Даатгуулагчид урамшуулал авахдаа хойрго байна

- Иргэд харшил, хавдар, ерөнхий шинжилгээ гэсэн гурван багцаас сонгож шинжилгээ өгөх боломжтой -

 

Та эрүүл мэндийн даатгалын шимтгэл тогтмол төлдөг үү. Хэрвээ сүүлийн гурван жил тасралтгүй төлөхдөө даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй бол танд нэг удаагийн үзлэг, оношлогооны 80 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Дээрх болзлыг хангасан даатгуулагчид нэгдүгээр багц буюу ерөнхий, хоёрдугаар багц буюу хавдрын, гурав дугаар буюу харшлын багцаас дуртайгаа сонгож үзүүлэх боломжтой юм. Энэ сараас эхлэн энэхүү урамшууллын аян эхэлж байна. Ингэхдээ энэ онд багтаан 100 мянган хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулахаар төлөвлөсөн гэнэ. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэ нээс бусад 16 хүртэлх насны хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 18 нас хүртэл, тэтгэврээс өөр орлогогүй иргэн, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч нарт жил бүр 8040 төгрөгийг эрүүл мэндийн даатгалд Улсын төсвөөс төлдөг. Харин их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин болон тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд өөрийн хүсэлтээр 8040 төгрөгийг төлөх ёстой байдаг. Ингэж эрүүл мэндийн шимтгэл төлсөнөөр тухайн жилдээ найман төрлийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхээр хангагддаг гэдгийг албаны хүн хэллээ. Тухайл бал, хэвтэн эмчлэх, нөхөн сэргээх, амбулаторийн тусламж, үйлчил гээ, оношлогоо шинжилгээ, уламжлалт, өдрийн эмчилгээ, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт зэрэг багтдаг юм байна. Эдгээр үйлилгээг сүүлийн гурван жил аваагүй даатгуулагчид урамшуулалд хамрагдах эрхтэй. Тиймээс бид Нийгмийн даатгалын сангаас олгож буй энэхүү урамшууллын үйлчилгээнд иргэд хэр зэрэг хамрагдаж байгаа та-лаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Даатгалын эмч Ю.Цэвэлмаагаас тодруулсан юм.

 

Ю.Цэвэлмаа: Урамшууллын эрхтэй даатгуулагчийг харьяалал харгалзахгүй үзнэ

 

-Нэг удаагийн үзлэг оношлогооны80 мянган төгрөгийн урамшуулалд хамрагдах эрхтэй даатгуулагч шинжилгээндээ хэрхэн хамрагдах вэ?

 

-Урамшууллын болзол ханга-сан иргэд харьяа Нийгмийн даат-галын хэлтэстээ хандан Эрүүл мэндийн даатгалын дэвтэртээ “Урамшууллын эрх” гэсэн дардас даруулах ёстой. Үүний дараа гурван багцаас сонгож үзүүлэх бүрэн боломжтой.

 

-Танай эмнэлэг хэдэн багцын шинжилгээ авч байгаа вэ. Одоогоор урамшуулалд хамрагдсан хэчнээн даатгуулагч байна вэ?

 

-Манайх нэг, хоёрдугаар багцаар урамшууллын үйлчилгээг үзүүлж байна. Нэгдүгээр багц буюу ерөнхий багцад цусны дэлгэрэнгүй, шээсний ерөнхий, биохими, бамбай булчирхай, эхо болон эмчийн үзлэг багтаж байна. Харин хоёрдугаар багц буюу хавдрын багцад цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий, биохими, багажийн шинжилгээ, хавдрын шинжилгээ, эмэгтэйчүүдийн шинжилгээ, эмчийн үзлэг багтаж байна. Одоогоор манайд ирж үйлчилгээ авсан нэг л хүн байна. Манайх ажлын өдрүүдэд08.00-15.00 цаг хүртэл иргэдийг үзнэ.

 

-Урамшуулал зарлаад бараг сар болох гэж байхад яагаад даатгуулагчид энэ үйлчилгээнд хамрагдахгүй байна вэ. Энэ талаар иргэд мэдээлэлгүй байна уу. Аль эсвэл гурван жил эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагч ховор байна уу?

 

-Анх тендер зарласан. Шалгараад иргэдийг урамшуулалд хамруулж эхлэх гэрээг энэ сарын 4-нд байгуулсан. Энэ талаарх мэдээллийг хангалттай өгч байгаа. Даат гуулагчдыг нэгдсэн журмаар урамшуулалд хамруулаагүй. Зөвхөн тухайн хүн сайн дураараа үзүүлэх ёстой. Тиймээс иргэд нэлээд хойрго хандаж байх шиг байна.

 

-Нийгмийн даатгалын хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээрээ “Урамшууллын эрх” гэсэн дардас наалгаснаас хойш хэд хоногийн дотор эмнэлэгт үзүүлэх боломжтой вэ?

 

-“Урамшууллын эрх” гэсэн дардас наалгасан цагаас хойш 30 хо ногийн дотор шинжилгээг өгөх ёстой. Энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд урамшууллын эрх хүчингүй болно гэсэн үг.

 

-Хүчингүй болсон тохиолдолд “Урамшууллын эрх” гэсэн дардасыг дахиж авч болох уу. Шинжилгээ өгөхөд харьяалал харгалзах уу?

