Британийн жуулчдыг хэрцгийгээр хөнөөжээ

Хоёр хоногийн өмнө Тайландын Ко Тао дээр амарч байсан хоёр Британи жуулчин хэрцгийгээр алагдсан тухай мэдээ Британи болон Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол мэдээ боллоо.

Даваа гарагийн өглөө нэр гарсан арлын Сай Ри нэртэй наран шарлагын газраас хэрцгийгээр амийг нь хөнөөсөн хоёр жуулчны цогцсыг илрүүлсэн бөгөөд удалгүй тэдгээр нь 24 настай Дэвид Миллер, 23 настай Ханна Вивераж нарын байсныг тогтоожээ.

Хэргийн газар үзлэг хийсэн орон нутгийн цагдаа нар жуулчдыг үүрийн 4-5 цагийн үед алагдсан болохыг тогтоожээ. Эрэгтэй жуулчны дагз, чамархайн хэсгийг цөм цохисон, эмэгтэйн нүүрийг юм ч үгүй болтол нь бяцалсан байж. Хэргийн газраас холгүйхэн цусанд будагдсан малтуур болсныг гэмт хэргийг үйлдсэн зэвэг гэж үзжээ.

Цагдаа нар хэргийн газартай ойрхон байрладаг баар, зоогийн газруудын хяналтын камерын бичлэгийг шалган хэрэг гарахын өмнөхөн ба хойш юу болсныг тодруулжээ. Амиа алдсан хоёр арал дээр тус тусдаа, өөр өөрийн найз нарын хамт ирээд зочид буудалд зэргэлдээх өрөөнүүдэд буусан байна. Орой нь тэр хоёр баар ороод, шөнийн нэг цагийн үед хөтөлцөн баарнаас гарч наран шарлагын газрыг чиглэн явжээ. Наран шарлагын газар үдэшлэг болж 50 гаруй жуулчид оролцсон байж.

Үүрээр дөрвөн цагийн үеэр аллага болсон наран шарлагын газрыг чиглэн ази царайтай эрэгтэй хүн явж байсныг хяналтын камераас олж харсан байна. Энэхүү ази царатай эрэгтэй нь наран шарлагын газрын зүгэлснээс 50 минутын дараа буцан гүйж явааг хяналтын камер бичижээ. Цаг нь таарсан, хэвийн бус зан байдал гаргасан зэргээс үүдээд цагдаа нар түүнийг гэмт хэрэгт холбогдолтой байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Одоогоор бичлэгийн стоп кадрыг тодруулах замаар царайг нь илүү тодруулах ажил явагдаж байгаа аж. Мөн сэжигтнийг арлаас зугатахаас сэргйлэн Ко Тао арлын цорын ганц боомтыг хаасан аж. Мөн мөрдөн байцаалт явуулах ажлын хүрээнд наран шарлагын газрын ойролцоо байдаг мьянмар буюу бирмийн хөлсний цагаач ажилчдын байранд нэгжлэг хийсэн байна. Тэднээс гэмтсэн гар утас хоёр ширхэг, цусны толбо болсон мөн хоёр ширхэг жинс олсныг эд мөрийн баримт болгон хурааж шалгуулахаар явуулав. Үүнээс гадна Бирмийн зургаан цагаачийг түр саатуулан ДНХ-ийн дээж авахаар болсон байна.

Мөн амиа алдсан британичуудтай хамт ирсэн залуучуудын байцаагаад гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон байна.

Тайландын эдийн засгийн хувьд аялал жуучлал, тэр тусам гадаадын аялал жуулчлал маш чухал ач холбогдолтой. Саяхан улс төрийн хямрал болж цэргийнхэн онц байдал зарлаж, гудамжинд цэргээ оруулсан хэрэг гарахад гадаад жуулчдын ирэх тоо эрс цөөрч эдийн засагт нь сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн тул маргалдагч талууд маргаанаа түр зогсоон жуулчдад ямар нэг аюулгүй гэж ухуулж байсан байх жишээтэй.

Бүр өмнө нь Оросын хоёр жуулчин эмэгтэйг хэрцгийгээр алсан хэрэг гарч бөөн дуулиан дэгдэж байв. Тайландад ирж байгаа гадаадын жуулчдын дунд оросууд тоогоор ч тэр, зарлагддаг мөнгөөр ч тэр толгой цохидог. Ийм үед аймшигтай аллагыг хурдан илрүүлэхгүй оросуудын бухимдлыг төрүүлвэл тоо, зарцуулдаг мөнгө нь эрс цөөрнө гэж Тайландын эрх баригчид эмээж байлаа. Цагдаа нар маш шуурхай ажиллан арваад хоногийн дотор хэрэгтнүүдийг илрүүлэн цаазаар авах ял онож оросуудыг тайвшруулсан.

Энэ удаад ч мөн британи жуулчдыг тайвшруулж, Тайландад британичуудын төдийгүй гадаадын ямар ч жуулчдад аюулгүй гэдгийг харуулахын тулд хэргийг богино хугацаанд илрүүлэхээр шургуу ажиллах байх.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)