Ашрита Фурманы тогтоосон гиннесийн дээд амжилтууд

                                  Гиннесийн дэлхийн дээд амжилт: Дэлхийн Хамгийн Урт Цэцгэн Сүлжээ


Дэлхийн хамгийн урт цэцгэн сүлжээний ар талд Ашрита Фурман, Нью-Йоркийн Зөвлөлийн гишүүний хамтаар

Зургийн тайлбар: 8-р сарын 26 өдөр Гиннесийн дэлхийн нэгэн шинэ рекорд болох Дэлхийн Хамгийн Урт Цэцгэн Сүлжээний дээд амжилтыг Нью-Йорк хотын Квинзэд үдээс хойш тогтоожээ. Даян дэлхийн энх тайвны төлөө зүтгэлээ зориулсан Шри Чинмойн үйлс бүтээлийн 50 жилийн ойг хүндэтгэн тэмдэглэсэн тус дээд амжилтын арга хэмжээнд Нью-Йорк хотын Зөвлөлийн гишүүн Жимми Женнаро (зүүн гар талд зогсож буй), Гиннесийн 206 дээд амжилтын эзэн Ашрита Фурман (баруун гар талд зогсож буй) болон Шри Чинмой Багшийн 35 орны 200 гаруй бясалгалаар хичээллэдэг шавь нар нь оролцжээ. Шри Чинмой нь эв эеийн уриаг хүн төрөлхтөнд түгээх зорилготой дэлхийн хамгийн хол замыг туулдаг бамбартай буухиа гүйлт болох Эвийн Өргөө Энхийн Гүйлтийг санаачилсан энх тайвны нэрт зүтгэлтэн бөгөөд тэрээр 7 жилийн өмнө таалал төгсчээ. Нью-Йорк хотын Квинз дүүрэг дэх Жозеф Аустены талбайг олон дахин тойрч ороосон нийт 1800 кг-ын жинтэй 8 км үргэлжлэх тус цэцгэн сүлжээ нь түүний мөн урьд нь тогтоосон байсан 1.9 миль буюу 3 км урттай цэцгэн сүлжээний амжилтаа даван гарчээ.   

Нью-Йорк хот, 8-р сарын 26 өдөр. Ашрита Фурман болон Франц, Герман, Гвитемала, Итали, Португал, Орос зэрэг 35 орноос хүрэлцэн ирсэн Шри Чинмойн 200 орчим бясалгалаар хичээллэдэг шавь нар нь хамтдаа даян дэлхийн энх тайвны төлөөх Шри Чинмойн үйлс бүтээлийн 50 жилийн ойд зориулан дэлхийн хамгийн урт цэцгэн сүлжээг бүтээжээ. Шри Чинмой нь эв эеийн уриаг хүн төрөлхтөнд түгээх зорилготой дэлхийн хамгийн хол замыг туулдаг бамбартай буухиа гүйлт болох Эвийн Өргөө Энхийн Гүйлтийг санаачилсан энх тайвны нэрт зүтгэлтэн бөгөөд тэрээр 7 жилийн өмнө таалал төгсчээ. Португал улсыг хэдэнтээ дайран өнгөрсөн энх тайвны тус гүйлтийн талаар http://www.peacerun.org/pt/ сайтаас сонирхон үзэж болох юм байна.  

Дээрх ажлын баг нь Нью-Йорк хотын Квинз дүүрэг дэх Жозеф Аустены талбайг олон дахин тойрч ороосон, нийт 5 миль буюу 8046 км урт үргэлжилсэн өнгө алаглах 180 мянган ширхэг улаан төрлийн лиш цэцэгсийг хэлхсэн цэцгэн эрхийг бүтээжээ. Нийтдээ 4000 паунд буюу 1800 кг жин татсан үлэмж аварга цэцгэн сүлжээг Ашрита Фурман Гиннесийн Дээд Амжилтын Номонд шинээр бүртгүүлж байгаа ажээ. Урьд нь Ашрита Фурман 2011 онд 2 миль буюу 3.2 км урттай цэцгэн сүлжээг бүтээн өмнөх дээд амжилтыг эвдсэнээс хойш 4 сарын дараа Энэтхэгийн нэгэн баг 3.1 миль буюу 5 км урттай цэцгэн сүлжээ бүтээн шинэ дээд амжилт тогтоож байжээ. Цэцгэн эрхийн анхны дээд амжилтыг Тахитид мөн нэгэн баг 1.6 миль буюу 2.5 км урттайгаар бүтээн тогтоож байсан ажээ. Өдгөө Нью-Йорк хотын Квинз дүүрэг дэх органик хүнсний дэлгүүрийн менежерээр ажилладаг 59 настай Ашрита Фурман нь одоогоор 206 Гиннесийн дээд амжилтын эзэн бөгөөд тэрээр хамгийн олон дээд амжилт тогтоосон хүнээр албан ёсоор тодроод байгаа юм. 

Фурман нь Өмнөд Америк дахь цэцгийн аж ахуйтай 3 сарын турш хамтран ажиллаж, цэцгэн сүлжээгээ бүтээхдээ дэлхийн өнцөг булан бүрээс багаа бүрдүүлэн гишүүдээ цуглуулжээ. 180 мянган лиш цэцэгсийг Колумбын Богота Саванна дахь өндөрлөг талбайгаас Миамигийн нисэх буудал руу онгоцоор тээвэрлэн хүргүүлээд, дараа нь Жон Кеннедигийн нэрэмжит Нисэх буудлын ойролцоо орших нэгэн хөргүүртэй агуулах руу ачааны тэргээр зөөвөрлөж, тэнд Ашритагийн туслахууд цэцэгсээ тосон авчээ. Фурман болон түүний ажлын баг дэлхийн хамгийн урт цэцгэн сүлжээгээ бүтээхийн тулд талбай дээрээ  өглөөний 7 цагаас үдийн 2 цаг хүртэл ажилласан байна.                    
 
