Б.Алдар: Элэгний SV-1 эмийг дэлхийн долоон улсад хэрэглэж байна

Элэгний өвчлөл нэмэгдэж байгаа манай улсын хувьд чихэнд чимэгтэй сайхан мэдээг саяхан сонслоо. Хэсэг мэргэжлийн байгууллагууд хамтран“Эрүүл элэг” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Өвчтэй хүмүүсийн хувьд энэ үнэхээр сайхан мэдээ. Халаасан дахь мөнгөнөөсөө шалтгаалж гадаадын үнэтэй эм бэлдмэл авч чадахгүй хүмүүс үүнийг сонсоод баярлаж байгаа байх. Бас хэдэн жилийн өмнө Монгол эрдэмтэн Б.Алдар элэгний В,С вирусийн эсрэгSV-1 хэмээх бүтээгдэхүүн гаргаж авсан талаар мэдээлэл гарч байсан. Тухайн үед тэрбээр эм бэлдмэлээ Тайландад үйлдвэрлэж байсан бол хэсэг хугацааны дараа Монголд үйлдвэрээ барихад бэлэн болжээ. Түүний гарган авсан эм үнэхээр хүмүүсийн элгийг“инээлгэж” байна уу гэдгийг тодруулахаар түүний Монгол дахь эмнэлгийг зорилоо.

 

-Монголд элэгний өвчлөл их байна гээд“Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаарх мэдээг сонсч эхэллээ. Та элэгний өвчлөл, хорт хавдрыг эмчилдэгSV-1 нэртэй эм гарган авсан хүн. Тиймээс одоо л таны эмний талаар асуух хэрэгтэй болов уу?

 

- SV-1 эмийг 2002 онд гаргаж авсан. Тэр үед би Тайландад байсан юм. Бид Тайланд, Өмнөд Африк, Украин, Монголд судалгаа хийсэн. Тэр судалгаанууд одоо ч гэсэн үргэлжилж байна. Бидний гаргасан бүтээгдэхүүнийг хэрэглэсэн 200-аад хүнд үр дүн гарсан. Энэ тухай бид өнгөрсөн жил анагаахын сэтгүүл дээр нийтлүүлсэн. Тэр нийтлэлдээ хамрагдсан200-аад хүмүүст хоёр сарSV-1 бүтээгдэхүүн хэрэглүүлэхэд тэдний 85 хувийнх нь элэгний үйл ажиллагаа сайжирсан гэсэн үр дүн гарсан. Бусад оронд хийсэн судалгааны үр дүн ч Монголынхтой адилхан байсан.

 

- SV-1 эмийг одоо монголчууд хэрэглэж байна уу?  

 

-Манай эмийг өвчтөнүүд эмчилгээндээ хэрэглэж байгаа. Гэхдээ бид одоо ч гэсэн эм бэлдмэлээ Тайландаас авчирсан хэвээр байна. Тэнд үйлдвэр нь байгаа болохоор зөөвөрлөхөөс өөр аргагүй юм. Тайландад манай эм30-50 ам.доллар байдаг. Харин Монголд авчрахад замын зардлаас шалтгаалаад үнэ нь нэмэгддэг. Тиймээс сүүлийн хэдэн жил эмийн үйлдвэрээ Монголд барихаар ажиллаж байна. Тэгж чадвал монголчуудSV-1 эмийг илүү хямд үнээр худалдан авах боломжтой юм. Монголд өндөр үнэтэй эм бүтээгдэхүүн худалдаж авах чадвартай хүн хэд байгаа билээ гээд тэр бүхнийг харгалзаж SV-1 эмийг аль болох хямд зарах бодолтой байна.

 

-Та2008 оноос хойш эмийн үйлдвэрээ Монголд барина гэж ярьсан ч одоо болтол ажил болон хэрэгжээгүй л байна. Яг юунаас болоод ингэж удаад байна вэ?

 

-Яг одоо бид энэ ажлын хүрээнд гэрээ хийгээд явж байна. Ерөнхийдөө ирэх жилийн нэгдүгээр улирлаас үйлдвэрийн барилгын ажил эхлэх байх. Нэгэнт л бид технологийг нь өөрсдөө гаргасан болохоор энэ тал дээр цаг алдахгүй гэж бодож байна. Гэхдээ технологийн хувьд хялбар харагдаж байгаа ч нарийн ажиллагаа шаарддаг зүйл олон бий. Өнөө үед ямар нэгэн өвчнийг ихэвчлэн вакцинд хамруулж байна. Харин бид эм бэлдмэлээ шахмал болгон үйлдвэрлэсэн. Ер нь компаниуд тариурын бус аргаар вакцин гаргаж авах гээд чадаагүй л байна. Зөвхөн бид л хэрэглэхэд хялбар шахмал вакциныг гарган авсан. Нэгэн сайхан мэдээ дуулгахад бид10 хоногийн өмнөSV-1 эмийнхээ патентыг авлаа. Тийм учраас оюуны өмчийн эрх нь байж байна. Үйлдвэр барих боломж ч бүрдлээ. Одоо ажиллах л үлдэж байна даа.

 

-Эмийн үйлдвэр барих зөвшөөрлөө холбогдох байгууллагуудаас нь авсан уу?

 

-Одоохондоо эхлээгүй байна. Гэхдээ бүх зүйл нь байгаа болохоор зөвшөөрөл авахад асуудалгүй байх.

 

- Эмийн үйлдвэрийг Монголд барьснаар монголчуудSV-1 эмийг ямар үнээр авах боломжтой вэ. Таныг судалгаа хийсэн гэж бодож байна?