 

-Дахиж Нийгмийн даатгалын хэлтсээс авч болно. Тендерээр шалгарсан эмнэлгүүд харьяалал харгалзахгүйгээр урамшууллын үйлчилгээг үнэ төлбөргүй, дугаар дараалалгүй үзүүлэх ёстой. Орон нутгийн иргэн хотод, хотын харьяалалтай иргэн орон нутагт үзүүлэх бүрэн боломжтой.

 

Нийгмийн даатгалын санд сүүлийн гурван жил тасралтгүй шимтгэл төлсөн атлаа эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаагүй иргэдийн мэдээлэл байдаг гэнэ. Тэдгээр иргэдийн нэрсийг харьяа нийгмийн даатгалын хэлтсүүдрүү явуулдаг аж. Ингээд даатгуулагчид тэндээс “Урам шууллын эрх” гэсэн дардасыг эрүүл мэндийн дэвтэр дээрээ наалгах ёстой байна. Тэгвэл иргэд энэ урамшууллын талаар хэр зэрэг мэдээлэлтэй байгааг сонирхосон юм. Н.Уранчимэг “Энэ талаар сонссон. Гэхдээ сүүлийн гурван жил тасралтгүй эрүүл мэндийн даатгал төлсөн байх хэрэгтэй. Ингэхдээ эмнэлгийн ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй байх ёстой гэх энэ шалгуур нь хэцүү санагдлаа. Энэ болзлыг хангасан иргэд ховор л байх. Ядаж сүүлийн нэг жил тасралтгүй төлсөн гэвэл миний насны хүмүүс түүнд нь хамрагдах боломжтой болох байх” гэв. Уулзсан иргэдийн дийлэнх нь дээрх болзлыг хангахгүй байгаа гэдгээ хэлж байсан юм. Зарим нэг нь“Төрийн үйлчилгээ ард иргэддээ хүрэхгүй юм. Аль нэг талаараа иргэдийн амьдрал, бодит байдалтай нийцэхгүй байна. Тэгсэн атлаа иргэдэд зориулсан үйлчилгээ үзүүлж байна гэж ярих юм” гэх зэргээр шүүмжлэлтэй хандаж байлаа.

 

Х.Өлзийтогтох: Улсын болон хувийн 75 эмнэлгээр иргэдэд үйлчилгээ үзүүлнэ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын дэд дарга Х.Өлзийтогтохоос 80 мянган төгрөгийн багцийн урамшуулалтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

 

-Тендер зарлаж урамшууллын үйлчилгээ үзүүлэх эмнэлгийг сонгосон юм байна. Нийт хэчнээн эмнэлэг иргэдэд үйлчлэх вэ?

 

-Бид өмнө нь зөвхөн улсын чанар тай эрүүл мэндийн байгууллагаар энэ үйлчилгээг гүйцэтгүүлдэг байсан. Энэ жилээс хувийн эмнэлгүүдтэй гэрээ хийсэн. Улсын эмнэлгийн ачааллаас шалтгаалан иргэд тэр бүр үйлчилгээндээ хамрагдаж чаддаггүй. Сонгон шалгаруулалт явуулж нийт 75 эмнэлгээр тус ажлыг гүйцэтгүүлэхээр болсон.

 

-Танайхаас тавьж буй тухайн шаардлагыг хангасан хэчнээн хүн байгаа бол. Хэдэн төгрөг зарцуулахаар тооцоолсон бэ?

 

-Энэ ажилд нийт найман тэрбум төгрөг зарцуулахаар тоо цоолсон. Өөрөөр хэлбэл, шаард лага хангасан 100-аад мянган хүн байна гэсэн үг. Урамшууллын журам, Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах үзлэгийн оношлогоо, шинжилгээний багц зэрэг энэ талын мэдээлэл www.ndaatgal.mn сайтад байгаа.

 

-Эрх нь үүссэн тохиолдолд заавал энэ сард үзүүлэхгүйгээр жилд нэг удаа бүрэн шинжилгээнд хамрагдах боломжтой юу?

 

-Тэгэлгүй яахав. Өмнө нь ч гэсэн энэ урамшуулал байсан шүү дээ. Жилийн турш энэ эрх нээлттэй байхад иргэд тэр бүр хандаагүй. Тиймээс тэдний эрхийг таниулах үүднээс хийж байгаа ажил юм.

 

-Хэрэв энэ жил хавдрын багцад хамрагдаад дараа жил эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд бусад багцаас нь сонгох боломж бий юу?

 

-Тийм боломж байгаа. Хамгийн гол нь эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй л байвал жил бүр өөр багцын шинжилгээг хийлгэх боломжтой. Өөрөөр хэлбэл урам шууллын шинжилгээг эмнэлгийн үйлчилгээ авсанд тооцохгүй байгаа.

 

-Яагаад хавдрын болон харшлын багц гэж тусгайлан гаргасан юм бол?

 

-Хавдрын өвчлөл ихэсч, эрсдэл ихтэй болсон өнөө үетэй уялдан хавдрын багцыг гаргасан. Хүмүүс шинжилгээ өгөхгүй явсаар өвчнөө хүндэрсэн хойно нь мэддэг. Тиймээс эрт илрүүлэх зорилготой тус багцыг оруулж өгсөн. Мөн харшлын өвчин сүүлийн үед нэлээд тулгамдаж байна. Дулааны улирал элдэв төрлийн харшлын шинж тэмдэг хүмүүст илрэх нь ихсэх болсон. Тиймээс урамшууллын багцдаа харшлын багцыг багтааж өгсөн.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)