Израиль, Палестины Засгийн газрын төлөөлөгчид уулзана

Газын зурваст дайтаж, олон улсаас зэмлэл хүлээгээд буй Израиль, Палестины Засгийн газрын төлөөлөгчид Олон улсын эрүүгийн шүүх /Гаагын шүүх/-д уулзана. Хоёр тал бие биетэйгээ нүүр тулах хүсэлгүй байгаа ч олон улсын шаардлагын дагуу Гаагын шүүхэд уулзалдахаар болсон нь энэ юм. АНУ- ын Ойрхи Дорнодын гол холбоотон, энэ бүс нутгийн хамгийн хүчирхэг зэвсэглэлтэй Израиль улсын илт давуу хүчинд ялагдаж, 1200 гаруй хүн /үүний ихэнх нь энгийн иргэн/-ээ алдсан Палестин арга буюу Гаагын шүүхэд хандаж, Израилийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн гомдол гаргажээ. Хэдийгээр Израиль нэн хүчирхэг орон ч туйлын жижиг газар нутагтай. Нөгөө талаас Израильтай олон арван жил тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Палестин хоёрхон жилийн өмнө НҮБ-ын тусламжтайгаар тусгаар тогтносон. Гэсэн ч Израиль улс үүнийг үл хүлээн зөвшөөрөн, АНУ-ын дэмжлэг дор олон арван жил сөргөлдсөн Палестинтай одоог хүртэл тэмцсээр байна. Тэгвэл Палестиныг өмгөөлөгч “ХАМАС” хөдөлгөөн урьд нь террорист үйл ажиллагаа явуулж байсныхаа улмаас 2006 оны сонгуульд ялалт байгуулсан ч ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, Баруун эрэгт Засгийн газраа байгуулж чадалгүй Газын зурвас уруу явсан. Үүнээс хойш “ХАМАС” Газын зурвасыг хянаж, Израилийн довтолгооноос палестинчуудыг өмөөрч байна. Харин сар орчим үргэлжилж буй уг мөргөлдөөн Израилийн өсвөр насны гурван хүүг үл таних этгээдүүд хулгайлж, амь насыг нь хохироосны улмаас үүссэн юм. Энэ хэрэгт Израилийн Засгийн газар Палестин, тэр дундаа “ХАМАС”-ыг буруутгаж байгаа бол “ХАМАС” ямар ч буруугүй гэж мэдэгдсэн. Юутай ч, Баруун эрэг буюу Палестины эрх баригчдын хүсэлтээр Израиль, Палестины Засгийн газрын төлөөлөгчид тун удахгүй уулзаж, олон зуун хүний үхлийн буруутныг тогтооно.
Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)