Түүний туслахууд 1 метр цэцгэн хэлхээнд 20 орчим лиш цэцэг багтааж сүлжин хайрцаг сав руугаа хийж байжээ. Ингээд талбай дээрээ хайрцагнуудаа нааш цааш шилжүүлэн зөөж, цэцгэн хэлхээсүүдээ эцэст нь нийлүүлж дуусгасан бөгөөд сүүлчийн хэлхээсийг Нью-Йорк хотын Зөвлөлийн гишүүн Жимми Женнаро холбосноор дэлхийн хамгийн урт цэцгэн сүлжээ бэлэн болжээ.          

Ашрита Фурманы арга хэмжээн дээрх мэдэгдлээс иш татвал: “ Миний бие хийгээд анд нөхдүүд маань Шри Чинмойн мэлмий гийсэн ойн баярын өдрийг тохиолдуулан даян дэлхийн энх тайвны төлөө зүтгэлээ зориулсан Шри Чинмой Багшийн үйлс бүтээлийн 50 жилийн ойг хүндэтгэн тэмдэглэхийг хүссэн билээ. Түүнд 5 миль урт талархлын цэцгэн эрхийг өргөхөөс өөр илүү дээр, сайн зүйл бидэнд бодогдсонгүй. Бидний бүтээл өрөөл бусдын өр зүрхэнд амар амгаланг мэдрүүлж, тэднийг урамшуулна гэдэгт гүнээ найдаж байна. Энэхүү дээд амжилтынхаа дараа бид цэцэгсээ дүүргийнхээ оршин суугчдад хүргэх болно.”

Ашрита Фурман нь 1979 оноос хойш Гиннесийн Дэлхийн Дээд Амжилтуудыг эвдсээр ирсэн нэгэн бөгөөд тэрээр дэвхцдэг данхраатаар 27 мянган удаа дэвхцэн гүйцэтгэснээр Гиннесийн Номонд анхны амжилтаа бүртгүүлжээ. Тэр цагаас хойш бүх 7 тивд 562 дээд амжилтыг эвдээд байна. Тэдгээрээс дурьдвал, Египетийн пирамидуудын өмнө хамгийн хол зайнд буюу 7 миль 220 тохой газрын туршид хурууныхаа өндгөн дээрээ бильярдны цохиур мод тогтоон авч явсан амжилт, Монголд 1 миль газрын туршид шуудуу углан дэвхцэж сарлагтай уралдан тогтоосон дээд амжилт, Перуд Амазон мөрнөө 3 цаг 40 минутын туршид усан доор Аква Пого буюу дэвхрэгтэй цовхролтыг гүйцэтгэсэн, Хятадын Цагаан Хэрэм дагууд ойдог имж бөмбөгөн дээр тэнцвэрээ олж тогтон эргэлдүүлэх замаар миль газрыг хамгийн хурдан туулсан зэрэг амжилтууд юм.     
    
Фурман өсвөр насны хүүхэд ахуй насандаа өөрийгөө хэтийдэн давах Шри Чинмойн сургаальд анх урамшиж байжээ. Энэтхэгт мэндэлсэн Шри Чинмой нь 24 цагийн дотор 1301 шүлэг бичсэн, амьдралынхаа туршид 21 мянган дуу зохиосон гэх зэрэг мөн адил олон тооны дээд амжилтуудыг тогтоож байжээ. Фурман нь рекорд тогтоож ирсэн өөрийн амжилтаа бясалгалтай холбон тайлбарладаг бөгөөд тэрээр 40 гаруй жилийн туршид өдөр бүр бясалгалаар хичээллэж иржээ. Бясалгал нь түүнийг зүрх сэтгэлээ хүүхэд мэт цэвэр ариун байлгахад туслахын зэрэгцээ дэлхийн шинэ дээд амжилт үргэлжлүүлэн тогтооход шаардлагатай оюун ухааны болон бие махбодын хүч чадлаа хэвээр нь хадгалахад тусалдаг байна.                
    
Ашрита Фурман 35 жилийн өмнөөс Гиннесийн Дэлхийн Дээд Амжилтуудыг тогтоож эхэлсэн ч, өнөө болтол түүний шинэ дээд амжилтууд үргэлжилсээр байна. “Өдөр тутмынхаа чадварыг хэтийдэн давах нь сэтгэл баясгах мэдрэмжийг төрүүлдэг. Би аль нэгэн дээд амжилтаа эвдсэн тэр өдрөө бүхэл өдрийн туршид баяр хөөрөөр бялхдаг. Хэрвээ бид өөрсдөдөө үнэхээр итгэж чадах юм бол хүний чадварт хязгаар үгүй гэдгийг бусдад харуулахыг хичээдэг юм” хэмээн тэр өгүүлжээ. 

Гиннесийн Дэлхийн Дээд Амжилтын ном нь 100 гаруй оронд 37 хэлээр хэвлэгдэн гарсан байдаг бөгөөд дэлхий дээрх хамгийн их борлуулалттай номны нэг юм. 1955 онд анх хэвлэгдснээсээ хойш 120 гаруй сая хувиар борлогджээ. 

Та бүхэн нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.ashrita.com сайтад зочилно уу. 

Холбоо барих утас: (+1) 718-523-2600 or (+1) 646-932 07 52

Ашрита Фурман: (+1) 646-226 20 22    

    

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)