Умард Солонгосын туг хориотой

Инчоны Азийн наадмын нээлт болохын өмнөхөн Өмнөд Солонгосын Засгийн газраас иргэддээ хандан өнгөрсөн баасан гаригт хатуу сануулга өгчээ. Уг сануулгад иргэдийг Умард Солонгосын далбааг барьж явахыг хориглосон хуулийн заалтыг дурдсан байна. Эв нэгдлийн яамны төлөөлөгч “Манай иргэд Умард Солонгосын туг эзэмших, цэнгэлдэх хүрээлэндавчрахыг хориглосон байдаг. Бидний байр суурь 2002-2003 онд үүний нэгэн адил байсан” гэжээ. Өмнөд Солонгосын Пусанд 2002 онд болсон Азийн наадам, Дэгүд 2003 онд болсон Универсиад наадамд дээрх журам үйлчилж байсан аж. Ийн Өмнөд Солонгосын эв нэгдлийн яамнаас хойд хөршийнхөө далбааг зөвхөн Азийн наадмын цэнгэлдэх хүрээлэн, тамирчдын байрлах тосгон зэрэг наадмын арга хэмжээ болж буйгаас бусад газар мандуулахыг хоригложээ. Уг хориг наадам болж буй Инчон хотын хувьд ч гэсэн хүчинтэй гэнэ. Үүний улмаас өмнө нь Инчон хотын гудамжинд наадамд оролцогч 45 орны далбааг байршуулаад байсныг буулгаж, Азийн олимпын хороо болон уг наадмын бэлгэ тэмдгийг нь мандуулахад хүргэсэн байна. Гэхдээ эдгээр орны тугийг буулгасныг өмнө нь Өмнөд Солонгосын иргэдийн дургүйцэлтэй холбон тайлбарлаж байв. Умард Солонгосын тал Азийн наадамд нийт 273 хүнтэй баг илгээх юм. Өмнө нь Умард Солонгосын тал 350 хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжигчдийн баг илгээх төлөвлөгөөгөөцуцалсан. Учир нь Өмнөдийн тал тэдний зардлыг Умардынхан даах хэрэгтэй гэж шаарджээ. Харин өмнөх спортын уралдаан тэмцээнд Умардын хөгжөөн дэмжигчдийн зардлыг Өмнөдийн тал даасан аж. Умард Солонгосын далбааг хориглосон хуулийг анх 1948 онд коммунист дэглэмтэй тэмцэх зорилгоор баталж, түүнээс хойш бага зэрэг нэмэлт өөрчлөлт оруулж, одоог хүртэл мөрдөж байна. Хоёр орны хувьд нэгнийхээ далбааг өргөх, сүлд дууг нь эгшиглүүлэхтэй холбоотойгоор зөрчилдөөн гардаг байв. Тухайлбал, 2008 онд болсон хөлбөмбөгийн дэлхийн аваргын бүсийн шалгаруулах тэмцээнд хоёр орны багийн тоглолтыг Пхеньянаас Хятад руу шилжүүлэхэд хүрчээ. Учир нь Умард Солонгосын тал Өмнөдийн далбааг өргөх, сүлд дууг нь эгшиглүүлэхээс татгалзсан аж. 2012 оны Лондоны олимпын үеэр Умард Солонгос, Колумбийн хөлбөмбөгийн эмэгтэй багийн тоглолтын өмнө зохион байгуулагчид алдаа гаргаж, Өмнөдийн далбаагөргөснөөс Умардын тамирчид талбайг орхин гарч байж.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)