Өнөөдөр Сайдын зөвлөлийн өргөтгөсөн цахим хуралдаан боллоо

 Эрүүл мэндийн хөгжлийн төвд болсон цахим хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, сайдын зөвлөлийн гишүүд, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын болоод Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Хурлын эхэнд “Эх , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж буй ажлын явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал өглөө. ЭХЭМҮТ-д Тандалтын алба байгуулагдсан, ДЭМБ-аас Монгол улс Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг батламжилсан батламжаа гардан авсан, Булган, Сүхбаатар аймагт 50 ортой амаржих газрууд 2014 оны 09 сарын сүүлээр ашиглалтанд орно, Нярайн эрт үеийн эмчилгээ, оношилгооны чиглэлээр Олон улсын байгууллагын зөвлөхүүд сургалтыг нэгжид явуулсан зэрэг олон ажил хийснийг дурдлаа. Түүнчлэн Эрүүл мэндийн эрсдэлээс өөрийгөө хамгаалахад иргэдийн боловсролыг дээшлүүлж, эерэг зан үйлийг хэвшүүлэх, дадал олгох зорилгоор “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагыг боловсруулан хэвлүүлж, орон нутагт хүргүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг анх удаа амжилттай зохион байгуулсан. Эх, хүүхдийн хамгааллын хуультай болохоор ажиллаж байгааг ч дуулгалаа. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт бусад салбарыг татан оролцуулж, хамтран эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. Тухайлбал: Архангай аймаг-20,0 сая ₮, Хэнтий аймаг 20,0 сая ₮, Баян-Өлгий аймаг-1 тэрбум ₮, Өмнөговь аймаг 5.5 тэрбум ₮, Баянхонгор аймаг 41 сая төгрөгийг аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулж, нэн шаардлагатай үйл ажиллагаандаа зориулсан байна.

alt

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар танилцуулга хийлээ. Салбарынхаа мэдээллийг хүргэхийн сацуу эрүүл мэндийн салбарын тогтолцоо, бүтэц, харилцан уялдааг сайжруулах, өрхийн эмнэлгийг хөл дээр нь босгох шаардлага байгааг илтгэлдээ онцолж байлаа. Өнөөдөр нийслэлд 1060 хувийн эмнэлэг, 630 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл эдгээр хувийн эмнэлгийн ихэнх нь эмэгтэйчүүдийн, уламжлалтын чиглэлийнх, учир нь эдгээр эмнэлгүүд ашигтай байдаг байна. Гэтэл хүүхдийн, гэмтлийн эмнэлэг дутагдалтай байгааг анхаарч энэ чиглэлийн эмнэлэг байгуулах сонирхолтой иргэдийг дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. Мөн эмийн сан дутагдалтай байгаа гэр хороололд зөвшөөрөл олгох боломжтойг хэллээ.

 Хуралд оролцогчид хөдөө орон нутагт шинээр томилогдон ажиллаж байгаа залуу эмч нарын мэдлэг, мэргэжлийн ур чадвар сул байгааг анхааарах, эмийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийх, хяналтыг чангатгах талаар хэлэлцлээ.

 Сайд салбарын нэр хүнд нэг хүний алдаа, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод унах боломжтойг хатуу сануулаад, хариуцлагатай ажиллахыг нийт эрүүл мэндийн салбарын удирдлагуудад уриаллаа. Мөн эрүүл мэндийн байгууллагын ажилтны ажлын нөхцөл хүнд, эрсдэлтэй, хариуцлага өндөр, цалин хангамж муу байгаа нь эрүүл мэндийн салбарт ажиллах хүчний хомсдол бий болгох нэг шалтгаан болж байгаа гэдгийг сайд онцоллоо. Гэсэн хэдий ч “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, салбарынхан өөрсдийн нөөц, боломжоо дайчлан ажиллаж байгааг тэрээр цохон тэмдэглэж, сайшаалаа. Энэхүү сайдын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас:

 • хүүхдийн эндэгдэл нэмэгдэж байгаа Нийслэл, Говь-Алтай, Өмнөговь, Орхон, зэрэг аймгуудын засаг дарга нарын илтгэлийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх,

• эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлагад үүрэг болгох,

• Хүүхдийн эндэгдлийг олон улсын аргачлалын дагуу тооцож, мэдээ, мэдээллийг боловсронгуй болгох асуудлыг ЭМЯ-ны МХШҮДАГазар, ЭМХТ-ийн дарга нарт, Нийслэлийн эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний талаар тусгайлан асуудал боловсруулж, шийдвэр гаргуулахыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт тус тус үүрэг болгох шийдвэрийг гаргалаа.

 Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эндэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа дүгнэж, цаашид хийх ажлаа тодорхойлсон үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.

alt

alt

alt

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)