Элэгний вирусын шинжилгээнд 300 гаруй хүнийг үнэ төлбөргүй хаамруулав

Дэлхийн гепатитын өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг тохиолдуулан “Оном сан” төрийн бус байгууллага, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Халдвартын тэнхимтэй хамтран 10.00-17.00 цагийн хооронд элэгний вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй авч элэгний цирроз болон хавдартай иргэдэд зөвөлгөө өгсөн юм. Гепатитын вирусээр үүсгэгддэг элэгний үрэвслийг ерөнхийд нь вируст гепатит гэдэг. Манай оронд 300 гаруй мянган хүн архаг гепатитын халдвартай амьдарч байгаа төдийгүй ихэнх хүн халдвартайгаа мэддэггүй гэсэн баримт бий. Иргэд элэгний вирусийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байгаа талаар сурвалжлахаар ХӨСҮТ- ийг зорьсон юм. Биднийг 11.00 цагийн үед очиход хүлээн авах тасгийн хажуугийн сургалтын танхимын үүдэнд иргэд урт дараалал үүсгэсэн байлаа. Хүн бүр гартаа цаас барин халуун нарыг ажралгүй зогсож байхыг харахад монголчууд нэг үеэ бодоход эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг болсныг илтгэж байгаа юм. Цаг өнгөрөх тусам иргэдийн тоо улам нэмэгдэж, дараалал тэлсээр байв. Шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүс гепатитын вирусийн халдварын тархалтыг тогтоох судалгааг бөглөж, шинжилгээнд хамрагдах боломжтой. Шинжилгээний хариу ч 10-15 минутын дараа гарч, эмч сувилагчид элгээ хэрхэн хамгаалах, элэгний хатуурал болон архаг өвчтэй иргэдэд зөвлөгөө өгч байв. Элгийг гэмтээдэг есөн төрлийн вирус байдгаас манай улсад хамгийн өргөн тохиолддог нь A, В, C вирус гэнэ. Сүүлийн жилүүдэд Е, D гепатит мөн тохиолдож байгаа аж. А, Е гепатит нь архагшдаггүй. B, C, D вирус нь элэгний архаг үрэвсэл улмаар элэгний хатуурал, хавдарт хүргэдэг байна. Вируст гепатит нь цочмог ба архаг гэсэн үндсэн хоёр үе шатаар явдаг. Халдвар авсны зургаан сарын дараа өвчний цочмог үе эхэлдэг. Элэгний үйл ажиллагаа хэвийн болохгүй, вирус биеэс арилахгүй зургаан сараас дээш хугацаа өнгөрвөл архаг хэлбэрт шилжлээ гэж үздэг байна. Заримдаа өвчин цочмог үедээ шинж тэмдэггүй шахам явагддаг тул хүмүүс халдвар хэзээ авснаа мэдэхгүй өнгөрөх нь элбэг гэж АУШҮИС-ийн докторант Д.Бэхболд онцолж байсан юм. Харин архаг хэлбэрт шилжсэн үед амархан ядрах, сульдах, хоолны дуршил өөрчлөгдөх, гэдэс цанхайх, хэвлий дүүрэх, хамраас цус гарах зэрэг шинж илэрч эхэлдэг байна. Ийм үед дур мэдэн эмчилгээ хийлгүйгээр эмчид хандаж, вирусийн маркерийн болон элэгний үйл ажиллагааны шинжилгээ өгч хэвлийн хөндийн хэт авиан оношилгоог хийлгэх зайлшгүй шаардлагатай аж. Оношоо эрт тодруулснаар элгээ хамгаалах дэглэм барьж, шаардлагатай эмийн эмчилгээ хийлгэснээр өвчнөө хүндрэхээс сэргийлэх бүрэн боломжтой. Мөн ойр дотны хүмүүсээ вирусийн халдвараас хамгаалах боломжийг бүрдүүлдэг байна. Ингээд АУШҮИС-ын докторант Д.Бэхболдоос элэгний өвчлөлийн талаар тодруулсан юм.

Д.Бэхболд:
Шинжилгээнд байнга хамрагдах ёстой

-Өнөөдөр (өчигдөр) дэлхийн гепатитын өдөр болж байна. Иргэдийг элэгний вирусийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна. Одоогоор хэчнээн хүн шинжилгээ өгсөн бэ?

