Д.Нарангэрэл: Тарваганы эрхтнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэж болохгүй

Өвөрхангай аймгийн Сант сумын нэгдүгээр багийн иргэн 15 настай М тарваган тахлаар өвчилжээ. Аймгийн төвөөс худалдаж авсан тарваганы давсгийг гэрийнхэн нь хүүд түүхийгээр нь залгиулснаас болж, тэрбээр тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн болохыг энэ сарын 13-нд мэргэжлийн байгууллагынхан шинжилгээгээр тогтоосон юм. Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Хүүг тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн болохыг мэргэжилтнүүд арав хоногийн дараа тогтоосон юм байна. Оношийг тогтооход яагаад ингэж хугацаа алдсан юм бэ. Одоо биеийн байдал нь ямар байна вэ?

 

-Энэ бол маш ховор тохиолдол буюу залгиур хоолойн хэлбэрийн өвчлөл. Одоогоор хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Хүүхэдтэй цуг 62 хүн нэгдүгээр хавьталд орсон. Эдгээр хүн болон тарваганы хүн мах, цөсийг нь залгисан ээж, аав хоёроос халуурах зэрэг өвчний шинж тэмдэг илрээгүй. Нууц үеийн хугацаа долоо хоног байдаг. Тэд тарваганы махыг гурав хоног идсэн гэдгээ тухайн үед эмч нарт хэлээгүй. Түүнээс болж онош тавих болон голомтод авах арга хэмжээ удааширсан. Эмчилгээ, үйлчилгээ зэрэгт одоогоор нийт 56.7 сая төгрөгийг улсаас зарцуулсан. Цаашид голомтыг бүрэн дарахад илүү их мөнгө зарцуулах байх. Нэг хүний буруутай үйл ажиллагаанаас болж арав хоногийн дотор ийм хэмжээний мөнгө зарцуулах нь алдагдал юм. Өмнө нь голомтод 20-30 сая төгрөг зарцуулдаг байсан. Яагаад гэвэл гол төлөв булчирхайн хэлбэр байдаг.

 

-Хүүгээс гадна түүний аав тарваганы хүн махыг, ээж нь цөсийг түүхийгээр нь залгисан гэсэн. Ингэж тарваганы эрхтнийг хэрэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлж чадах уу?

 

-Тарваганы хүн мах, нойр булчирхай, давсаг зэргийг хүмүүс их хэрэглэдэг. Ингэж хэрэглэх нь маш буруу. Тарваганы эрхтэн залгих нь хүний биед сайн, өвчин анагаадаг гэсэн шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээ байхгүй. Тарваганы эрхтэнд гэдэсний халдвар болон эдээт үрэвсэл үүсгэдэг олон нян байдаг. Гэхдээ залгисан тохиолдолд тухайн хүний ходоодны хүчил болон биеийн байдлаас шалтгаалж өвчлөл үүсэхгүй байж болно.

 

-Сантсумын хөл хориог хэзээ цуцлах вэ?

 

-Сумын Засаг даргын захирамжаар сумын төвд энэ сарын 10-ны өдөр хөл хорио тогтоосон. Энэ хугацаа өнөөдөр дуусна.

 

-Улсын хэмжээнд тахлын голомттой хэчнээн аймаг, сум байдаг вэ. Тэдгээрт урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ?

 

-Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзэлдэг. Тарваган тахал байнга гардаг А зэрэглэлд багтдаг 27 сум байдаг. Өвөрхангайн Сант сум голомтгүй. Тиймээс хүүхэд болонтүүний ар гэрийнхэн вакцинд хамрагдаагүй. Тахал тарваганы махнаас гадна шууд хавьтлаар болон хачигт хазуулахад халдварладаг. Тиймээс тахлын голомттой нутгийн анчин болон ард иргэдэд сайн дураар зургаа, долдугаар сард вакцин хийдэг. Долдугаар сарын дунд үеэс тарваган тахлын үе эхэлдэг. Энэ үеэр нийслэл хотод хяналтын пост гарч, аравдугаар сарын 1 хүртэл ажилладаг.

 

С.НЭМЭХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (122.201.25.46)

    2014-09-17

    ene tahal tussan geed bgaa hun bolyag unendee zugeer l haniad ch yumuu neg tiimerhuu aar saarhan uvchin l tussan bgaa uneheer tarvagan tahal baisan bol udiid uhchihgui yahavdee yamar ayultai uvchin bilee. tgd ch oir haviinh ni ihenh humuust haldaad buun yum bolj bgaa. namaig huuhed bhad arhangaid bas neg huuhdiig tahal tuslaa ene ter geed buun yum bolood buun zardal gargaad l baisan hedhen honogiin daraa nuguu huuhed zugeer l yavj baisiishde. 56.7 say tugrug haachiv