Хирошимагийн бөмбөгдөлтийн багийн сүүлийн гишүүн нас баржээ

Дэлхийн II дайны үеэр Японы Хирошима хотыг бөмбөгдсөн АНУ-ын онгоцны багийн гишүүдийн сүүлчийнх нь нас баржээ. “Голланд эр” хочит Теодор ван Кирк өнгөрөгч 28-ны өдөр 93 насандаа Жиоржиа мужид амьсгал хураажээ. Теодор ван Кирк Хирошимаг бөмбөгдсөн “Энола Гей” хөлгийн ахмад байсан бөгөөд 1945 онд 24 настай байхдаа Хирошимад атомын бөмбөг хаях АНУ-ын агаарын хүчний онгоцыг жолоодож явжээ. Хирошимад атомын бөмбөг унасны улмаас 66 мянган хүн газар дээрээ амь насаа алдсан агаад Теодор ван Кирк энэ үйлдэлдээ “Огтхон ч харамсдаггүй. Харин ч Дэлхийн II дайныг дуусгах чухал хувь нэмэр оруулсан” хэмээн хэлжээ. Дэлхийн II дайны үеэр Герман ЗХУ-тай, Япон АНУ-тай дайтаж, АНУ Японы Хирошима, Нагасаки хотод атомын бөмбөг хаясны дараа Токиогийн цэргийн эрхтнүүд бууж өгснөө зарласан юм. Харин хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том алдаануудын нэг болох Хирошимагийн бөмбөгдөлтийн багийн ахлагч Теодор ван Киркийн хүү Том ван Кирк эцгээ хүндэтгэж, насан эцэслэтэл нь идэвхтэй харж асарсан байна. Тэр “Ассошейтэд Пресс” агентлагт “Миний эцэг дайны баатар байсан. Гэхдээ бид түүнийг зөвхөн агуу эцгээр нь л мэднэ” гэж хэлжээ. Тэгвэл Теодор ван Кирк 2005 онд өгсөн ярилцлагадаа “Цөмийн бөмбөг дайныг ямар ч утга учиргүй болгодог. Гэхдээ цөмийн бөмбөг ямар ч асуудлыг шийдэж чадна гэдгийг өөрийнх нь жишээ хүн төрөлхтөнд нотлон харуулсан хэмээгээд дэлхий дээрх бүх цөмийн зэвсэг устсан байхыг харахыг хүсч буйгаа илэрхийлжээ”. Теодор ван Кирк Хирошимаг бөмбөгдсөн багийн зэвсгийн туслах мэргэжилтэн Моррис Жеппсоныг 2010 оны дөрөвдүгээр сард 87 насандаа амьсгал хураасны дараа энэ багийн хамгийн сүүлчийн хүн болоод байсан юм. Теодор ван Кирк мөн Хирошимаг бөмбөгдсөн багийн гишүүдээс хамгийн өндөр насалсан нь бөгөөд түүний туслах нисгэгч, “Энола Гей” нэртэй “Б- 29” бөмбөгдөгч онгоцны командлагч Пол Тиббетс 2007 оны арваннэгдүгээр сард 92 насандаа нас барж байсан юм. “Энола Гей” 1945 оны наймдугаар сарын 6-ны өглөөний 08:15 минутад Хирошима хотод 580 метрийн өндрөөс 20 мянган тротил тэсрэх бодистой тэнцүү хүчтэй “Бяцхан хүү” хэмээх атомын бөмбөг хаясны улмаас 66 мянган хүн газар дээрээ амь үрэгдэж, 69 мянган хүн шархдсан. Гэхдээ хотын гуравны хоёрыг үнсэн таврага болгосон бөмбөгийн цацраг идэвхт бодисын улмаас дараа нь олон зуун мянган хүн амь насаа алдсан юм. “Бяцхан хүү” атомын бөмбөг хүн төрөлхтний эсрэг шууд ашигласан анхны атомын зэвсэг хийгээд анхны атомын эрчим хүч болсон юм. Харин үүнээс гурван өдрийн дараа буюу 1945 оны наймдугаар сарын 9-нд Японы Нагасаки хотод АНУ- ын агаарын хүчний “Бокскар” хэмээх “Б-29” бөмбөгдөгч онгоц “Тарган эр” хэмээх атомын бөмбөг хаясны улмаас шууд болон дараах хор уршгийн улмаас 80 мянган хүн амиа алдсан юм. Ямартай ч, Хирошимагийн сүүлийн “гэмтэн” Теодор ван Кирк байгалийнхаа жамаар насан эцэслэж, энэ хэргийг бага ч болов мартах боломж өгөв.




Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Gremix (66.181.177.246)

    2018-03-04

    Hehe hohino