Вьетнам, Хятад хоёр харилцаагаа сайжруулахыг зорино

Вьетнамын эрх баригчид өнөөдөр Хятад руу тусгай элч илгээж, хоёр талын харилцааг дахин сайжруулахыг зорих аж. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын асуудлаас болж хоёр орны харилцаа сүүлийн хэдэн сарын хугацаанд өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд байгаагүй хурцадмал байдалд орсон юм. Вьетнамын коммунист намын Төв хорооны гишүүн Ли Хон Аныг Хятадын удирдлагууд урьж, хоёр талын харилцааны асуудлыг хэлэлцэхээр болсныг Вьетнамын Гадаад хэргийн яамнаас өчигдөр мэдээлсэн байна. Хятадын тал өнгөрсөн тавдугаар сарын 2-ны өдөр хүч түрэн маргаантай арлуудын ойролцоо газрын тосны хайгуул хийх тусгай тавцан байршуулсан нь хоёр орны харилцаа хурцдахад хүргэсэн юм. Хоёр талын дээгүүр албан тушаалтнуудын уулзалт хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сарын 18-нд болсон боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Газрын тосны хайгуулын тавцан байршуулсны дараа Вьетнамын иргэд Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийг галдан шатааж, хятад ажилтнуудыг зодож танхайран дөрвөн хятад ажилтныг хөнөөж, зуу гаруйг нь гэмтээсэн хэрэг явдалд хүргэсэн. Улмаар хятадын 4000 гаруй ажилтан эх нутагт руугаа нэн яаралтай зугтан гарахаас өөр аргагүй болсон юм. Гэсэн хэдий ч Вьетнамын эрх баригчдын хувьд нэр нүүрээ алдалгүйгээр харилцаагаа сайжруулах шаардлага тулгараад байна. Учир нь хоёр орны худалдааны эргэлт нийт 50 тэрбум ам.доллар хүрдэг ба Вьетнамын аж үйлдвэр хятадын түүхий эд, хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай аж. Үүнтэй зэрэгцээд АНУ-ын эрх баригчид Хятадтай газар нутгийн маргаантай байгаа Вьетнам, Япон, Филиппин зэрэг тус бүс нутгийн орнуудтай цэрэг улс төрийн харилцаагаа бэхжүүлж Хятадыг цэргийн баазуудаар хүрээлэх бодлого явуулж байгаа тул Хятад ч гэсэн хөрш Вьетнамтай харилцаагаа улам муутгах сонирхолгүй гэдэг ойлгомжтой юм.

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)