 

-Энэ асуултад хариулахад бусад улсын эмийн үнэ ханштай харьцуулах хэрэгтэй байна. Тухайлбал, Америкт элэгний хавдрын эсрэг гурван вакцин гаргасан. Тэдний курс эмчилгээ 86-150 мянган ам.долларын үнэтэй байдаг. Бидний хувьд курс эмчилгээ хийхэд сайндаа л 100-300 ам.доллар болно. Ингэж харьцуулж хэлбэл хүмүүс бидний талаар илүү сайн ойлгодог. Манай орны нөхцөлд 100 ам.доллар ч гэсэн үнэтэй л дээ. Тэгэхдээ энэ үнээс доош хямдруулж чадахгүй байна. Учир нь үйлдвэрийн зардал, хүмүүсээ цалинжуулах зэргээс шалтгаалж байгаа хэрэг.

 

-Саяхан өдөр тутмын сонинд ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа Монгол дахь элэгний өвчлөлийг буруулах зорилгоор нэгэн шинэ эм оруулж ирүүлэхээр ярилцаж байгаа тухай мэдээлэл цацагдлаа. Элэгний өвчлөлөөр өндөр байгаа монголчуудын хувьд мэдээж энэ сайхан мэдээ. Гэхдээ хүний зовлонгоор ашиг хонжоо олох зорилготой ийм ажил хийж байна ч гэж хардах нэг нь байна. Таны хувьд ч гэсэн энэ асуудал санааг тань зовоодог байх?

 

-Таны хэлсэн сонинд гарсан мэдээллийг уншаагүй болохоор тэр талаар мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол, жишээ нь Америкт байгаа компанийн бүх зүйл нь үнэтэй байдаг юм. Мэдээж бид тухайн эмийг тэр үнээр нь худалдаж авч чадахгүй шүү дээ. Ямар хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөхөөс нь хамаарна. Жишээ нь, B, C вирусийн эм нэлээд үнэтэй байдаг. Тийм учраас тусгай үнээр тохирдог. Ингэж ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хямдхан үнээр оруулж ирж яагаад болохгүй гэж.

 

-Монголд элэгний өвчлөл өндөр байгаа нь юутай холбоотой юм бол. Энэ талаар та судалгаа хийж байв уу?

 

-B, C вирусийн халдвар ихэвчлэн Азийн орнуудад өндөр тархсан байдаг. Мөн Африкийн Намиби, Америкийн Боливид өвчлөл өндөр. Яагаад ингэж тархаад байгаа талаар мэдэхгүй юм. Ер нь анагаах ухаан илүү хөгжсөн оронд өвчлөл их гараад байна гэсэн онол гарсан байдаг. Энэ орнуудад тариур их тархсан байдаг. Жишээ нь Египетийн хүмүүс ямар нэгэн өвчин тусчихаад тариулах их дуртай байдаг. Магадгүй үүнээс болоод элэгний өвчлөл өндөр байдаг байх. Монголд ч гэсэн ийм замаар тархсан гэж боддог. Одоо нэг удаагийн тариур их гарсан байна. Гэхдээ дээр үед нэг тариурыг усанд буцалгаж ариусгадаг байсан. Үүнээс болоод заримдаа нэг тариураар олон хүнийг тарих тохиолдол гардаг байсан байх. Монгол далайн төвшнээс дээш1648 метрийн өндөрт байдаг. Үүнээс шалтгаалаад усыг 100 градуст буцалгадаггүй. 85 градуст буцалдаг байх. Тэгэхээр хэдийгээр усыг нь буцалгасан ч вирусийг нь бүрэн устгаж чадаагүй байж болно.

 

-Таны яриаг сонсоход улс орнуудын амьдралын төвшнөөс их хамаардаг юм шиг санагдлаа?

 

-Холбоотой байлгүй яах вэ. Эдгээр улсад анагаах ухаан хөгжсөн ч дутуу хөгжөөд байна. Манай улстай хил залгаа Орост энэ төрлийн өвчний өвчлөлийн тоо хүн амын тав, Хятадад10 хувь эзэлж байна. Бас генетикийн юм байхыг ч үгүйсгэхгүй.

 

-Эмч, мэргэжилтнүүд өвчин гэхээр л хүмүүсийн амьдралын буруу хэв маягтай холбон тайлбарлах гээд байдаг болсон байна. Үүнтэй та хэр санал нийлдэг вэ?

 

-Зарим хүн өөхтэй, тостой буруу хоол идсэнээс болдог гэж тайлбарладаг. Гэтэл энэ тохиолдолд хоолтой ямар ч хамааралгүй.

 

-SV-1 эмийг дэлхийн хэдэн улсад хүлээн зөвшөөрөөд хэрэглэж байна вэ?

 

-Тайланд, Филиппин, Украин, Нигери зэрэг долоон улсад манай эмийг хэрэглэж байна.

 

-Эм бэлдмэлээ хэрхэн гаргаж авсан талаараа мэдээлэл өгч болох уу?

 

-Нууцлаад байх зүйл байхгүй. B, C вирустэй хүний цуснаас вирусийг нь ялган авч түүний тусламжтайгаар шахмал эм хийж байгаа. Тэр эмийг уухаар вирусийн эсрэг дархлаа үүсч байгаа хэрэг юм.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ?? (202.131.242.162)

    2015-08-26

    2000 онд ДОХ-н эсрэг бэлдэмэл гаргасан гэсэн үнэн үү? туршилтанд орсон хүмүүс эдгэсэн гэж.

  • zochin (124.158.110.101)

    2014-09-15

    Hun amaa eruul bolgoh uilst n amjilt husye,

  • bi (103.26.193.10)

    2014-09-12

    amjilt husie,hurdan hudaldaand gargaarai daa