Украины хувь заяаг хэлэлцэнэ

Минск хотноо өнөөдөр ОХУ, Украины Ерөнхийлөгч П.Порошенко, Гаалийн холбооны гишүүн буюу Казахстан, Беларусийн эрх баригчид болон Европын комиссын гишүүд оролцсон уулзалт болно.

ГЕРМАН УКРАИНЫГ ХОЛБООНЫ УЛС БОЛГОХЫГ САНАЛ БОЛГОНО

Германы канцлер А.Меркель өнгөрсөн долоо хоногт Киевт айлчлах үеэрээ Оросын талд хандан Украины эрх баригчдаас тус улс дахь зэвсэгт мөргөлдөөнийг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулах үйл явцад оролцохыг уриалсан юм. Түүнчлэн тэрбээр Киевийн эрх баригчдад Украиныг холбооны улс болгох болом жийг харгалзан үзэхийг санал болгожээ. Оросын талаас илгээсэн хүмүүнлэгийн цуваа Киевийн эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр Украины нутагт нэвтэрсэн нь хилээ хянах ямар ч чадваргүй буюу үндсэндээ улс байхаа болсныг харуулсан юм. Үүний дараа Оросын цуваа ачаагаа буулгаад нутагтаа яаралтай эргэн ирсэн. Үүний дараа А.Меркель Минск дэх уулзалт амжилттай болно гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Аль нэг тал дангаараа энх тайванд хүрэх боломжгүйгээс Оростой хийж буй хэлэлцээр, энхтайван, харилцан ойлголцолд хүргэх бидний санал амжилтад хүрнэ гэж бодож байна” хэмээн Оросын талыг яриа хэлэлцээрт оролцохыг уриал сан юм. Тэрбээр П.Порошенко Минск дэх уулзалтын үеэр Украинаас Европын холбоотой бай­ гуулах түншлэлийн гэрээ болон улсынхаа зүүн хэсэг дэх зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцана гэдгийг хэлжээ. Түүнчлэн энэ уриалгыг нь хүлээн аваагүй тохиолдолд Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч болзошгүйг сануулжээ. Харин П.Порошенко өмнө нь Минск дэх уулзалтын үеэр эх орных нь зүүн хэсэг дэх зөрчилдөөнийг зохицуулах талаар хэлэлцэж, эрчимтэй харилцан яриа өрнүүлнэ гэдэгт найдаж байгаагаа өмнө нь илэрхийлжээ. А.Меркелийн мэдэг дэл­ тэй зэрэгцээд Германы дэд канцлер Зигмар Габриэль “Хямралыг шийдвэрлэх цорын ганц арга зам нь Ук­ раиныг холбооны улс болгох явдал” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр Берлины хувьд Орос Украины хооронд шууд зэвсэгт мөргөлдөөн гарахаас сэргийлэх нь Германы хувьд нэн тэргүүний зорилт гэдгийг хэлсэн байна. Зигмар Габриэль “Welt am Sonntag” сонинд өгсөн ярилцлагадаа “Засгийн газар нь оршин суугчдынх нь олонхи орос хэлтнүүд болох бүс нутгуудад буулт хийсэн тохиолдолд л Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах боломжтой. Хол­ бооны улс болох үзэл баримтлал нь миний хувьд цорын ганц ухаалаг сонголт юм” гэжээ. Харин А.Меркель Оросын талыг дэмжихгүй байгаагаа харуулахыг хичээ дэг тул Германы хэвлэлүүдэд “холбооны улс” хэмээн мэдээлж буй түүний санал бол үнэндээ эрх мэдлийн тодорхой хэсгийг орон нутагт шилжүүлэхийг хэлж байгаа тухай тайлбар хийжээ. Киевийн эрх баригчид Оросын эрх баригчдын санал болгож байсан хол­ бооны улс болох хувил­ барыг нэг бус удаа няцааж байсан юм. Гэхдээ энэ удаад Ерөнхийлөгч П.Порошенкогийн санал болгож буй орон нутагт илүү эрх мэдэл олгох төлөвлөгөө нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад зарим эрх мэдлийг шил­ жүүлэх аж. Ингэснээр тэдгээр нутгийн эрх баригчид өмнөхөөсөө нэлээд өргөн эрх мэдэлтэй болох аж.