-Өнөөдөр дэлхийн гепатитын өдрийг тохиолдуулан ард иргэдийн дунд В, C вирусийн үнэгүй шинжилгээ авч байна. Бид долдугаар сарын 23-26-ны хооронд өрхийн дөрвөн эмнэлгээс зуу зуун хүнээс шинжилгээ авсан. Өнөөдөр ойролцоогоор 200-300 хүнийг шинжилгээнд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Одоогийн байдлаар хэчнээн хүнийг шинжилгээнд хамруулчихсан байна вэ. Шинжилгээний хариу хэр удаж гарах вэ?


-Шинжилгээний хариу 10-15 минутын дотор гарна. 10.00 цагаас хойш гуч гаруй хүн шинжилгээнд хамрагдаад байна.

-Элэгний өвчлөлөөрөө манай улс дэлхийд дээгүүр ордог гэсэн. Энэ талын судалгаа бий юу?

-Элэгний хавдараараа Монгол улс дэлхийд нэгдүгээрт ордог. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй элэгний вирустэй, өвчлөлтэй байдаг. Дэлхийн дундажтай харьцуулхад манай орны өвчлөл долоо дахин их байгаа. 100 мянган хүн ам тутмын 70 хүн нь элэгний өвчлөлөөр нас барж байна. Элэгний хавдрыг В, C дельта вирус байдаг.

-Эдгээр вирус нь юугаар дамжиж халдварладаг вэ?


-Элэгний В, C дельта вирус нь цус цусан бүтээгдэхүүн болон зүү тариураар дамждаг. Мөн гэр бүлд халдвартай нэг хүн байвал тэр гэр бүл тэр чигээрээ халдварлах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, вирус юугаар ч халдварлаж тархах боломжтой гэсэн үг.

-Тэгэхээр иргэд элэгний вирусээс өөрийгөө хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Гепатит вирусийн шинжилгээнд байнга хамрагдаж байвал урьдчилан сэргийлж чадна. Иргэд хамгийн эхэнд элэгний вирустэй байна уу, үгүй юу гэдгээ мэдэх шаардлагатай. Вирустэй тохиолдолд эмчид хандан цаг алдалгүй эмчлүүлэх хэрэгтэй.

-Иргэд шинжилгээнд хэр хамрагдаж байна вэ. Элэгний шинжилгээ хэдэн төгрөгөөр өгдөг юм бэ?

-Нэг үеэ бодоход иргэд эрүүл мэнддээ их анхаардаг болсон байна. Өвдөхөөсөө өмнө шинжилгээнд хамрагдаж урьдчилан сэргийлэх хэрэгтэйг ойлгодог болж. Өмнө нь өвдөхөөрөө л эмнэлэгт ирдэг байсан шүү дээ. Манай улсад элэгний өвчлөл их байгаа болоод ч тэрүү иргэд шинжилгээ өгөх цагаасаа өмнө ирчихсэн дугаарлаж байсан. Энэхүү шинжилгээг өнөөдөр л үнэгүй авч байна. Бусад өдрүүдэд 15 мянган төгрөгөөр авдаг.

Энэ үеэр гепатит вирусийн шинжилгээнд хамрагдсан иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.

Баянзүрх дүүргийн иргэн Ц.Мөнхбилэг: Элэгний өвчлөл их байгаа үед шинжилгээнд хамрагдах хэрэгтэй

Эрүүл мэнд бол эрхэм баялаг. Тиймээс бид эрүүл мэндийн шинжилгээнд байнга хамрагдах хэрэгтэй. Манай улсад элэгний өвчлөл их байдаг. Ийм үед иргэдээ үнэгүй шинжилгээнд хамруулж байгаад баяртай байна. ХӨСҮТ дээр 10.00 цагийн үед ирэхэд 30 гаруй хүн дугаарлачихсан байсан. Гепатит вирусийн тандалтын судалгааг бөглөөд дараа нь шинжилгээ өгөх номероо авсан. Шинжилгээний хариу 10-15 минутын хооронд гарч байна лээ. Миний хувьд ВС вирус байхгүй гэсэн. Мөн урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх шаардлагатай гэсэн.

Баянзүрх дүүргийн иргэн Б.Энхцолмон: 10-15 минутын хооронд шинжилгээний хариу гарна

Сүүлийн үед элэгний вирусээр өвчилж байгаа хүний тоо ихэсч байгаа. Телевизийн мэдээнээс иргэд элэгний гепатит вирусийн үнэгүй шинжилгээнд хамрагдах боломжтой гэдгийг сонссон. Гэр бүлээрээ шинжилгээ өгсөн. 10- 15 минутын дараа шинжилгээний хариу гарна гэсэн. Хүлээгээд сууж байна. Ард түмнийхээ эрүүл энхийн төлөө шинжилгээнд хамруулж байгаад иргэн хүнийхээ хувьд их баяртай байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)