Б.Ундрах: Монголын уртын хэмжлийн нэгж олон улсын түвшинд хүрлээ

Монгол Улсад Уртын хэмжлийн нэгжийн эталон бий болсонтой холбогдуулан Стандартчилал, хэмжил зүйн газрын Уртын эталон лабораторийн ахлах мэргэжилтэн Б.Ундрахтай ярилцлаа.

-Юуны өмнө уртын эталон лабораторийнхоо товч түүхийг танилцуулаач?

-Уртын хэмжих хэрэгслийн хяналт баталгаажуулалтын ажил манай улсад анх 1924 онд эхэлсэн бөгөөд уг хэмжлийн лабораторийн үндэс суурь 1944 оны үед тавигдаж байсан. Улмаар 1995 онд Уртын хэмжлийн нэгж “Метр”-ийн эталоныг бий болгох тухай Засгийн Газрын 101 тоот тогтоол гарсантай уялдуулан лабораторийн барилгыг шинэчлэн 1999 оны 1 дүгээр сард “Уртын хэмжлийн эталон лаборатори” нэртэйгээр байгуулж байсан.

-Уртын хэмжлийн ач холбогдол нь юу вэ?

-Нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны салбарт болон барилга, зам гүүр, уул уурхай, геодези, нефть, хийн бүтээгдэхүүний тооцоо, дулаан, цахилгааны алдагдлыг тооцох, тогтоох зэрэг өндөр нарийвчлал шаардагдах үйлдвэр, аж ахуйн салбаруудад ашиглагдаж байгаа уртын хэмжлийн тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэлд уртын хэмжлийн нэгжийг үнэн бодит дамжуулах, улсын хэмжээнд уртын хэмжлийн нэгдмэл байдлыг ханган, төрөөс явуулах техникийн хяналт, зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

-Сая уртын хэмжлийн нэгжийг дамжуулна гэж ярьлаа. Уртын хэмжлийн нэгжийг яаж дамжуулдаг юм бэ?

-1983 онд Олон Улсын Жин Хэмжүүрийн Ерөнхий Хорооноос “SI системийн үндсэн долоон нэгжийн нэг “Метр” нь секундыг 299 792 458 хуваасан хугацааны агшинд вакум дотор гэрлийн туулах замын урттай тэнцэнэ”гэж тодорхойлсон байдаг. Энэхүү тодорхойлолтын дагуу уртын хэмжлийн нэгж метр нь гэрлийн долгионы урт болон цаг давтамжтай шууд хамааралтай болсоноос үүдэн уртын нэгж “метр”-ийг гарган авахдаа лазер интерферометрийг ашиглах болсон. Энэхүү лазер интерферометрийг ашиглан бусад эталон хэмжих хэрэгслүүдэд нэгжийг дамжуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл харьцуулсан хэмжилт хийх юм.

-Манай улс уртын хэмжлийн нэгжийн эталонтай гэж ойлголоо. Тэгвэлэнэ эталоныг бий болгох шаардлага юу вэ?

-Монгол улсын өнөөгийн хурдацтай хөгжилтэй уялдуулан уртын хэмжих хэрэгслийн анги, нарийвчлал, хэмжих хязгаарыг дээшлүүлэх, улсын  хэмжээнд  уртын хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудад ашиглагдаж байгаа уртын хэмжих хэрэгслүүдэд нэгжийг үндэсний эталоноос дамжуулах ажлыг олон улсын жишигт хүргэх зайлшгүй шаардлагатай юм.

-Уртын хэмжлийн нэгжийн эталон хэрхэн бий болов?