УКРАИНЫ ХУВЬ ЗАЯАГ ИХ ГҮРНҮҮД ШИЙДНЭ

Орос, Германы эрх баригчид ийн хөшигний ард Украины хувь заяаг Киевийн эрх баригчдын оролцоогүйгээр шийдэж байна гэсэн сэжиг таамаг хэдэн сарын өмнөөс гарч байсан боловч тухайн үед Орос болон барууны орнуудын хооронд бий болсон хурцадмал байдлын улмаас батлагдаагүй аж. Их гүрнүүдийн завсар хавчуулагдсан аливаа “бамбай” улсын хувьд заяаг тэдгээр их гүрний хүчний харьцаа, удирдагчдынх нь эрс шийддэг байдлаас хамаардаг жамтай. Гэтэл хоёр талын хүчний харьцаа нэлээд өөрчлөгдсөн нь хоёр талын тэмцлийг хурцатгалаа. Ийн их гүрнүүд хүйтэн дайны үе шиг хоорондоо байлдахгүй атлаа украин иргэдийг хоо ронд нь байлдуулах замаар өөрсдийн зорилгыг гүйцэлдүүлэхийг хичээж байна. Украин нь Европын холбоо буюу НАТО­ийн орнууд, ОХУ­ын хооронд үлдсэн томоохон бамбай улсын хувьд хоёр талын тэмцлийн талбар болсон юм. Харин Герман улс ОХУ, Украины хооронд хэлэлцээр хийхэд зуучийн хувьд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Энэ сард Берлинд болсон уулзалтын явцад хоёр орны хилийн зурвасыг хамгаалах, Украинд зэвсэг нийлүүлэхийг зогсоох зэрэг олон асуудлыг хэлэлцсэн боловч талууд тодорхой үр дүнд хүрээгүй юм.

КИЕВ ЦЭРГИЙН “СҮР ХҮЧЭЭ” ХАРУУЛАВ

Өнгөрсөн ням гаригт болсон цэргийн парадын дараа Ерөнхийлөгч П.Поро­ шенко армийнхаа зэвсэг, техникийг шинэчлэхэд нэмж гурван тэрбум ам.доллар зарцуулахаар болсноо мэдэгдсэн байна. Украины тусгаар тогтнолын 23 жилийн ойн өдрөөр цэргийн парад хийсэн анх удаа юм. Украины эрх баригчдаас улсынх нь зүүн нутагт болж буй иргэний дайныг терроризмын эсрэг ажиллагаа хэмээн албан ёсоор нэрлэдэг. Энэ дайны улмаас Украины талын гаргасан албан ёсны тоогоор 330 гаруй мянган хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн юм. Харин Оросын талын зарим эх сурвалжийн мэдээллээс үзэхэд энэ тоо бодитоор нэг сая хүрсэн байна. Тиймээс ийм цэргийн парад зохион байгуулахыг Украины иргэдийн нэг хэсэг эсэргүүцэж байсан ч эрх баригчид нь энэ үйл явдлыг нутгийнх нь зүүн хэсэгт эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж байгаа цэргийн албан хаагчдаа алдаршуулах зорилготой хэмээн мэдэгджээ. Харин Донецк дахь салан тусгаарлагчид Киев дэх парадын хариуд олзны украин цэргүүдийн жагсаал, украины армийн эвдэрч сүйдсэн зэвсэг техникийн үзэсгэлэн зохион байгуулжээ. Олзлогдсон Украины цэргийн албан хаагчдыг олны өмнө гудамжаар алхуулсан нь Женевийн конвенцийг зөрчиж, тэдний нэр төрд халдсан хэрэг хэмээн хүний эрхийг хамгаалах байгууллагууд тухайлбал, “Human rights watch”­ийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Түүнчлэн ням гаригт Киевт парад болж байх үед Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид нэлээд хэдэн чиглэлд давшиж эхлэн Украины долоон мянга гаруй цэргийн албан хаагч бүхий хэд хэдэн анги нэгтгэлийг бүсэлсэн тухайгаа мэдээлжээ.

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)