Малайзын Ерөнхий сайд Нидерландад айлчилна

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак “Эм-Эйч 17” нислэгийн ослын газарт нэвтрэх асуудлаар Нидерландад айлчлахаар болжээ. Зорчигч, хөлгийн багийн гишүүд нийлсэн 298 хүн тээвэрлэсэн Малайзын онгоцны ослоор Нидерланд хамгийн олон буюу 193 иргэнээ алдаж, энэ ослын асуудалд олон улсын хүсэлтээр тэргүүлэх байр суурьтай оролцож буй. Харин дээрх ослоор 43 /үүний 15 нь хөлгийн багийн гишүүн/ иргэнээ алдаж, басхүү олон тэрбум ам.долларын нөхөн төлбөрт унасан Малайзын Засгийн газар Нидерландын адил дээгүүр оролцоотой оролцож байгаа. Украин зүүн нутагт осолдсон Малайзын онгоцны ослын газарт Донецкийн босогчид Нидерланд, Малайзын шинжээчдийн багийг нэвтрүүлэхгүй байгаагаас ослын шалтгааныг тогтоох ажил удааширч, хэргийн ул мөр балрах аюул тулгарчээ. Тиймээс Нажиб Разак Нидерландын Ерөнхий сайд Марк Руттетэй энэ асуудлаар хэлэлцэж ослын газарт хоёр орны шинжээчдийн хамтарсан багийг нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх гэж байна. Малайзын Засгийн газар төрийн өмчийн “Малайзиа Эйрлайнс” компанийн дээрх осолд төвийг сахьсан байр суурьтай байгаа ба үүнд Малайзын жирийн иргэд ихээхэн дургүйцэж, ОХУ-аас эмээх шаардлагагүй байхгүй гэв. Харин барууны холбоотон Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте Малайзын Ерөнхий сайдыг бодвол Владимир Путинтэй илүү ойр харилцаж байгаа. Тиймдээ ч Нажиб Разак Нидерландын нийслэл Амстердамаас Малайзын нийслэл Куала-Лумпурын чиглэлд нисч яваад осолдсон иргэний агаарын тээврийн онгоцны ослын асуудлаар Марк Руттегээс дэмжлэг авахаар шийджээ.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)