“Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцэх хэрэггүй” гэв

Парламентад суудалгүй намуудын төлөөлөл өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг огцруулах есөн үндэслэл гаргаж байгаагаа зарлаж байсан бол энэ удаад Эдийн засгийн өршөөлийн хууль буюу Эдийн засгийн ил тол байдлын тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцсэн ч зарим гишүүний эсэргүүцэлтэй тулсан учраас унагасан. Харин энэ намрын чуулганаар дахин хэлэлцэх гэж байгаа нь цагаа олсон ажил биш гэдгийг МНН-ын дарга О.Бум-Ялагч хэлсэн. Учир нь энэ хуулийг батлан гаргах гэж байгаа шалтгаан нь эрх баригчид өөрийн намынхаа томоохон бизнестэй эрхмүүдийг татвараас бултуулах гэсэн далд санаатайгаар энэ хуулийг батлахаар зүтгүүлж байна гэсэн юм. Тэр ч бүү хэл, томоохон компаниуд ихээхэн хэмжээний өр зээл, татварт дарагдаад ирэхээрээ төрийн түшээдэд хахууль өгч, хууль батлуулснаар аврагдах боломжийг эрэлхийлэх муу аргад сургах гэж байна гэж үзэж байгаа аж. Түүнчлэн энэ асуудлыг Засгийн газрыг огцруулах шалтгааны нэг гэж үзсэн учраас ес биш арван үндэслэлээр шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийллээ. Мөн хоёр хөршийн төрийн тэргүүний томоохон айлчлалын үеэр парламентад суудалгүй намууд жагсаал цуглаан хийх мэдээлэл гарсан талаар тодруулахад “Бид жагсахгүй. Иргэний хөдөлгөөнүүд ийм бодолтой байгаа юм билээ” гэсэн хариултыг өгөв.

 М.ӨЛЗИЙ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)