Хөх өвдвөл яах вэ?

Анх удаа хүүхэд хөхүүлж байгаа хүний хувьд хөх өвдөнө гэдэг сэтгэл түгшим хэрэг юм. Хөхний аль нэг хэсэгт сүүний суваг бөглөрч сүү гарах нь багассанаас болж хөх өвдөж болно. Хөхний тэр хэсэг улайх юмуу хатуурч болно, үгүй ч байж болно. Харин, сүү урсахад өвчин намддаг. Хэрэв бөглөөсийг гаргах арга хэмжээ авахгүй бол тэр газар халдварлан өвчилж болно. Нэг ёсондоо хөх эмзэглэн өвдөх төдийгүй эх өвдөж зовиурлан, тамирдаж, халуурна гэсэн үг. Ийм нөхцөлд антибиотекээр эмчлэх шаардлага гарч магад. Хэрэв эрт оношилвол хөхний халдварыг эмгүйгээр ч хялбархан эмчилдэг ба хагалгаа хийлгэх шаардлагагүй.

Хөх хөндүүрлэн өвдөх, сүүний суваг бөглөрөх, хөхний халдвар зэрэгт авч болох анхны тусламж адилхан. Хүүхэд олон удаа хөхүүл, хэсэг амраад эмзэг газраа халуун жин тавь.

Өвчинг намдааж, үрэвслийг эдгээж, бөглөрсөн хэсгийг онгойлгоход тус болох үүднээс хүүхдээ олон удаа хөхүүл. Сүүг нь аль болох сайн шавхаж гаргахын тулд эхлээд өвчтэй талаасаа хөхүүл. Хүүхэд хөхүүлэх байрлалаа өөрчлөх нь хөхний бүх сувгийг илүү үр дүнтэй шавхаж хоосруулдгийг эхчүүд мэднэ. Жишээ нь, та ихэнхдээ хүүхдээ өвөртөө тэвэрч хөхүүлдэг бол хүүхдээ сугандаа хавчуулж хажуугаараа юмуу хэвтэж хөхүүлж үзээрэй. Хэрэв хөхүүлэх бүрт хүүхэд чинь халдвар орсон хөхийг хоосортол нь хөхдөггүй бол хөхөө саа.

Амрах нь хөх өвдөх, сүүний суваг бөглөрөх, хөхний халдвар эдгэрэх зэрэгт чухал юм. Та орон дотроо хүүхдээ хажуудаа тэврэн амрахыг хичээгээрэй. Ингэх нь бас хүүхдээ олон удаа хөхүүлж хөхөө хоослоход тус болно. Орноосоо нэг их холдохгүйн тулд солих жийргэвч даавуу, тоглоом, ном, утас, аягатай ус зэргийг дэргэдээ ойрхон тавиарай. Мөн хувцас хөхийг чинь хавчиж барьж байгаа эсэхийг шалга. Ялангуяа, хөхөвч. Зарим эмэгтэйчүүд хөхөвчгүй явах нь тустайг мэдсэн байдаг. Хөлд орж буй хүүхэд мөргөж, цохиход хөхөнд зовиуртай байж болно.

Хүүхдээ хөхүүлэхийн өмнөхөн хөхнийхөө өвчтэй газарт халуун усанд дүрсэн зөөлөн даавуу юмуу хуурай халуун жин тавиад зөөлөн иллэг хийх нь хөхийг улам сайн хооллоход тустай. Олон эмэгтэйчүүд шүршүүр юмуу усанд ороод өвчтэй хөхөн дээрээ бүлээн даавуугаар зөөлөн иллэг хийх нь өвдөх үед өвчин намдаадгийг олж мэджээ. Өөр нэг арга нь өдөрт 3 удаа бүлээн устай саванд хөхөө 10 орчим минут дүрж байлгах. Ингэх нь мөн хөхний товчноос гарах сүүг бөглөсөн хатсан сүүг зайлуулдаг. Тэгээд тэр дор нь хөхөө бүлээн дээр хүүхдээ хөхүүлж сувгийн бөглөөсийг гаргавал сайн.

Хэрэв 24 цаг амарч, халуун жин тавин иллэг хийж, ойр ойрхон хөхүүлсний дараа халуурах, бие тавгүйрхсэн хэвээр байвал та эмчид үзүүлэхийг хүсч магад. Тэгвэл бичиж өгсөн жор нь хүүхдээ хөхүүлэхэд хоргүй байх хэрэгтэйг эмч нарт сануулах нь чухал. Эм ууж байхдаа амрах, хөхөн дээрээ үргэлжлүүлэн халуун жин тавих, хүүхдээ олон дахин хөхүүлэх юм бол эдгэрэхэд нь тустай. Хэрэв эмч антибиотек бичиж өгсөн байвал жорыг бүхэлд нь хэрэглэх нь хөх дахин өвдөхөөс сэргийлэхэд сайн.

Хөх үрэвсэх, сүүний суваг бөглөрөх, өвдөх) алиныг нь ч эмчлэх үед хүүхдээ хөхүүлсээр байх хэрэгтэй. Хүүхдээ хөхүүлэхийн өмнө хэдэн минутын турш хөхөн дээрээ бүлээн жин тавь. Энэ нь сүү урсах рефлекс хурдан үүсч, хүүхэд хөхүүлэхийг арай зовиур багатай болгохоос гадна хөх өвдөх үед ч хүүхдээ хөхүүлсэн хэвээр байх нь сүүний суваг бөглөрөх, хөхний өвчинг хурдан эдгээхэд тустай.

Хожим сүүний суваг бөглөрөх, хөх өвдөх зэргээс сэргийлэхийн тулд эх хүүхдээ хөхүүлэх хугацааг гэнэт холдуулахаас сэргийлвэл зохино. Таараагүй юмуу, хавчиж барьдаг хөхөвч (доороо төмөртэй хөхөвч) нь сүүний суваг бөглөрөхөд хүргэж болно. Хүнд түрийвч, цүнх, хүүхэд үүрэгч зэрэг хүнд юм үүрэх нь бас үүнд нөлөөлж болно. Хөхүүлэхдээ хүүхдийнхээ байрлалыг үе үе сольж, зохистой байрлалд хөхүүлэх нь хөхний бүх сувгийг хоослоход тус болно. Тэжээллэг зөв хооллож, ердийнхөөс илүү их амарч эрүүл мэндээ сахих нь хөх дахин өвдөхөөс хамгаалахад тустай. Мөн хөх өвдөх шинж тэмдэг ямар байсныг бүү мартаарай. Тэгвэл уг шинж тэмдэг дахин үзэгдэхэд та цаг алдалгүйгээр өөртөө туслах арга хэмжээг шууд авч болно.

 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)