-2011-2013 онд Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол улсад уртын хэмжлийн нэгж “метр”-ийн эталон бий болгох төсөл хэрэгжин улмаар 10 гаруй нэр төрлийн 201 824 евро үнэ бүхий эталон тоног төхөөрөмж тэдгээрийн дагалдах хэрэгслүүд нийлүүлэгдсэн байгаа. Үүн дотор олон улсын өнөөгийн түвшинд хүрсэн 633 нанометр долгионы урттай,5·10-11нарийвчлал бүхий иодоор тогтворжуулсан Гели-Неон лазертөхөөрөмж бий.
Уг төхөөрөмж нь Гели-Неон лазер бөгөөд 473 612 353 604 кГцдавтамжтай,633 нанометр долгионы урттай тасралтгүй үзэгдэх улаан өнгийн лазерын цацраг туяаг бий болгодог. Лазерын давтамж (вакум дахь долгионы урт) нь иодын молекулын эргэлтийн чичирхийллийн шилжилтийг нарийн тодорхойлсон 10-11 нарийвчлалтай өндөр түвшиний тогтворжсон бүрэлдэхүүн хэсэг юм. Ийм лазер нь анхдагч эталон болдог бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дээр дурьдсан Олон Улсын нэгжийн SI системийн тодорхойлолтод заасны дагуу уртын хэмжлийн нэгжийг гаргадаг.
 
Бид энэхүү лазер төхөөрөмжөө Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 21 дүгээр тогтоолоор уртын хэмжлийн нэгжийн улсын эталоноор батлуулсан ба одоо бүрэн бүтэн хэвийн ажиллаж байна.
 
-Хэрвээ манай улсад уртын хэмжлийн нэгжийн эталоны тогтолцоо дутагдалтай байдалд хүрвэл ямар нөхцөл байдал үүсэх вэ?
 

-Ойлгомжтой байлгах үүднээсхэд хэдэн жишээ дурдъя гэж бодож байна.
Нефть бүтээгдэхүүнийг ашиглах, хадгалах, худалдах явцад хуваарьт уртын хэмжүүрүүдийг ашигладаг. Энэхүү хэмжих хэрэгслүүдэд уртын хэмжлийн нэгжийг үнэн бодитоор дамжуулж чадахгүй бол нефть бүтээгдэхүүний тооцоонд маргаан тасрахгүй байх улмаар эдийн засгийн хохирол гарч болохыг үгүйсгэх боломжгүй юм.
 
Нарийсгах төхөөрөмжийн тусламжтайгаар хий болон шингэний тоо хэмжээ, зарцуулалтыг тооцдог ба энэхүү нарийсгах төхөөрөмжийн диаметрийг үнэн бодитоор тогтоохгүй бол мөнгөн тооцоонд мөн адил маргаан тасрахгүй юм.
 
Гадаадын өндөр хөгжилтэй орнуудаас оруулж ирж үйлдвэр аж ахуйн салбарт ашиглаж байгаа өндөр нарийвчлал, хэмжих хязгаар бүхий хэмжих хэрэгслийг шалгалт тохируулга, баталгаажуулалтад хамруулж чадахгүй болох ба ингэсэнээр хэмжлийн нэгдмэл байдал алдагдаж улмаар улс орны хөгжил, нэр хүндэд сөргөөр нөлөөлж ч болох юм.
 
-Тэгвэл дээр дурьдсан төсөл хэрэгжин улмаар уртын хэмжлийн нэгжийн эталон бий болсоны ач холбогдол нь юу вэ?
 
-Монгол Улсад уртын хэмжлийн нэгж “метр”-ийн улсын эталоныг бий болгосоноор хэмжлийн нарийвчлал олон улсын нарийвчлалын шаардагдах түвшинд хүрч өндөр нарийвчлал бүхий уртын хэмжлийн хэмжих хэрэгслүүдийн шалгалт тохируулга, баталгаажуулалтын ажил нь чанартай, найдвартай түвшинд хийгдэнэ. Ингэсэнээр Монгол улсад хэрэглэж буй уртын хэмжлийн хэмжих хэрэгслийн нэгдмэл байдлыг хангах төдийгүй олон улсын худалдаанд Монгол Улсад хийсэн хэмжлийн үр дүнг хүлээн зөвшөөрүүлэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн импортоор орж ирж буй орчин үеийн өндөр нарийвчлал, хэмжих хязгаартай хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хянах, тэдгээрийн шалгалт тохируулга, баталгаажуулалтын ажлыг үнэн зөв чанартай гүйцэтгэж хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
 
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin1 (211.201.160.2)

    2014-08-24

    Hairtai shuu chamdaa. Aimaar sanaa zovood mash ih sanalaa