсөн үеийн алдааг хэзээ ч давтахгүй гэдэгт итгэж байна гэжээ. “Түүхийн хичээл дээр Дэлхийн I дайны алдааны тухай сонсч, энэ дайны хор уршгийг бид үүрч байна. Миний бодол санаанд Ойрхи Дорнод, Ирак, Украин байна. Эдгээр зөрчил бүрт хэн нэгний хувийн ашиг сонирхол бус хүн болгоныг хүндэтгэн үзсэн, нийтлэг сайн сайхан дээр тулгуурласан шийдэл олох ёстой. Бид дайнаар бүх зүйлээ алдаж, тайван цагт юу ч алдахгүй гэдгийг санах хэрэгтэй” хэмээн Ромын пап Ватикан дахь Гэгээн Петрийн талбай дээр Ангелусын үдийн залбирлын үеэр мэдэгдсэн байна. Аргентин гаралтай I Фрэнсис цуст мөргөлдөөний гэм зэмгүй золиос болж буй хүүхдүүд болон тэдгээр бүх нутгийн эрх баригчид, хүмүүсийн төлөөх өөрийнх нь залбиралд энгийн иргэдийг нэгдэж залбирахыг уриалсны дээр “Ах, эгч дүү нараа дайн бүү болог, дайн бүү болог гэж хэл. Би ирээдүй болон сайн сайхан амьдралын итгэлээ алдсан бүх хүүхдийн тухай бодож байна. Амь үрэгдсэн болон гэмтэж бэртсэн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин өрөөсөн, тоглох эрхгүй болсон хүүхдүүд, инээж чадахгүй болсон хүүхдүүдийн төлөө зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохыг хүсч байна. Би зүрх сэтгэлээрээ та нартай хамт шүү” гэж хэлжээ. Дашрамд дурдахад, дэлхийн I дайн 1914 оны долдугаар сарын 28-нд эхэлж, 1918 оны арваннэгдүгээр сарын 11-нд дууссан бөгөөд 16 сая хүний аминд хүрснээрээ дэлхийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн зэвсэгт мөргөлдөөний нэгээр нэрлэх болсон. Уг дайн бүх хүчирхэг гүрнийг хамарч, дэлхийн газрын зургийг өөрчилсөн юм.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)