С.Лавров: Европын төлөөх “тулаанд” Орос ялагдаагүй

Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров АНУ-ын тал Европыг эдийн засгийн хувьд Оросоос салгахыг оролдож байгаа боловч Европын холбооны гишүүн орнуудад бүрдсэн өнөөгийн нөхцөлд байр сууриа эргэн харж, эргэцүүлэх үйл явц эхэлснийг хэлжээ. С.Лавров АНУ-ын тал өнөөгийн нөхцөл байдлыг ашиглан Европын холбоо, АНУ-ын хооронд Атлантын далайг дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн гэрээ байгуулах хэлэлцээртээ аль болох өөртөө ашигтай нөхцөл тулгахыг оролдож байгааг тайлбарласан байна. Түүнчлэн Европын холбоо, АНУ-ын хооронд энэ гэрээний нөхцлийн тухай хэлэлцээр сүүлийн хэдэн жилийн турш үргэлжилж байгааг өгүүлжээ. Тэрбээр энэ тухайд “Европын холбоо нэлээд удаан хугацаанд эрх ашгаа хамгаалж ирсэн. Европын холбооны гишүүд АНУ-ыг өөртөө ашигтай нөхцлийг шударга бусаар олж авахыг оролдож байна гэж үздэг. Харин одоо Европын орнуудад занарын хийг шингэрүүлэн Оросын шатдаг хийгээс хавьгүй өндөр үнээр худалдан авахыг тулгах замаар уг оролдлогоо сэргээсэн. Энэ бүгдийн ард эдийн засгийн ашиг сонирхол байгаа нь гарцаагүй. Гэхдээ геополитикийн ашиг хонжоо үүнд гол үүрэг гүйцэтгэж байна” гэжээ. Орос Европыг АНУ-д алдаж байна уу гэсэн асуултад С.Лавров “Үгүй гэж боддог” хэмээн хариулсан байна. С.Лавров Европын холбооны зүгээс хориг тавих бодлого байнга үргэлжлэх боломжгүйг хэлжээ. Мөн Европын холбоонд хүртэл Минскийн хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр тал гал зогсоохоор тохиролцсон яг тэр өдөр Европын холбооны удирдагчид Брюссель дэх байнгын төлөөлөгчдөдөө шинэ багц хориг арга хэмжээ бэлтгэхийг үүрэг болгосон. Гэтэл ийм хэвийн бус үйл ажиллагааг шүүмжилсэн эрүүл саруул дуу хоолой гарах болсон гэдгийг талбарласан байна. “Оросын Ерөнхийлөгч В.Путиний дэвшүүлсэн энхийн санаачилгын ачаар энэ үйл хэрэг хэрэгжиж эхэлсэн яг тэр өдөр” хэмээн тэрбээр энэ тухай өгүүлжээ.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)