Иракийн христүүдэд орогнол санал болгов

Иракийн хойд зүгийн Мосул хот дахь заналхийллийн улмаас уг хотын зүүн хэсгийн Хамдания дүүрэгт төвлөрсөн христийн шашинтнуудад Францын Засгийн газар орогнол олгоход бэлэн гэдгээ илэрхийллээ. Иракийн исламын босогчид Иракийн хойд хэсгийн ихэнх, тэр дундаа Мосул хотыг эзэлж христийн шашинтнуудыг лалын шашинтан болохыг шаардахын зэрэгцээ татвар төл эсвэл амь насыг нь хөнөөх шийтгэл оногдуулна гэж мэдэгдсэн юм. Үүний улмаас Мосул хотоос христийн шашинтнууд зугтаж эхэлжээ. Ирак нь христийн шашинтнуудын хамгийн эртний суурингуудын нэг бөгөөд Францын Засгийн газрын Гадаад харилцааны сайд Лоран Фабиус, Дотоод хэргийн сайд Бернард Казенуве нар хамтран “Бид хэрвээ тэднийг хүсэх юм бол Францад амьдрахад нь туслахад бэлэн байна” гэж мэдэгджээ. Иракийн христийн шашны нөлөө бүхий хувраг, тэргүүн хамба Луи Сакогийн хэлснээр 2003 онд Мосулд 60 мянган христийн шашинтан байсан бол исламын босогчдыг ирэхээс өмнө 35 мянга байжээ. НҮБ- ын тооцоогоор Мосул дахь христийн шашинтны эртний цөөнхөөс одоо ердөө 20 гэр бүл үлджээ. Иракийн хойд нутгийг эрхшээлдээ оруулсан Исламын улс /өмнөх нэр нь Ирак, Левантын исламын улс/-ын нийслэл нь Мосул хот болоод байгаа бөгөөд Францын хэт баруун сөрөг хүчин болох Үндэсний фронт нам Парист хотод жагсч, Иракийн христүүдэд дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраасаа шаардсан юм.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)